Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Бид энэ удаад Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн тэргүүн, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайханыг урьж, ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр Япон улсад докторын зэрэг хамгаалж, Номхон далайн Фижи улсын анагаахын сургуульд захирлаар ажилласан анхны бөгөөд цорын ганц Монгол профессор юм. Мөн Олон улсын чихрийн шижингийн холбооноос түүнийг Азийн шилдэг эмчээр өргөмжилсөн билээ.
-Бид мэдээж чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчний тухай ярилцана. Гэхдээ түүнээс өмнө Х.Алтайсайхан гэдэг хүний тухай, таны нутаг ус, бага нас, амьдралын замнал, хувь хүний үзэл санааг олон нийтэд хүргэмээр байна. Болно биз дээ?
-Тийм ээ.
-Та Алтай нутгийн хүн үү. Нэрнээс тань тэгж бодлоо?
-Миний өвөг дээдэс Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат хүмүүс. Засагт хан аймгийн Дайчин вангийн хошууны ард иргэд байсан. 1960-аад оны эхээр нэгдэлжих хөдөлгөөн орон даяар эхлэхэд өвөө маань мал аж ахуйгаа нэгдэлд тушаагаад хот руу ирж хотын хүмүүс болцгоосон гэдэг. Аав ээж маань Улаанбаатарт гал голомтоо бадраасан анхны хүүхдээ буюу ахыг маань бас энд төрүүлсэн. Харин ээж минь намайг төрүүлэхдээ их сургуулийн өвлийн амралтаараа манай эмээ дээр буюу Говь-Алтай аймагт очиж төрүүлсэн байдаг юм. Өвлийн ид хүйтэнд, нэгдүгээр сарын 20-нд Говь-Алтай руу онгоцоор явж, онгоцонд өвдсөөр аймгийн төвд дөнгөж буухад нь би хорвоод мэндэлжээ. Үүнийг хувь тохиол гэж боддог доо. Өвөг дээдсийнхээ нутагт очиж, хүйгээ боолгох хувьтай байжээ гэж залбирдаг. Алтай нутгийг зорин очиж мэндэлсэн учраас аав минь надад Алтайсайхан гэдэг нэр хайрласан юм билээ. Ер нь манай удмынхан их сонин нэртэй хүмүүс байдаг.
-Нутагтаа очиж байна уу. Таны өвөг дээдэс ямар хүмүүс байв?
- Миний өвөө аавын авга, ах нар нь Говь-Алтай аймгийн Тонхил сумандаа Усан зүйлийн хүрээ гэж 1000 гаруй ламтай хүрээнд шавилхан суудаг байсан. 1937 онд хэлмэгдүүлэлтийн их шуурганд өвөг дээдэс минь өртөж явжээ. Харин өвөөг маань “Цаг зэвүүн болох нь ээ. Хот орон газар бараад. Лам байгаад хэрэггүй” гэсэн гэдэг. Тэгээд өвөө минь хийдээ орхиж, малчин болоод удахгүй хот газар бараадсан түүхтэй. Өвөө минь аав, ах дүү нараа хэлмэгдүүлэлтийн их шуурганд алдахдаа өөрийн хэмжээнд дотоод сэтгэлдээ шаналсаар байсан. Тэр тэмцэл цөхрөлийн нэг илэрхийлэл нь хүүхдүүдийнх нь нэр байсан юм билээ л дээ. Хамгийн анхны хүүхдээ Сэсээр гэж нэрлэсэн. Тухайн үеийн СССР улс юм даа. Үүгээрээ өвөө минь монголчууд эв нэгдэлтэй, нэгдэл байх ёстой гэсэн санаагаа илэрхийлж холбооны маягийн нэр өгч байжээ. Дараа нь, миний аавд Хасаг, тэгээд дүүд нь Чантуу, Торгууд гээд дандаа монгол үндэстэн ястнуудынхаа нэрийг хайрлажээ. Ялангуяа баруун аймгийн Засагт ханыхан бол баруун хязгаараа нэгтгэсэн түүхтэй ард түмэн юм гэдэг санааг хүүхдүүдийнх нь нэрнээс харж болох агуулгатай.
-Таны бага нас Улаанбаатарын хаана өнгөрөв. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Миний ээж есөн хүү төрүүлсэн. Дандаа эрэгтэй. Хоёр дүү минь багадаа эндэж, долоон эрэгтэйтэй нэг гэрт бужигнаж өслөө. Миний хүүхэд нас Улаанбаатарт зурагтын антений доор өнгөрсөн дөө. Нийтийн аж ахуйн үйлчилгээний харьяа автобаазад аав минь жолооч. Ээж минь нягтлан бодогч хийдэг. Баазын ажилчдын байр гэж Хонхорын 80 айлын орон сууцанд өссөн. Нийслэлийн 28 дугаар сургуульд анх суралцаж байсан. Удалгүй гуравдугаар хороолол байгуулагдахад 40 дүгээр сургууль руу шилжин суралцаж, төгссөн. Аав минь 80 нас хүрээд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Ээж минь 78 настай, одоо үр хүүхэд ач зээ нараа тойруулсан хөгшин байна. Би гурван хүүхэдтэй. Би хүүхдүүддээ өвөө шигээ айхтар түүх бодож нэрийг нь хайрлаагүй ээ. Гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлдөж байгаад л өгсөн. Миний гэр бүлийн хүн манай арван жилийн хүүхэд. Бид долдугаар ангидаа танилцаж тэр л үеэс бие биенээ харж, ханилсан улс. Миний эхнэр Адьяамаа сувилагч мэргэжилтэй. МУИС-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Олон төрлийн ном бичсэн. Монголын түүх, өв соёл, зан заншил, урлагийн талаар судалгаа хийж, соён гэгээрүүлэх чиглэлд ажиллаж байна. Номнууд нь англи, франц, япон, солонгос хэлээр хэвлэгдсэн. Эхнэртэйгээ мөн л хувь ерөөлөөр учирч, түүнийхээ үгэнд орж ажил мэргэжлээ сонгожээ. Хорооллын 40 дүгээр сургууль байгуулагдахад эхнэр маань төвийн нэгдүгээр сургуулиас шилжиж очиж байлаа. Надтай л учрах гэж хотын төвөөс захын хорооллын сургууль руу очиж дээ гэж би боддог.
-Та хувь тохиол гэдэг зүйлд итгэдэг бололтой. Тантай хэсэгхэн хоромхон ярилцахад ярианаас тань олон удаа энэ үгийг сонслоо?
-Тийм ээ. Хүний амьдралд хувь ерөөл бүхэн учир жанцантай. Өөрийн амьдралаа эргэн хараад дүгнэхэд ч хувь тохиолоор дүүрэн байжээ. Тэдгээр хувь тохиолын нийлбэр, нийлэмж өнөөдрийн Алтайсайхан гэдэг хүний амьдрал, алдар нэр бүхий л зүйлийг бүтээжээ. Есөн хүүхэдтэй айл байхад ганцхан би Говь-Алтайд очиж төржээ. Хүний оноосон нэр, төрсөн газар нь тухайн хүнийнхээ хувь тавилан байдаг юм уу даа. Яаж амьдрах уу, ямар хувь заяатай байх уу гэдэгт нь хүртэл төрсөн газар оноосон нэртэй холбоотой гэдэгт итгэж явдаг даа. Аавтайгаа холбоотой нэгэн түүхийг хуучилахад, миний аав тээврийн жолооч хүн байсан учраас гэртээ ховор ирнэ. Зам харгуй, машин техник хэцүү хатуу цаг үе байлаа. Тийм үед холыг ойртуулж байсан жолооч нар Монгол Улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан даа. Аав минь их ажилсаг. Биднийг маш сайхан юугаар ч дутахгүй өсгөсөн. Тэр үед аавтайгаа их ховор уулзана л даа. Гэхдээ уулзахаараа шууд ойлгоход хэцүү их жинтэй үгнүүд хэлнэ. Хүүхдүүдээ маш их ажиглана. Ажил мэргэжлийг нь бараг л дотроо сонгочихно. Гэхдээ шууд хэлэхгүй л дээ. Намайг машины тос, дугуй, тоос шороо руу ойртуулдаггүй байлаа. Очоод туслах гэхээр “Чи хэрэггүй, гэртээ ор ” л гэдэг. Бусад ах дүү нар маань аав ирлээ гээд л очоод туслаад намайг очихоор чи яах юм гэнэ. Жаахан гомддог л байсан даа. Гэтэл үүний цаана асар том философи байсныг дараа нь л ойлгосон. “Миний хүү гараа хайрла” гээд далд утгаар анхааруулж, их нарийн ажиглаж байсан юм байна. Одоо миний нэг дүү эмч. Бид хоёрыг яг л адилхан өөрийнхөө ажилд ойртуулдаггүй байлаа. Тэр хоёр хүү нь хоёулаа эмч болсон. Хоёулаа Япон улсад доктор хамгаалсан. Энэ бас л нэг сайхан хувь тохиол биз дээ.
-Аав тань таныг анхнаасаа мэдэрч байжээ. Гэхдээ та ямар хувь тохиолоор яг энэ мэргэжлийг сонгочихов?
-Яг мэргэжлээ сонгох гэтэл надад зааж, зөвлөөд өгөхгүй хүн байсангүй. Гэтэл миний ирээдүйн эхнэр, миний ширээний найз, ангийн охин маань энэ замд хөтөлсөн юм. Ангийнхаа охиноос асуулаа “Чи ямар мэргэжил сонгох гэж байна” гээл. Эмч болно оо л гэж байна. Тэгээд л найз охиноо дагаад ирээдүйд хоёулаа гэр бүл болно. Адилхан мэргэжилтэй болох юм байна гээд хоёулаа шалгалтдаа орсон. Эхнэр маань сувилахуйн сургууль авсан. Би мултарсан. Гэтэл бас нэг хувь ерөөл тохиосон юм. Би хуваарьгүй болчихоод цэрэг татлагын комисс ирчихсэн. Цэрэгт явах уу, сургууль орох уу гэдэг хоёр л сонголттой байсан л даа. Цэрэг татлагын комиссоор ирсэн ахмад “За явах уу” л гэж байна. Би ч ”Үгүй ээ. Би анагаахын дээдэд орох гэж байгаа” гэтэл “Чиний эмч болох гэж хаашаа харсан юм байдаг юм. Цэрэгт яваарай” л гэж байна. За тэгээд хуваарьгүй болсон цэрэгтээ явъя даа гээд байж байтал тэр үеийн хоёр сайдын хамтарсан тушаал гэдэг зүйл гарч Анагаахын сургуулийн бэлтгэл анги гэдэг зүйлийг анх удаагаа эхлүүлэхээр болсон байдаг юм. 1984 он юм даа. Ингээд би цэргийн албанаас мултарч, анагаахын бэлтгэлдээ үлдсэн дээ. Тэр нэг жилийн хугацаанд одоогийн Эх нялхас буюу тэр үеийн Гандангийн хүүхдийн больницад асрагчаар ажилласан. Эмнэлгийн шал угаахаас ажлаа эхэлсэн. Намжилмаа гэж чих, хамар, хоолойн том профессор эмчийн удирдлага дор их зүйл сурсан. Надтай хамт тэр үед нэг жил асрагчаар ажиллаад анагаах төгссөн эмч нар их мундаг эмч нар болсон. Манай курсээс гэхэд 10 гаруй хүн сургуульдаа багшаар үлдсэн. Зургаа нь профессор болсон. Хүний гавьяат эмч, доктор олон төрлөө. Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатар бид мөн л мөр зэрэгцэн асрагч хийж, шал угааж явсан улс шүү дээ. Мөн манай курсийг их сургууль төгсдөг жил Анагаах ухааны дээд сургууль маань Их сургуулийн статустай болсон. Тэгэхээр бид анхны асрагч нар, анхны их сургуулийн ромбо , дипломтой төгссөн эмч нар юм даа. Ингээд 1991 онд сургуулиа төгсөөд түүнээс хойш 32 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.
- Та сургуулиа төгсөөд шууд багшаар үлдсэн зургаан төгсөгчийнх нь нэг юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Би өөрийгөө, миний багш ч намайг яг гарын шавиа гэж боддог, хүлээн зөвшөөрдөг, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хүн хүн бол Ардын багш, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Ц.Лхагвасүрэн багш минь юм. Багш маань намайг төгсөх үед Анагаахын сургуулийн сургалтын албаны дарга болсон. Манай сургуульд яг л өөрчлөлт шинэчлэлийн үе эхэлж байсан үе л дээ. Тэр үед социалист орон байсан учраас их дээд сургуулиудад нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүд их ордог байсан. Хүний их эмч болох гэж байгаа оюутнуудад мэргэжлийн хичээлээс нь гадна МАХН-ын түүх, ЗХУ-ын Коммунист намын түүх, Марксизм, Ленинизмын онол гээд 1200 гаруй цагийн нийгмийн ухааны хичээл орно. Тэгээд эдгээр хичээл нь дандаа улсын шалгалттай. Мэс заслын хичээл нь 900 цаг, хамгийн чухал буюу дотрын эмчилгээний хичээл нь 600 гаруйхан цаг байсан. Ийм байж болохгүй, үүнийг өөрчлөх ёстой, гадаад хэл, компьютер сурах хэрэгтэй гэсэн байр суурийг Ц.Лхагвасүрэн багш минь илэрхийлж, намайг шавийн хувьд энэ өөрчлөлтийг хамтран хийхийг хүссэн учраас би сургуульдаа багшаар үлдэж байлаа. 1992 онд тэрхүү сургалтын төлөвлөгөөг өөрчилж, анагаах ухааны сургуульд реформ хийсэн. Өмнөх сургалтын хөтөлбөрөөс хөрсөнд нь суусан зүйлүүд маш их байсан учраас энэ өөрчлөлт амар байгаагүй. Маш хэцүү байсан. Багш маань өөрийнхөө багш нарын ярьж хэлж байсныг “үгүйсгэж” энэ өөрчлөлтийг хийсэн юм. Эсэргүүцэл ч нэлээд байсан даа. Би энэ том өөрчлөлтийг хийхэд багшдаа тусалсан л төдий. Гэхдээ маш их зүйл сурсан. Сургалтыг өөрчилнө, төлөвлөнө гэдэг тусдаа том шинжлэх ухаан юм билээ. Мөн энэ өөрчлөлт хувь хүн талаас маань ч Алтайсайхан гэдэг хүнийг эвдсэн, миний нүдийг нээсэн ийм өөрчлөлт болсон юм. Англи хэл гэж огт мэдэхгүй ч багш маань намайг дагуулаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сургалтад байнга суудаг байлаа. Түүнээс би эмч хүн англи хэлгүй бол болохгүй юм байна гэсэн ойлголтыг өөртөө тусгаж авсан. Мөн нэг сонин, инээдтэй зүйл нь ДЭМБ-ын сургалтад суухдаа анх удаа африк, өнгөт арьстай хүн харж их л айж, цочирдож хөглөж явлаа даа. Тэгж явахдаа ч би бас л дараагийн хувь тохиолтойгоо таарсан байдаг юм.
-Таныг тэгээд ямар хувь тохиол хүлээж байв?
-Анагаахын сургууль маань сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт шинэчлэл хийж, овоо нэг жигдрээд байв. Тухайн үед сургуулийнхаа коридорт нэг англи хүн таарч, мэндлээд ариун цэврийн өрөө асуухаар нь зааж өгөөд өнгөрсөн юм. Тэгээд тэр хүн баярлаад миний нэрийг нэг цаасан дээр бичүүлж аваад явсан. Хэсэг хугацаа өнгөрөөд байтал нэг өдөр Английн ЭСЯ-наас ирж уулз гэдэг юм байна. Тэгээд очсон Английн элчин нөгөө сургууль дээр таарсан хүний зургийг харуулаад таних уу гэж байна. Тэгсэн энэ хүн мундаг цэргийн эмч байгаа юм. Хөгжиж байгаа орнуудаас залуучууд сонгож, гэртээ байлгаж англи хэл, англи улсын эрүүл мэндийн тогтолцоотой танилцуулдаг. Ялангуяа өрхийн эмнэлгийн талаар сургалт нь их чухал. Таныг Англи улсад гэртээ урьсан байна гэдэг юм байна. Ингэж би анх удаа гадаад пасспорт авч, анх удаа онгоцонд сууж, анх удаа гадаад оронд хөл тавьсан минь Англи улс байлаа. Оксфордын их сургуулиас эхэлсэн миний англи хэл амьдралыг минь бараг орвонгоор нь өөрчилсөн дөө. Тэнд гурван сар сурсан англи хэлээрээ би ДЭМБ-ын байгууллагын шалгалт өгч Малайз улсад мэргэжил дээшлүүлж байлаа. Японы Засгийн газрын тэтгэлгийн шалгалтад орж, тус улсад мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан даа. Англид намайг урьсан хүн. Цэргийн мундаг эмч, профессор хүн байсан. Хятад, ОХУ-аас гээд олон орноос залуучуудыг аваачиж сургадаг. Өөрөө ганцаараа амьдарна. Дандаа эрэгтэй эмч нарыг шилж авч явдаг. Монголд ирээд ганцхан анагаахын сургууль байгаа. Тэрийг нь заалгаж очоод надтай таарч, хууч хөөрөөд л би сонгогдсон. Үүнийг хувь тохиол, хувь заяа гэхээс өөр юу гэх вэ, тийм ээ. Тэгээд би Англид гурван сар болж ирээд анагаахын сургуульдаа өөрийн ажлаа хийж эхэлсэн. 1996 он хүртэл сургуульдаа нөгөө том өөрчлөлт шинэчлэлийн үр, ногоо цухуйж эхлэх хүртэл Ц.Лхагвасүрэн багшийнхаа дэргэд байсан юм даа. Түүний дараахан д аав минь надад нэг дохио өгсөн юм. Сургуулийнхаа захиргааны зөвлөлийн хурал дээр сууж байтал дүү маань аав хурдан ир гэж байна гэлээ. Хурлын дундуур хаяад гарч болдоггүй. Хурлаа дуусгаад аавындаа очлоо. Надтай дуугардаг ч хүн байдаггүй. Нэг дүү маань “Ээжийн бие муудаад нэгдүгээр эмнэлэгт хэвтчихлээ” гэдэг юм байна. Яаран гарах гэтэл аав “Ганц эмч хүүтэй боллоо гэж бодсон чинь эхийгээ үхэх гэж байхад ирдэггүй юм байна” гэлээ. Аавын минь энэ үг миний толгой руу цохиод авах шиг л болсон. Би ер нь эмчээрээ ажиллах ёстой юм байна гээд маргааш нь шууд багш дээрээ очоод хэлсэн. Багш маань эмчээрээ ажиллахыг дэмжсэн. “Чи зөв шийдсэн байна. Маш хүнд хэцүү цаг үеийг хоёулаа хамт тууллаа. Энэ бол түүх болж үлдэнэ. Багш нь бамбай булчирхайн чиглэлээр судалгаа хийсэн. Яваандаа чихрийн шижингийн өвчлөл ихсэх магадлалтай байна. Тиймээс чи энэ чиглэлээр мэргэшвэл яасан юм гээд нэгдүгээр эмнэлэгт дотоод шүүрлийн эмчээр явуулж байлаа. 30 жилийн өмнө багш маань чихрийн шижингийн өвчлөлийг ХХI зуунд их том асуудал дагуулна гэдгийг олж харж намайг чиглүүлжээ. Би тэр л үеэс хойш энэ чиглэлд мэргэшиж явна даа.
-Япон улсад докторын зэргээ хамгаалжээ. Чихрийн шижингийн чиглэлээр хамгаалсан уу. Эмч хүний хувьд япон орон ямар байв?
-Япон улс Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжихэд хамгийн их тус болсон. Цахилгаан станцаас нь эхлээд хүний нөөц бэлдэхэд хувь нэмрээ оруулсан. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг авахад мэдээж хэцүү. Хэдэн зуун хүн шалгалт өгнө. Түүнээс 2-3 хүн л авдаг байлаа. Англид очиж, хэл сурсны гавьяагаар би тэтгэлэгт тэнцсэн. Японд очоод мундаг багштай учирсан. Бас л сайхан хувь заяа. Японы Эзэн хааны гэр бүлээс гаралтай, мундаг элит, АНУ-д докторын зэрэг хамгаалсан, Киотогийн их сургуулийн профессор хүн намайг тосч авсан. Миний докторын ажлыг удирдсан. Чихрийн шижинтэй болсон хүмүүсийн бөөрний үйл ажиллагаа муудаж, цус багадалтад ордог. Тэр механизмыг эсийн үүсгэвэр дээр судалж, даавраар эмчлэх аргыг нээж докторын ажлаа хамгаалсан. 1997 онд би гэр бүлээ аваад Японд очсон. Тэр үед манай улсад эдийн засгийн нөхцөл амар байгаагүй. Тэгээд Японд очоод эмч хүн цалингаараа сайхан амьдарч болох юм байна гэдэг ойлголтыг хамгийн түрүүнд авч байлаа. Хөгжсөн орны иргэдийн цалин амьдралд нь хүрдэг юм байна, өртэй байдаггүй юм байна гэдгийг 1997 онд очоод мэдэрсэн гэхээр одоо юу билээ. Мөн профессор багшаасаа маш их зүйл сурсан. Монголдоо очоод энэ хүн шиг мундаг эрдэмтэн болно гэж бодсон. Яг ийм их сургуулийн эмнэлэгтэй болно гэж зорьсон. Монголдоо ирээд Анагаахын их сургуулийн захирлаар таван жил, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал проректороор гурван жил ажиллаж яг л япон багш шигээ профессор болсон байна. Мөн Монголдоо ирээд эмнэлгүүдийг байгуулсан. АШУИС-ийн төв эмнэлэг “Эрхэс”, Япон Монголын хамтарсан эмнэлгийн төслийг бичиж, маш олон удаа гэрээ хэлэлцээ хийж төслийг амжилттай дуусгасан. Япон Монголын эмнэлгийн анхны захирлаар нь томилогдож байлаа. Японд таван жил сурч байхдаа бодож мөрөөдөж зорьсон минь Монголд ирээд бодит биелэлээ олсон доо. Мөн Япон соёл, амьдралын хэв маягаас маш их зүйл сурсан. Манай хоёр том хүүхэд маань тэнд сурч байлаа. Сайн япон хэлтэй болсон. Том охин маань Монголд ирээд МУИС-ийн гадаад харилцааны сургуулийг 19 насандаа төгссөн. Дахиад анагаахад сураад одоо Японы Кюшүгийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Хүү маань Анагаахын ухааны их сургууль төгссөн. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаад одоо хувийн бизнес хийж байна. Ер нь Япон улс хүүхдүүдэд маань их сайхан эерэг өөрчлөлтүүдийг авчирсан гэж болно.
-Японоос ирээд сургуульдаа тэнхэмийн эрхлэгчээр томилогдон ажилласан юм билээ. Ер нь эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хэдэн жилд “дарга” хийсэн юм бэ?
-30 гаруй жил ажиллахдаа тал хувьд нь даргаар ажилласан байна. Тэнхэмийн эрхлэгчээр ажиллаж байгаа 2003 онд Анагаах ухааны их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болсон байдаг. Тэр үед Ц.Лхагвасүрэн багш маань ректороор нь ажиллаж байсан. Дахин намайг дуудаад одоо дараагийн реформыг хийнэ гээд Анагаах ухааны их сургуулийнхаа захирлаар намайг томилсон байдаг. Би тэгэхэд 35 настай байлаа. Тэнхэмийн эрхлэгч нарынхаа хурлыг хийх гэсэн дандаа алдартай багш нар маань байсан. Эргээд багш нар маань миний цэргүүд болсон байлаа. Тэдгээр хүмүүсд хүлээн зөвшөөрөгдөх сайхан байсан даа.
-Таны амьдралын бас нэг сонин хувь тохиол л Фижи улсад ажиллаж амьдрах байсан болов уу?
-Тийм шүү. 2011-2016 онд Номхон далайн Фижи улсын анагаахын их сургуулийн захирлаар ажилласан. Энэ маань монгол хүн анх удаа гадаадын их сургуулийн захирлаар ажилласан тохиолдол. Ийм тохиолдол байхгүй байх аа. Фижи бол английн колони байсан улс шүү дээ. Энэ улс 1978 онд колониос гарсан. Одоо өөрийн ерөнхийлөгчтэй бие даасан улс. Гэхдээ бүх харилцаа нь англи. Үндсэн хэл, мөнгөн тэмдэгт нь хүртэл. Гурван сая орчим хүнтэй. Хоёр сая нь Австрали, Шинэ зеландад, нэг сая орчим нь нутагтаа амьдардаг ийм онцлогтой. Миний захирлаар нь очиж ажилласан сургууль нь 120 гаруй жилийн өмнө байгуулагдсан түүхтэй тийм сургууль. Анх ДЭМБ-д ажиллаж байсан фижи гаралтай нэг доктор захирлын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байгааг хэлээд намайг материалаа өгөхийг санал болгосон юм. Ингээд тэнцэж бага хүүгээ дагуулаад тус улс руу явсан даа. Манай гэр бүлийн бусад гишүүн явахыг зөвшөөрөөгүй. /инээв/ Миний хүү тэнд таван настай очоод 10 настай ирсэн. Жинхэнэ утгаараа англи хэл сураад ирсэн дээ. Би тэр сургуульд очоод олон өөрчлөлт хийсэн. Мөн тухайн бүс нутаг маш их чихрийн шижинтэй. Удам зүйн шинжтэй болоод олдмол өвчлөл ихтэй. Тэр утгаараа би мэргэшлийнхээ дагуу бас ажилласан. Фижи нутгийн ард түмэн надад үзүүлэх их дуртай. Их хайртай байлаа. Тэнд ажилласныг минь үнэлж Олон улсын чихрийн шижингийн холбооноос мөн Азийн шилдэг эмч шагналаа өгсөн. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр гурван удаа улиран сонгоод байна. Миний амьдрал олон хувь тохиолын нийлбэр юм даа. Намайг энэ чиглэлд сурган хүмүүжүүлсэн багш нарын маань ач гавьяа юм даа хэмээн залбирч явдаг даа.
-Чимээгүй тахал гэгдээд байгаа чихрийн шижин өвчний тархалт нөхцөл байдал ер нь олон улсад ямар байна вэ?
-Олон улсын чихрийн шижингийн холбооноос хоёр жил тутам Diabetes Atlas гэх тайлан, мэдээг гаргадаг. Тус тайлан мэдээнд дурдсанаар 2021 онд дэлхийн хэмжээнд 537 сая хүн чихрийн шижингээр өвдсөн байна. Дээрх тоон үзүүлэлт 2030 он гэхэд 643 сая болох магадлалтай. Цаашлаад 2045 он гэхэд 783 сая болж, огцом нэмэгдэх тооцооллыг гаргасан. Чихрийн шижингийн хэв шинжтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогддоггүй. Шинж тэмдэг нь бүдэг илэрдэг учраас хожуу оношлогдох аюултай. Өөрөөр хэлбэл чихрийн шижинтэй иргэдийн 44 хувь нь оношлогдохгүй байна. Дэлхий дээр 240 сая чихрийн шижинтэй мөртлөө оношлогдохгүй байна гэсэн тоо баримт бий. Чихрийн шижинтэй дөрвөн хүн тутмын гурав нь хөгжиж байгаа бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн шижин өвчний судалгааг анх 1999 онд хийсэн байдаг. Тухайн үед 35-аас дээш насны монголчуудын 3.1 хувьд нь Чихрийн шижингийн хэв шинж хоёр тохиолдож байсан. Үүнээс хойш 20 жилийн дараа яг адил аргачлалаар хүн амыг хамруулж судалгаа хийхэд 10.8 хувь болж гурав дахин өсжээ. Өөрөөр хэлбэл 1999-2019 оны хооронд чихрийн шижингийн өвчлөл монголчуудын дунд маш эрчимтэй өссөн байна. Олон улсын чихрийн шижингийн тайлан мэдээнд Монгол Улсын тоо баримтыг дурдсан байдаг. Тодруулбал манай улсын 20-79 насны 1000 хүн тутамд 150 нь чихрийн шижинтэй байх магадлалтай. Үүнийг хоёр сая хүн амд бодвол 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай. Гэтэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дотоод шүүрэл судлалын эмч нарын хяналтад 30000 ч хүрэхгүй хүн үзүүлж байна. Иймээс манай улсын чихрийн шижингийн оношилгоо ердөө 10 хувьтай байна. Үлдсэн 90 хувийг нь оношилж чадахгүй байгаа.
-Сүүлийн үед хүн амын дунд тархалт нэлээд өндөр байна. Тэгэхээр чихрийн шижингийн өвчлөл их байх үндэс нь юу юм бэ?
-Чихрийн шижин өвчин шинж тэмдэггүй удаан явдаг. Тиймээс хожуу буюу хүндэрсэн үедээ оношлогдох тохиолдол их байдаг. Чихрийн шижин дотроо хэв шинж нэг, хэв шинж хоёр зэргээр өөр хэлбэртэй байдаг. Бид чихрийн шижингийн хэв шинж хоёрын талаар түлхүү ярина. Энэ нь насанд хүрсэн хүнд түлхүү тохиолддог. Гол шалтгаан нь ард иргэдийн дунд тархсан биеийн жингийн илүүдэл, архи тамхины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг эрсдэлт хүчин зүйлээс хамаарч байгаа. Мөн удамзүйн нөлөө бий. Эцэг эх нь чихрийн шижинтэй бол хүүхдүүд нь энэ өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг.
-Өвчний нэлээд сүүлийн шатанд оношлогддог гэлээ. Эхэн үед нь энэ өвчнийг барьж авах боломжгүй юу?
-Эхний ээлжид эрсдэлийн үнэлгээг өвдөөгүй байсан ч хийлгэнэ. Хэрэв өндөр эрсдэлтэй байвал шинжилгээ хийнэ. Харин нэгэнт хүндэрсэн бол шинж тэмдэг тод илэрдэг. Тухайлбал, богино хугацаанд турах, ам их цангах, шээх зэрэг. Эсхүл хөл гар бадайрах, хараа муудах, нүд бүрэлзэх хүндрэлийн шинж гарч болно. Ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй.-Чихрийн шижин хоёр гэдэг хэв шинж нь нийт чихрийн шижин өвчний 80-90 хувийг эзэлдэг. Харин бусад нь цөөн хувийг эзэлдэг гэсэн үг. Гэхдээ чихрийн шижингийн хэв шинж нэг нь хүүхэд залуучуудад түлхүү тохиолддог. Хүний нойр булчирхайнаас инсулин гэдэг даавар ялгарч байх ёстой. Тэр нь сахрын хэмжээг барьж, тогтоож байдаг юм. Инсулин нь ялгарахаа больчихвол инсулиныг өөртөө тарьж байх ёстой хүнд хэлбэрийг нэгдүгээр хэлбэр гэдэг. Нөгөө хэсэг нь жирэмсний чихрийн шижин. Жирэмсний үед бодисын солилцооны өөрчлөлтөөс болж цусны сахар ихсэж чихрийн шижин болдог. Тухайлбал, зургаан жирэмсэн эхийн нэг нь жирэмсний чихрийн шижинд өртөх магадлалтай. Тэгэхээр жирэмсэлбэл чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ, цусны сахрыг үзүүлж байх ёстой.
-Удамшил нэлээд өндөртэй гэж таны ярианаас ойлгогдлоо. Эмчилгээ эдгэрэл хэдэн хувьтай байх уу
-Энэ өвчний удамшлын хэлбэр маш өндөр эрсдэлтэй. Эцэг эх нь чихрийн шижинтэй байвал хүүхдүүд нь 50-60 хувийн өвчлөх магадлалтай. Жирэмсэн үед цусанд нь сахар ихсэж байгаа, жирэмсний хожуу үеийн хордлого өгч байгаа, хүүхэд нь дөрвөн кг-аас хүнд жинтэй төрж байгаа нь чихрийн шижинтэй байх магадлал маш өндөр байгаагийн илрэл. Эмчилгээний хувьд тухайн хүнээсээ хамаарна. Тухайн өвчтөн эрсдэлийг бууруулах хүсэлтэйгээр тамхи татдаг бол тамхиа багасгах, илүүдэл жинтэй бол жингээ бууруулах чин эрмэлзэлтэй байх ёстой. Монголчуудын дийлэнх нь хүний өмнөөс өвдчихсөн юм шиг эрүүл мэндээ хүнд даатгачихаад байна шүү дээ. Буруу хооллолттой учраас чихрийн шижинтэй болчихоод байна гэж хэлээд байхад зан үйлээ өөрчилж, өөрөөсөө хамаарах зүйлээ хийе гэж хичээдэггүй. Бүх юмаа хүнд даатгаж орхиод эм, эмч хайгаад яваад байдаг. Бас дуудахаар ирэхгүй. Уг нь, архаг өвчин учраас байнгын хяналтад байх ёстой. Ер нь өөрөө эмчилж, өвчнөө хянах чин эрмэлзэл хэрэгтэй. Эмчээс 20, 30 хувь нь л хамаарна. Чихрийн шижингээр өвдөж олон жил хянасан, хүндрэл гараагүй сайн жишээ олон бий. Тухайн хүний боловсролын түвшин, хандлагаас хамаардаг даа.
Эшлэл:
♦ 2021 онд дэлхийн хэмжээнд 537 сая хүн чихрийн шижингээр өвдсөн байна. Дээрх тоон үзүүлэлт 2030 он гэхэд 643 сая болох магадлалтай. Цаашлаад 2045 он гэхэд 783 сая болж, огцом нэмэгдэх тооцооллыг гаргасан.
♦ Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн шижин өвчний судалгааг анх 1999 онд хийсэн байдаг. Тухайн үед 35-аас дээш насны монголчуудын 3.1 хувьд нь Чихрийн шижингийн хэв шинж хоёр тохиолдож байсан. Үүнээс хойш 20 жилийн дараа яг адил аргачлалаар хүн амыг хамруулж судалгаа хийхэд 10.8 хувь болж гурав дахин өсжээ.
♦ Чихрийн шижин өвчин шинж тэмдэггүй удаан явдаг. Тиймээс хожуу буюу хүндэрсэн үедээ оношлогдох тохиолдол их байна.
♦ Гэтэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн дотоод шүүрэл судлалын эмч нарын хяналтад 30000 ч хүрэхгүй хүн үзүүлж байна. Иймээс манай улсын чихрийн шижингийн оношилгоо ердөө 10 хувьтай байна. Үлдсэн 90 хувийг нь оношилж чадахгүй байгаа.
♦ Гол шалтгаан нь ард иргэдийн дунд тархсан биеийн жингийн илүүдэл, архи тамхины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг эрсдэлт хүчин зүйлээс хамаарч байгаа. Мөн удамзүйн нөлөө бий. Эцэг эх нь чихрийн шижинтэй бол хүүхдүүд нь энэ өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг.
♦ Эхний ээлжид эрсдэлийн үнэлгээг өвдөөгүй байсан ч хийлгэнэ. Хэрэв өндөр эрсдэлтэй байвал шинжилгээ хийнэ. Харин нэгэнт хүндэрсэн бол шинж тэмдэг тод илэрдэг. Тухайлбал, богино хугацаанд турах, ам их цангах, шээх зэрэг. Эсхүл хөл гар бадайрах, хараа муудах, нүд бүрэлзэх хүндрэлийн шинж гарч болно. Ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй.
♦ Хүний нойр булчирхайнаас инсулин гэдэг даавар ялгарч байх ёстой. Тэр нь сахрын хэмжээг барьж, тогтоож байдаг юм. Инсулин нь ялгарахаа больчихвол инсулиныг өөртөө тарьж байх ёстой хүнд хэлбэрийн өвчлөл олон улсад нэмэгдэж байна.
♦ Эмчилгээний хувьд тухайн хүнээсээ хамаарна. Тухайн өвчтөн эрсдэлийг бууруулах хүсэлтэйгээр тамхи татдаг бол тамхиа багасгах, илүүдэл жинтэй бол жингээ бууруулах чин эрмэлзэлтэй байх ёстой. Монголчуудын дийлэнх нь хүний өмнөөс өвдчихсөн юм шиг эрүүл мэндээ хүнд даатгачихаад байна шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 223 (7208)