Н.Жаргалмаа
Дэлхийн томоохон компаниудын III улирлын тайлан эдийн засгийн шинжээчдийн тооцооллоос давсан үзүүлэлттэй байна. “New York Times” сонин ч мөн зар сурталчилгааны зах зээлийн сэргэлт, хувьцааны өсөлтөөс ашиг хүртэж эхэлжээ. Тодруулбал, улирлын захиалгын орлого 9.4 хувиар өсөж, нийт орлогын гуравны хоёроос илүү хувийг эзэлж байна. Мөн сонины нэгж хувьцаа 29 центээс 37 хүрч өссөн байна.
“New York Times” сонин 2027 онд 15 сая захиалагчтай болох зорилт тавин бүх төрлийн мэдээ, энтертайнмент сурвалжилга, амьдралын хэв маягийн (lifestyle) нийтлэл, подкастаар үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа ажээ. Тэдний хэрэгжүүлж буй бодлого үр өгөөжтэй байгаа нь улирлын тайлангаас харагдаж байна. Учир нь өнгөрсөн гурван сарын хугацаанд 180 мянган захиалагч шинээр нэмэгдэж, онлайн захиалгачдын тоо есдүгээр сард хамгийн их буюу 210 мянгаар нэмэгдсэн байна. Сонины захиалагчдын тоо 9.7 саяд хүрч гүйцэтгэх захирал Мередит Копит Левиен “Энэ бол маш гайхалтай үзүүлэлт. Бид энэ улиралд хамгийн их захиалагчтай болж өмнө нь байгаагүй амжилтыг тогтоолоо” гэж хэлжээ.
Тэдний зар сурталчилгааны орлого жил бүр өмнөх оныхоосоо ойролцоогоор зургаан хувиар өссөн байна. III улирлын орлого 117 сая ам.долларт хүрсэн нь сурталчилгааны зах зээл сэргэж байгааг харуулж байна. Технологийн аварга Мета, "Google" компани энэ өсөлтийг анзаарчээ. Гэвч “New York Times”-ийн зүгээс дээрх үзүүлэлт IV улиралд 4-8 хувь буурч магадгүй гэсэн бол “Cannonball Research”-ийн шинжээч Василий Карасёв "Ирэх улиралд дижитал зар сурталчилгааны зах зээл тийм ч их өөрчлөлт гарахгүй байх. Тиймээс орлого буурах хандлага ажиглагдахгүй байна" хэмээн тайланд дүн шинжилгээ хийх үеэрээ хэлжээ.
Эх сурвалж: www.zms.mn