Р.ОЮУН

"Худалдаачин үндэстэн" шинжээч, бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулсан нь Монголын бизнес эрхлэгчдийг Хятадын талаарх шинжлэх ухаанч, үнэн бодит мэдлэг, мэдээллээр хангах зорилготой аж. Энэ үеэр Монгол, Хятад хоёр орны олон улсын худалдаа, тээвэр ложистик, хил боомт, гадаад хөрөнгө оруулалт, татварын орчин, Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн судалгаагаар мэргэшсэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой.  Анх удаа зохион байгуулж буй "Худалдаачин үндэстэн" форумд зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй хөрөнгө оруулалтаар мэргэшсэн шинжээчид хүрэлцэн салбарын талаар хэрэгтэй мэдээлэл өглөө. Энэ арга хэмжээнд Монгол, Хятадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, бодлого боловсруулагчид оролцож, бизнес хөгжүүлэхэд ач холбогдолтой мэдээллийг хүргэсэн юм. Ялангуяа, бизнес эрхлэгчдэд Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, дүрэм журам, хамтын ажиллагааны талаар танилцууллаа. 

Монгол Улсын сайд, Боомтын сэргээлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга "Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах нь" сэдвээр илтгэл тавилаа. 

Замын-Үүд-Эрээн боомтыг арванхоёрдугаар сарын 1-нээс туршилтаар 24 цагаар ажиллуулахаар БНХАУ-тай харилцан тохиролцжээ.

БНХАУ-аас хэд хэдэн томоохон бизнесийн шинжээч, судлаачид урилгаар оролцов. Тухайлбал, БНХАУ-ын Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дафень, БНХАУ-ын Ляонин их сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли, Монгол Улсын БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, биоанагаах ухааны төвийн захирал Жоу Жун нар илтгэл тавьсан юм. Зүүн Азийн худалдаачдын дунд "Намар үрээ бэлд, өвөл талбайгаа торд, хавар хамтын хүчээр тариагаа тарь, зун бүх хүчээ дайчлан ажилла" гэсэн хэлц үг бий. Учир нь хэрэв та бизнесийн салбарт хүчээ сорьж байгаа бол намар мэдлэг, мэдээллээ шинэчил. Өвөл хамтрагчаа эрж хай, хавар түншүүдтэйгээ гэрээ байгуул. Харин зун бүх ажлаа амжуул гэсэн үг ажээ.

БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ Жан Дафень "Монголчууд Хятадын зах зээлд нэвтрэх нь: Хятадын хил дамнасан 165 цахим худалдааны чөлөөт бүсийн мэдээлэл" Шэньжэн ба Монгол Улсын хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьсан юм. 

Мөн "Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлөөс "Худалдаачин үндэстэн" шинжээч, бизнес эрхлэгчдийн форумыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Ирэх оны гуравдугаар сард Улаанбаатар хот, БНХАУ-ын Жөжянь мужийн төв Ханжөү хотод нэгэн зэрэг Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтыг зохион байгуулах юм байна. Энэ уулзалтаар дотоод, гадаадын бизнесийн байгууллагуудтай танилцах, холбоо тогтоох, хамтын ажиллагааны санамж, гэрээ байгуулах бололцоог олгох ажээ. Цаашид энэ хоёр арга хэмжээ нь дан ганц Монгол, Хятад гэсэн хоёр улсаар хязгаарлагдахгүй. Ирэх онд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо буюу АСЕАН-ы орнуудын шинжээч, бизнес эрхлэгчдээр форумын хүрээг тэлэх боломжтой юм байна. 

Эх сурвалж www.polit.mn