Р.ОЮУН

Монгол Улсын сайд, Боомтын сэргээлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга "Худалдаачин үндэстэн" шинжээч, бизнес эрхлэгчдийн форумд "Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах нь" сэдвээр илтгэл тавих үеэрээ Замын-Үүд-Эрээн боомтыг арванхоёрдугаар сарын 1-нээс туршилтаар 24 цагаар ажиллуулахаар БНХАУ-тай харилцан тохиролцсон талаар ярьсан юм. БНХАУ 317 боомттой. Үүнээс 87 нь далайн, 80 орчим нь агаарын, 180 орчим нь авто замын боомт. Монгол Улстай 17 боомтоор холбогддог ажээ. Эх газраар холбогддог 180 боомт дотор 24 цагаар ажилладаг нь Хятад-Оросын Манжуурын боомт бөгөөд Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулах тохиролцоо нь Монголд Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны том үр дүн авчирах юм. Тус боомт 24 цагийн үйл ажиллагаатай болсноор Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон төмөр замын транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний өртөг буурах, түгжрэлийг арилгах, ачааны урсгалыг нэмэх чухал ач холбогдолтой.

Эх сурвалж www.polit.mn