Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Бат эхнэр, хоёр хүүхдийн хамт аав, ээжийнхээ хажуу өрөөнд амьдардаг. Залуусын сарын орлого 3.5 сая төгрөг. Том нь дунд сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг ажээ. Хэдийгээр залуус амьдралын өдөр тутмын хэрэгцээний зардалд мөнгө гаргадаггүй ч сарынх нь орлого хүрэлцэхгүй, шахам. Үүнд учир бий. Нэгдүгээрт, үнийн өсөлт тэдний тогтмол зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Хоёрдугаарт, сар тутам хуримтлалдаа хийдэг орлогоо зарим үед хийх боломжгүй болох ч энүүхэнд. Нэг өдөр өрхийн тэргүүн албан тушаал ахиж, сарын цалин нь нэмэгдэн Батынх сард зургаан сая төгрөгийн орлоготой болов. Орлого нэмэгдсэн учраас эхнэр ээмэг, бөгж авахыг хүсч байгаагаа нөхөртөө хэлжээ. Харин нөхөр машинаа томруулах санал гаргав. Тэд ярилцсаар эцэст нь урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдан өөрийн гэсэн орон сууцтай болохоор шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, цаг үеийн зайлшгүй шаардлагатай биш, орлуулж болох хэрэглээгээ хойш тавьж орон сууцтай болох нь урт хугацаандаа үр ашигтай, өгөөжтэй байна гэж тооцоолжээ.

Тэгвэл 10 хоногийн дараа батлагдах Монгол Улсын төсөв “Тойргийн амбицаа” давж дийлэхгүй бүдрэх бололтой. Энэ удаагийн төсөв жам ёсоор сонгуулийн жил угтсан “хөөстэй” боловсруулагдаж, батлагдах шатандаа явж байгааг мэргэжилтнүүд, эдийн засагчид шүүмжилж байна. Нийгэмд “Үр дүнд суурилсан төсөв” гэсэн шинэлэг нэршил яригдах болсон. Энэ нь олон улсад ч хэрэглэгдэж байгаа шинэ хандлага аж. Гэтэл УИХ-ын гишүүд Төсвийн тухай хуулийг батлахдаа “Тэрний тойрогт тусгасан мөнгөнөөс миний тойргийнх бага байна” гэх мэтээр хэлэлцүүлж байх. Тэгэхээр төсвийн төсөлд олон нийтийн саналыг тусгах механизм бүрдүүлж төсвийн орлого зарлага хэт өөдрөгөөр төсөвлөх эрсдэлийг бууруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тойргоо тойглох гишүүдийн саналаас оршин суугч иргэнийх нь илүү бодит байх биз. Мэдээж иргэдээс санал авч байгаа хойно түүнийг мэргэжлийн хүмүүсийн саналтай хамтатган эрэмбэлэх нь төсвийн төлөвлөлт илүү оновчтой болох боломжийг бүрдүүлнэ. Ингэхдээ Монгол Улсын хөгжлийн болоод Засгийн газрын бодлоготой уялдуулах хандлага ч үүснэ. Ядаж л судалгаа, шинжилгээнд суурилсан дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргах юм. Тэгэхээр мэргэжлийнхэн “ном ёсоор” нь хийнэ гэсэн үг л дээ.

СЭЗИС-ийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Төсөв макро эдийн засгийн олон зорилтыг хангасан. Нийгэм, эдийн засгийн индикатор байх ёстой. Гэтэл сүүлийн 10 жилийн төсвийн алдагдлын нийлбэр 20 их наяд төгрөгт хүрч байна. Алдагдлыг гадаад, дотоод зээлээр санхүүжүүлдэг. Тиймээс төсвийн зардлын тэлэлтийг багасгах хэрэгтэй. Энэ удаагийн таван их наядын тэлэлт бидний хийж бүтээж буй хэмжээ, эдийн засгийн өсөлтөөс ч давсан хэмжээ” гэсэн юм.

Нэг хүнд ногдох ДНБ 5000 гаруй ам.доллар болсон нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлохгүй гэдгийг эдийн засагчид хэлдэг. Учир нь энэ үзүүлэлт өссөн ч хүмүүсийн амьдралын чанар сайн болсон эсэхээс хамаардаг аж. Хэдийгээр хүмүүсийн цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж байгаа ч манай улсын эдийн засгийн бодит хэмжээ өсөөгүй тохиолдолд энэ зах зээл дээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж инфляцыг өсгөдөг байна. Тэгэхээр төсвийн хэт тэлэлт нийгэм, эдийн засаг тэр дундаа хүмүүсийн амьжиргаанд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй нь. Яагаад гэвэл төсвийн тэлэлт санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлдэг тухай эдийн засагчид онцолж байна. Тиймээс ирэх жилийн төсөв ямар үр дүн гаргах вэ гэдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Түүнчлэн төсөв батлагдах хүрээнд ч биш төсвийн эргэлтийн болон гүйцэтгэлийн явцыг ч анхаарч байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, их хэмжээний тэлэлттэй батлагдаж байгаа төсөв иргэн Батын амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг олон нийтийн хяналттайгаар хэрэгжүүлэх ёстой хэмээн эдийн засагчид, судлаачид хэлж байна.

Үндсэндээ 5.1 их наядаар нэмэгдүүлсэн төсвийн зарлага ямар эрсдэл дагуулах вэ гэдэг анхаарах ёстой асуудал. Түүнээс тойргоо тойрч эргэлдэх нь нэн тэргүүний асуудал биш аж. Учир нь хэт өөдрөг төсөөлсөн төсвийн алдагдал өрийн дарамтыг нэмэх эрсдэлтэй. Энэ нь тогтворгүй тогтолцооны гажуудал гэдгийг онцлон тэмдэглэмээр. Сонгуулийн цикль, тойргийн амбиц Монгол Улсын нийт хүн ам, нийгмийнхээс илүүрхэж болохгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)