Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

 

Манай улсад 2021 оны байдлаар дотоодын 90 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс цахим төлбөрийн системд 79.836 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа юм. Энэ оны байдлаар 38 мянга нь НӨАТ төлдөг бол үлдсэн 36 мянга нь төлдөггүй аж. Иймд бизнес эрхлэгчид НӨАТ-тай холбоотой хэлэлцүүлгийг өчигдөр МҮХАҮТ-д хийлээ.

Сүүлийн 15 жилийн дунджаар ДНБ-ий 21 орчим хувьтай тэнцэх татварын орлого алдагдаж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид НӨАТ-ыг таван хувь болгож,  үйлчилгээ эрхэлж буй бүх компани татвар төлдөг байх нь зүйтэй. Ингэснээр далд эдийн засгийг ил болгож, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Мөн төсвийн алдагдал үүсэхгүй хэмээн хуралд оролцогчид хэлж байв. Энэ тухай CEO клубын ерөнхийлөгч Б.Гантулга “Бизнес эрхлэгчдийн хувьд  тулгамдаж буй гол асуудал нь нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, банкны зээлийн хүү байдаг. Сүүлийн 20 жилд бизнес эрхлэгчид дээрх татваруудыг бууруулах саналыг хүргүүлж ирсэн. Жил бүр төсвийн зардал өсдөг. Үүнийг дагаад төрийн өмчит компани болон улс төрчтэй холбоотой компаниудын ашиг орлого нэмэгддэг. 2022 оны ДНБ-ий 56.7 хувь нь төр болон төрийн өмчит компаниудтай холбоотой байсан. Нэг үгээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50-аас илүү хувь нь төрөөс хамаардаг болжээ. Энэ нь эргээд бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу шилжих эрсдэлийг үүсгэж байна. 2016 онд нийт төсвийн 16 хувийг татварын орлогоор бүрдүүлдэг байсан бол ирэх оны төсөвт 34 хувийг татварын орлогоос бүрдүүлнэ гэжээ. Энэ нь хувийн хэвшлийн нуруун дээрх татварын дарамтыг ихэсгэж байна. Тиймээс бид буцаан олголтыг таван хувь болгох саналыг дэмжиж байна. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж эдийн засгийн эргэлт сайжирна” гэв.

Харин Ган хийц компанийн захирал Ц.Даваасүрэн “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгоё гэдэг саналыг хүргүүлж ирсэн. Нарантуул захын нэг өдрийн орлого нь 10 тэрбум төгрөг. Гэвч тэнд НӨАТ төлдөг нэг ч газар байдаггүй. Харин үндэсний үйлдвэрлэгчдийг НӨАТ хоцрооход л өдрөөр алданги тооцдог. Бизнес эрхэлж буй бол хүн бүр татвар төлөгч баймаар байна. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байгаасай. Мөн НӨАТ гэдэг зүйл төсвийн орлогыг бүрдүүлэх гэж биш далд эдийн засгийг ил болгохын тулд гаргасан. Тэгвэл далд эдийн засгийг алга болгож алагчлахгүй таван хувиар татвараа төлдөг болох нь хамгийн зөв шийдвэр” гэсэн юм.

Харин МҮХАҮТ- ын хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгох саналыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой хүчин зүйлүүдээс болж хойшилсоор иржээ. Тэгвэл энэ удаа НӨАТ-ыг нийтээр нь таван хувь болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Энэ талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн  танхимын дарга Т.Дүүрэн “НӨАТ-ын татварыг нэг хэсэг аж ахуй нэгж нь төлж, нөгөө хэсэг нь төлдөггүй. Энэ асуудал олон жил яригдаж байна. Бид энэ тал дээр олон санал, санаачилыг Засгийн газарт дэвшүүлж ирсэн. Гэвч шийдэгдэлгүй олон жил болсон. Тэгвэл өнөөдөр D Paralament сувгаар 100 мянган хүн НӨАТ-ын татварыг бууруулахыг дэмжсэн. Энэ бол хэн нэгний захиалгаар хийсэн зүйл биш. Иргэд шударга бус зүйлийн төлөө өөрт олдсон сувгаараа үзэл бодлоо илэрхийллээ. Цар тахлын дараах бизнесийн судалгаанд аж ахуй нэгжүүд НӨАТ-ын татварыг бүгд жигд таван хувь төлдөг байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн” гэлээ.

Буцаан олголтыг таван хувь болгосноор ойролцоогоор 450 их наяд төгрөг иргэдэд олгохоор тооцоолжээ. Ингэснээр инфляц жилд 0.4 хувиар өсөх магадлалтайг энэ үеэр хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 218 (7203)