Рагчаагийн ОЮУН

 

Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарахад дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулахад нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой “Худалдаачин үндэстэн” шинжээч, бизнес эрхлэгчдийн форумыг “Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг хэлэлцэх нь” сэдвийн дор анх удаа зохион байгууллаа. Энэ үеэр Монгол, Хятад хоёр орны олон улсын худалдаа, тээвэр логистик, хил боомт, гадаад хөрөнгө оруулалт, татварын орчин, Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн судалгаагаар мэргэшсэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдээллийг ирсэн зочдод танилцуулав. Анх удаа зохион байгуулж буй "Худалдаачин үндэстэн" форумд зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй хөрөнгө оруулалтаар мэргэшсэн шинжээчид хүрэлцэн ирж салбарынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ арга хэмжээнд Монгол, Хятадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, бодлого боловсруулагчид оролцож, бизнес хөгжүүлэхэд ач холбогдолтой мэдээллийг хүргэсэн юм. Ялангуяа, бизнес эрхлэгчдэд Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, дүрэм журам, хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Хятадаас худалдан авалт хийхэд хамгийн багадаа 86 төрлийн хөнгөлөлт эдэлдэг. НӨАТ-ын буцаалт 13 хувь хүртэл байдаг. Хятадын инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авбал бас буцаалт 15 хувь хүртэл авдаг. Ядууралтай тэмцэж байгаа бүс нутгаас худалдан авалт хийвэл мөн буцаалт авдаг байна.

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлтийг таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын Засгийн газрын зорилт бий. Цаасан дээр үзэглэсэн энэ тоог ажил хэрэг болгоход шинжлэх ухаанч, албан ёсны, үнэн бодит мэдээлэл хангалттай байдаггүй. Тэгвэл Монголын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарах, шинэ түншүүдтэй болох, худалдаа, эдийн засгийн шинэ гарц нэмэх гээд өнөөгийн бизнес, хөрөнгө оруулалтын салбарын хувьд том боломжийг нээх, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тулгараад байгаа саад бэрхшээлүүдийг харилцан ярилцах, хамтран шийдэхэд форумын гол зорилго чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

БНХАУ-аас хэд хэдэн бизнесийн шинжээч, судлаачид урилгаар оролцов. Тухайлбал, БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дафень, БНХАУ-ын Ляонин их сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли, Монгол Улсын БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, биоанагаах ухааны төвийн захирал Жоу Жун нар илтгэл тавьсан юм.

"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлөөс анх удаа зохион байгуулсан "Худалдаачин үндэстэн" шинжээч, бизнес эрхлэгчдийн форум хоёр орны бизнесийнхэнийг холбосон томоохон хамтын ажиллагааны эхлэл болсон ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болсныг оролцогчид болон сонирхон ирсэн бизнесийнхэн сайшаан ярьж байлаа. Ялангуяа зөвхөн хууль эрхзүй зэрэг "хуурай үгс" ярилгүй амьдралд ойр олон жишээ баримт мэдээллүүдийг агуулснаараа өгөөж ихтэй, өргөн цар хүрээтэй, хоёр орны гэлтгүй цаашид бүс нутгийн бизнесийн салбарынхны анхаарлыг татах томоохон ач холбогдолтой форум болсныг дүгнэж байлаа. Тиймээс ч жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Ирэх оны гуравдугаар сард Улаанбаатар хот, БНХАУ-ын Жөжянь мужийн төв Ханжөү хотод нэгэн зэрэг Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтыг зохион байгуулах юм байна. Энэ уулзалтаар дотоод, гадаадын бизнесийн байгууллагуудтай танилцах, холбоо тогтоох, хамтын ажиллагааны санамж, гэрээ байгуулах бололцоог олгох ажээ. Цаашид энэ хоёр арга хэмжээ нь дан ганц Монгол, Хятад гэсэн хоёр улсаар хязгаарлагдахгүй. Ирэх онд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо буюу АСЕАН-ы орнуудын шинжээч, бизнес эрхлэгчдээр форумын хүрээг тэлэх боломжтой юм байна.

 

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга:Хамтрагчаа судлахгүйгээр ашигтай худалдаа хийж чадахгүй

 

-Өнөөдөр бизнесийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, төр, засаг ч гэсэн худалдаа хийж байгаа. Худалдаан дээрээ түнш талаа илүү ойлгож, мэдэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын худалдааны эрх зүйн орчин, тэнд худалдаа хийж байгаа түншүүдээ ойлгож, судлах тал дээр анхаарах ёстой гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд өнөөдөр “Худалдаачин үндэстэн” форумыг анх удаа зохион байгуулж байна. Гол нь Дорнын эдийн засгийн зөвлөл, манай судлаачид үүнд идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хэнтэй ямар худалдаа хийж байгаа вэ гэдгээ хоорондоо судалъя. Энэ үүднээс БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид, худалдааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд ирж Монголын бизнес эрхлэгчдэд илтгэл, танилцуулгаа хийж харилцан ярилцах боломжийг гаргаж өгсөн. Бид хэдийгээр далайд гарцгүй ч гэсэн Хятад улстай 17 боомтоор хиллэдэг нь далайд гарцтай орнуудаас нэлээн давуу талтай. Бид энэ боомтуудаа хөгжүүлж Хятадын муж, аймаг бүртэй худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Монголчууд Хятад гэхээр нэг л улс, нэг хүн шиг харьцдаг. Гэтэл Хятадтай хийх худалдааг хүн амынх нь тоогоор харьцуулахад Монголоос 400 дахин олон хүн амтай. 1.4 тэрбум хүн, 3.5 сая хүн гэхээр 400 өөр хүний хэнтэй нь худалдаа хийх вэ. Хэнтэй нь ямар зүйлийг арилжих вэ. Хэнтэй нь ямар байдлаар хамтрахаа судалж мэдэхгүйгээр ашигтай, амжилттай худалдаа хийж чадахгүй. Тиймээс үүнийг монголчууд судалж, мэдэж, ойлгодог байх нь бидний худалдаа хөгжих, эдийн засгийн хувьд чадавхжих, ашигтай байх нөхцөл бүрдэнэ. Эдийн засгаа тэлэхийн тулд эдийн засгийг нуруун дээрээ тээж байгаа хувийн хэвшил маань энэ чиглэлийн мэдээллээр өөрсдийгөө цэнэглэх хэрэгтэй. Хятад улсын жил бүр экспортолдог экспортын бүтээгдэхүүний жагсаалтыг судлах. Хятад улс руу бүтээгдэхүүн экспортлохын тулд ямар шаардлагыг хангасан байх вэ. Ямар чадвартай байх вэ гэдгээ мэдэх нь чухал. Хятадын бусад улстай хийж байгаа худалдааг тал талаас нь судалж мэдэх нь манай худалдаачдын бизнес үйл ажиллагаа ашигтай байх тулгуур нөхцөл нь. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжинэ.

 

БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ Жан Дафень: Монголын ноос, ноолуурыг их сонирхож байна

 

-Хятадад нүүрсний экспортоос гадна цахим худалдаа их хөгжиж байна. Би өнөөдөр Монголд ганцхан хоногийн хугацаатай ирсэн. Хятадаас олон хүн над руу яриад “Монголын тээвэр, бараа бүтээгдэхүүн, ноос, ноолуурын компанийн талаар судлаад өгөөч” гэсэн. Монгол Улс том газар нутагтай ч хүн ам цөөн. Хамгийн тулгамдсан асуудал бол хүний нөөцийн дутагдалтай. Монголд Хятадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирснээр олон хүний хөрөнгө оруулалт татаж, хүний нөөцийг бий болгоно гэв. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)