МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 35,589.49 нэгжид хүрч, 1.67%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. 2023 оны 9-р сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 33.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.9%-иар, 2021 оны сүүлтэй харьцуулахад 19.2%-иар тус тус өссөн үзүүлэлт болж байна. М2 мөнгөний нийлүүлэлт 2020 оны 5-р сараас 2021 оны 6-р сарыг хүртэл 14 сарын турш өсөлттэй байсан бол 2022 онд Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс хойш буурч эхэлсэн юм. Харин 2023 оны 5-р сараас эхлэн M2 мөнгөний нийлүүлэлт 5 сар дараалан өсөөд байна. 
  3. Баасан гарагийн байдлаар 1 ам.доллар 3,448.76 төгрөгтэй тэнцэж арилжаалагдлаа. Энэ нь төгрөг ам.долларын эсрэг 2023 онд 0.12%-иар суларсан үзүүлэлт болж байна. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд хоёр 7 хоног дараалсан уналтыг үзүүлээ. Хувьцаанууд уналттай байхад компаниудын 2023 оны 3-р улирлын орлогын тайлангийн холимог байдал болон АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөж сүүлийн 16 жилийн дээд түвшиндээ хүрсэн нь гол нөлөөг үзүүллээ. S&P 500 индекс 7 хоногт 2.53%-иар буурч 4,117.37 нэгжид хүрсэн нь 2023 оны 7-р сарын дээд түвшнээс хойш 10% орчмоор унасан үзүүлэлт болж байна. 
  2. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар S&P 500 индекс дэх нийт компаниудын 1/3 нь 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Гайхамшигт 7 буюу Apple, Microsoft, Meta, Amazon, Alphabet, Nvidia, болон Tesla компанийн 3-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Эдгээр 7 компани нь 2023 оны эхэн үед зах зээл өсөхөд хамгийн гол нөлөөг үзүүлсэн бол мөн 10-р сарын дунд үеэс хойш хувьцааны зах зээлийн голлох индексүүдийг доош нь бууруулсан компаниуд юм. Tesla компанийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй бол Amazon компанийн орлогын тайлан шинжээчдийн хүлээлтийг давлаа. 
  3. АНУ-ын эдийн засаг 2023 оны 3-р улиралд 4.9%-ийн өсөлттэй гарлаа. Үүнийг 2-р улирлын 2.1%-ийн өсөлттэй харьцуулахад 2 гаруй дахин өссөн үзүүлэлт болж байна. Эдийн засаг өсөлттэй байхад АНУ-ын өрхийн хэрэглээ ихээр өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, эдийн засгийн 4.9%-ийн өсөлтийн 2.7%-ийг өрхийн хэрэглээний өсөлт бүрдүүлсэн байна...

Дэлгэрэнгүй  https://tdbsecurities.mn/article/khuwitsaanii-zakh-zeeliin-toim-20231023-20221027