Бидний амьдрал сүүлийн үед 10-р сарын 7-ноос өмнөх болон хойших гэсэн хоёр цаг хугацааны хэсэгт хуваагдаад байна. Бидний шашны баяр мөн амралтын өдрийн өглөө Хамас бүлэглэл нь гэм зэмгүй энгийн ард иргэд рүү дайрч аймшигт алан хядах үйл ажиллагаа явуулсан нь Израил улсыг бүхэлд нь цочрол, өвдөлт, аймшигт айдаст автуулаад байна. Энэхүү харгис хэрцгий халдлагын багахан хэсгийг дүрслэн эдгээр үгсийг бичихэд гар минь чичирч салгалж байна. Гэвч бид үүнийг орхиж болохгүй. Израилчууд бид яагаад энэ алан хядах машиныг ялах ёстойг ойлгохын тулд бид энэ буг чөтгөртэй нүүр тулах ёстой юм.  
Хагассайн өдрийн өглөө 6:30 -д 2000 гаруй зэвсэглэсэн террористууд энгийн гэм зэмгүй айлууд руу нэвтрэн орж унтаж байхад нь гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн юм. Тэд шууд л унтлагын орнууд руу нь тэсрэх бөмбөг бүхий пуужинт буугаар галласан ба ээжүүд хүүхдүүдээ шүүгээнд нууж, тэднийгээ уйлуулахгүйн тулд хичээж байсан ч Хамас хүүхдүүд, ээжүүд хэнийг ч өршөөлгүй хядсан юм. Тэд индүүний кабелиар ээжийг нь охинтой нь, эмээг нь ач хүүтэй нь уяж байгаад амьдаар нь зүгээр л шатаасан. Бид энэ бүгдийг зүгээр орхиж болохгүй. Бид юу болсныг мэдэх ёстой. Тэд хүүхдүүдийн толгойг тасдаж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, жирэмсэн эмэгтэйн гэдсийг задалж хэрцгийгээр алсан. Энгийн иргэдийг гэртээ нуугдаж байхад нь байшинтай нь бүхлээр нь шатааж үнс нурам болгосон. Тэд хөгжмийн фестивальд оролцож байсан олон мянган охид, залуучууд руу зохион байгуулалттайгаар дайран орж, олон мянгаар нь харгис хэрцгийгээр алан хядаж, зугтаж байсан залуучуудын араас машин, мотоциклээр хөөн зугаагаа гарган, хүний санаанд багтамгүй харгис хэргийгээр олон сайхан залуучуудыг маань тэр ойд нь хөнөөлөө. Зургаан настай хүүхдийн нүдэн дээр нь эцэг эхийг нь алж, түүнийг хулгайлсан, гэр бүлүүдийг хулгайлан бүгдийг авч явсан. Тэд үгээр хэлж, зүйрлэхийн аргагүй хүчирхийлэл үйлдэж байна. Минут минутаар, олон цаг үргэлжилсэн энэхүү алан хядах үйл ажиллагаанд 1400 орчим Израилууд хэрцгийгээр амь үрэгдлээ. Энэ хүмүүс хийж буй үйлдэлдээ ичдэг болов уу? Мэдээж үгүй. Харин ч тэд хийсэн үйлдлээ бахархалтайгаар нийгмийн сүлжээнд онлайнаар дамжуулан цацаж байсан юм. Энэхүү олноор нь хөнөөх алан хядлагын үеэр нийт 200 орчим хүн Хамасчуудад хулгайлагдсан ба үүнд 85 настай эмээгээс, хөхүүл нярай хүүхдүүд багтаж байна. Амь үрэгдсэн Эмили охины аав: Охиноо амь үрэгдсэнийг сонсоод би тайвширсан. Хамас араатнуудын гарт орж байснаас амь үрэгдсэн нь дээр  гэж үзэж байна.  
10-р сарын 7-ны аймшигт үйлдлүүд нь Израилчуудын оюун санаанд Холокостын дурсамжуудыг санагдуулах аймшигт, арчаагүй байдлыг мэдрүүлэх сэтгэл хөдлөлийг нь сэргээлээ. Израил улс нь Еврейчүүдэд үйлчлэхээр байгууллагдсан. Еврей хүмүүс нь зүгээр еврей гаралтайгаас болж үхэх ёсгүйг батлахаар байгуулагдсан. Гэвч Израил улс гүн цочролд ороод байна. Энд инээмсэглэл алга, зөвхөн уй гашуй, сэтгэлийн гэмтэл шарх л байна. Гэхдээ бид энэ терроризмын эсрэг тэмцэж, түүнийг ялах ёстой гэсэн "ХАМТЫН ХҮЧ" гүн гүнзгий итгэл үнэмшил бидэнд бий болж байна. Бидний хүүхдүүдийг устгах аюулыг арилгахын тулд бид тэмцэнэ. Бид гэр орныхоо төлөө тэмцэнэ. Бидний амьдрах эрхийн төлөө тэмцэх болно! 
Хэдийгээр Израил болон Израилын баруун хотуудад Хамасын антисемитизм, хүчирхийлэл гарсаар байдаг ч олон жилийн турш бид зэрэгцэн орших арга зам хайсаар ирсэн. ХАМАС гэж хэн, юу болохыг бид үргэлж мэддэг байсан, тэдний сургаал нь танил юм. Хамасын дүрэм 1988 онд Сейх Ахмед Яасины зохиосон Хамасыг байгуулах нь бичиг баримт нь Холокостоос хойших хамгийн аймшигт антисемитизмийн баримт бичиг юм. Хамасын дүрэмд еврейчүүдийг түүхийн туршид тохиолдсон бүх зовлон зүдгүүрт буруутгаж, еврейчүүдийг хүнлэг бус болгож, Араб-Израилын мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг үгүйсгэдэг. Дүрмийнх нь олон зүйл заалт, үүн дотор 13-р зүйлд  "Палестины асуудлыг Жихадаас өөр шийдэл байхгүй" гэсэн нь ариун дайн гэсэн утгатай байдаг. Мөн Хамасын дүрэмд еврей ард түмнийг шинээр хоморголон устгах тухай тодорхой дурдсан байдаг. 7-р заалт дээр дэлхийн өнцөг булан бүрт еврейчүүдийг хөнөөхийг уриалж, дараах байдлаар иш татдаг: "Чулуунууд, моднууд хэлж байна: "Ай мусульман, Аллахын боол, миний ард еврей хүн нуугдаж байна, хүрээд ир, түүнийг ал.'" 
Гэвч яг энэ зүйл саяхан боллоо. Тэд ирж биднийг аллаа.  
Олон жилийн турш, олон улсын байгууллагын удирдлагууд Израйлчуудад хэлж байсан, Хамасын хэлж, ярьж буй зүйлийг битгий сонс, тэдний үзэл баримтлал, аймшигт үл хэллэгийг үл ойшоо гэж. ХАМАС сүрдүүлгүүдээ хийж байсан ч өөрийн харанхуй дарангуйллын дор амьдарч буй хоёр сая Палестинчуудын амьдралын нөхцөлийг сайжруулж, амьжиргааг нь баталгаажуулж, загасчлах, дэд бүтэц барих боломжийг олгохыг хүсч байна. 10-р сарын 7-ны Израил руу хийсэн энэхүү зохион байгуулалттай халдлага нь энэ үзэл баримтлал худлаа байсныг илтгэж байна. Тэд Еврей улсыг утсгаж, ард иргэдийг алж хядахаас биш Газын зурвас дахь хоёр сая иргэнийг сайн сайхан амьдруулах сонирхол байдаггүйг харууллаа. Энэ бол тэдний жихадист үзэл суртлын зорилго төдийгүй цорын ганц үйл ажиллагааны чиглэл юм .Хамас бол ISIS буюу Палестины ISIS бүлэглэл бөгөөд харамсалтай нь олон нийттэй харилцах, дэлхийн томоохон хүн амын зарим нь, тэр дундаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их өрөвдмөөр харагддаг. 
Израил өөрийгөө хамгаалахын тулд Террорист Хамас бүлэглэл рүү дайрахаас өөр арга байх уу? Израил Палестины ард иргэд рүү дайраагүй. Харин ч Израилийн эсрэг халдлагад оролцохгүй л бол Раммала дахь Палестины эрх баригчдад ямар нэгэн заналхийлэл учруулдаггүй. Хамас нь Палестины улс байгуулах сонирхол байхгүй ба зөвхөн Израил улсыг л сөнөөх зорилготой юм. Палестиний улс байгуулах нь Хамасын гол зорилго биш, харин энэ газар нутагт болон Израилын газар нутагт Исламын төрт улс байгуулах нь тэдний гол зорилго юм.  Энэ бол бүтээн байгуулахын тухай биш харин хорлон сүйтгэхийн тухай юм. Эв нэгдлийн биш харин мөнхийн дайн хийж хэт үзэлт Исламын хүчийг олж авах тухай юм.  Хамас бүлэглэлийн үзэж байгаагаар цорын ганц шийдэл бол Израилыг устгаж, оршин суугчдыг нь устгах явдал юм. 
Хамас энэхүү аймшигт зорилгодоо хүрэхийн тулд Палестинчуудыг золиослохоос буцахгүй. Газийн бүсэд ямар ч эрх чөлөө байхгүй, үг хэлэх, шашин шүтэх эрх чөлөө байхгүй. Гэвч нөхцөл байдал үүнээс дор байна: Хамас цэргийн баазуудаа энгийн ард иргэдийн дунд байршуулж, Палестиний энгийн ард иргэдийн үхсэн зургуудыг хамгийн хүчирхэг зэвсэг болгон ашиглаж байна. Хамас нь эмнэлгүүд болон НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн сургуулиудын доор пуужингуудаа нуун байрлуулдаг бөгөөд телевизийн сүлжээгээр шууд дамжуулалт явуулахыг урьтаж эдгээр газраас Израил руу гал нээдэг юм. Үнэхээр ч ХАМАС-ын худал сурталчилгааг түгээдэг Катарт төвтэй "Аль-Жазира" сувгийн олон сурвалжлагч төдийгүй барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагчид ХАМАС-ын суртал нэвтрүүлгийг ямар ч шүүлтүүргүй, баталгаагүйгээр автоматаар яаран дамжуулдаг юм.  
Хүмүүсээр бамбай хийж буй Хамасын урхинд бүү орооч! Газын зурвас дахь энгийн ард иргэдийн үхэлд Хамас болон газын зурваст байгаа хэт даврагсад бүлэглэлүүд буруутай. Эдгээр террористууд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өөрийн ард иргэдийн ард нуугдан, тэдгээрээр бамбай хийж байна. Санаатай, хорон санаагаар үйлдэж буй хэргийн эзэд бол тэд, эдгээр эмгэнэлт хохирогчдын хариуцлагыг Израил биш, тэд л хүлээх ёстой. Израил улс өөрийгөө хамгаалж, амьдралын төлөө тэмцэж байна, жинхэнэ ардчилсан орны хувьд гэм зэмгүй ард иргэдээ хохироохгүйн тулд чадах бүхнээ хийж байна. Израил цэргийн асар их хүчээ болгоомжтой, хяналттай, олон улсын хуулийн хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бол Хамас геноцид /хоморголон устгах/, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдлээ бахархалтайгаар хийж, баримтжуулж байна.  
 Хамасын эсрэг дайн бол зөвхөн Израилын дайн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Ойрхи Дорнод төдийгүй дэлхийн хүн төрөлхтний ирээдүйн төлөөх дайн юм. 10 сарын 7 өдөр бол хүн бүр яаралтай ямар нэгэн арга хэмжээ авах ёстойг үүрэгдсэн өдөр байлаа. Хулгайлагдсан хүмүүсийн зарим нь танай улсын иргэн ч байж магадгүй юм, тэднийг гэрт нь буцаан авчирахын тулд бид бүх зүйлийг хийх ёстой. Эдгээр хулгайлагдсан хүмүүсийн дунд нүдэн дээр нь хүүхдүүд нь алагдсан эмэгтэйчүүд, эцэг эхгүй үлдсэн хүүхдүүд байгаа ба бүгд алуурчдын барьцаанд байсаар байна.  
 
H.E. Irit Ben Abba 
Монгол Улсад суугаа 
Израилын Элчин сайд

Редакцын бус материал 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)