Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Манай улсын бүх үйлчилгээний байгууллага, сургууль, цэцэрлэгийн эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байдаг. Анзаарвал ямар нэгэн үзвэр эсвэл хоолны газруудын эмэгтэй ариун цэврийн өрөөний үүдэнд урт дараалал үүсэх нь элбэг. Учир нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.3 дахин их цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрөөдөг байна. Өөрөөр хэлбэл, биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн бие засах процесс нь эрэгтэйчүүдээс урт байдаг ажээ. Жишээ нь, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 25 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Жирэмсэн эмэгтэй ойр ойрхон бие засдаг учраас эрчүүдээс олон удаа ариун цэврийн өрөө ашиглах шаардлага тулгардаг. Гэвч манай улсын шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ихэнх эрчүүд байдаг бөгөөд судалгаанд тулгуурлан шийдвэр гаргаагүйгээс үүдэж эмэгтэйчүүд нийгэмд хохирсоор байгаа юм. Тэгвэл сургуулийн орчинд ариун цэврийн байгууламж ямар байгаа талаар сурвалжилсан юм.

Хувийн болон улсын хэд хэдэн дунд сургуулиар орлоо. Ихэнх сургуулиуд давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй байхаас гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан өрөөний тоо тэнцүү байв. Тодруулбал, нийслэлийн 21, 23, 84 дүгээр сургуулиуд эрэгтэй, эмэгтэй 3-4 ариун цэврийн өрөөтэй байлаа. Хувийн сургуулиуд болох Хишиг, Гёте, Монгени зэрэг сургуулиудаар орвол ариун цэврийн өрөөний тоо мөн л тэнцүү байв. Сургуулийн орчинд охидын ариун цэврийн өрөө үргэлж урт дараалалтай байдаг ажээ.

Энэ тухай 24 сургуулийн Монгол хэлний багш М.Сарангэрэл “Бие засах бол биологийн хэрэгцээ. Тиймээс хүүхдийг бие засуулахгүй байна гэдэг хүний эрхийг зөрчиж буй асуудал. Манай сургууль давхар бүрийнхээ  зүүн, баруун жигүүрт эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг байршуулсан байдаг. Эр, эм адилхан дөрвөн өрөөтэй. Охидын хувьд ариун цэврийн өрөө орох нь илүү их байдаг. Ялангуяа өсвөр насны охидын хувьд бүр ч олон. Анзаарахад охидын ариун цэврийн өрөө хөвгүүдийнхээс илүү ачаалалтай байгаа харагддаг” гэсэн юм. Харин "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-ын үүсгэн байгуулагчдын нэг, зөвлөх Б.Золзаяа “Манай улсад жендэрийн мэдрэмжгүй шийдвэр, шийдлүүдээс үүдэж нийгэмд эмэгтэйчүүд хохирох нь их байна. Жендэрийн мэдрэмжтэй шийдвэр, шийдэл гаргаж эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний зай талбайг томсгох, хэрэгслийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн бие засах процесс нь эрэгтэйчүүдээс урт байдаг гэдгийг олон улсын судалгаагаар тогтоосон. Тиймээс охидын ариун цэврийн өрөөг нэмэх шаардлагатай. Жишээлбэл, эрэгтэй гурав, эмэгтэй таван ариун цэврийн өрөөтэй байх нь зөв. Ингэснээр эмэгтэйчүүдийн биологийн буюу бие засах хэрэгцээг хангана.  Саяхан нэг сургууль охидууд ариун цэврийн өрөөнд хэт их цагийг өнгөрөөж байгаа учраас толийг нь хураасан гэсэн. Тэгвэл энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй, дата судалгаанд суурилаагүй шийдвэр байсан. Энэ мэт аливаа бодлого, шийдвэр, шийдэл гаргахдаа судалгаан дээр суурилах нь амьдралд ойр шийдэлд хүрэхэд чухал. Манай улсад шийдвэр гаргаж байгаа ихэнх хүн нь эрэгтэйчүүд байдаг, дээр нь тэдний олонход нь судалгаа шинжилгээнд суурилсан шийдвэр гаргах хандлага дутмаг, харин хувийн үзэмж, туршлага дээр суурилан олонхийн амьдралтай холбоотой шийдвэр гаргах нь элбэг байна. Тиймээс бодлого боловсруулахад хүйсийн тэнцвэртэй оролцоо байж бодлого, шийдвэр хүндээ ээлтэй болдог" гэлээ.

 

Э.Энхсувд есдүгээр ангийн сурагч. Тэрбээр өдөрт 10 гаруй удаа нойл ордог байна. Гэвч эмэгтэй ариун цэврийн өрөөний гадаа үргэлж урт дараалал үүссэн байх нь хүндрэлтэй байдаг ажээ. Энэ тухайгаа “Манай сургууль эмэгтэй гурав, эрэгтэй гурван ариун цэврийн өрөөтэй. Би хичээл дээрээ хоёр цаг тутамд бие засдаг. Сарын тэмдэг ирсэн үед бүр ойр ойрхон ариун цэврийн өрөө ордог. Эмэгтэй ариун цэврийн өрөө үргэлж урт дараалалтай байдаг. Харин эрэгтэй ариун цэврийн өрөө дараалалгүй байдаг” гэсэн юм.
О.Нямгэрэл арваннэгдүгээр ангид сурдаг. Түүний хувьд хичээлийнхээ дундуур ямар нэг аргаар ойр ойрхон ариун цэврийн өрөө ордог байна. Орох бүртээ бие засдаггүй аж. Энэ тухайгаа “Манай сургууль давхар бүртээ эр, эм дөрвөн ариун цэврийн өрөөтэй. Хөвгүүд охид шиг олон удаа ариун цэврийн өрөө ордоггүй. Охид үргэлж ариун цэврийн өрөөний гадаа дугаарлаад зогсож байдаг. Бодвол толинд харж, үсээ янзалдаг биз. Би өдөрт 6-7 удаа хөнгөн бие засдаг. Сургууль дээрээ 2-3 удаа л бие засдаг. Гэхдээ заримдаа хичээл хиймээргүй үедээ ариун цэврийн өрөө оръё гэж худлаа хэлж гардаг” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)