Дэлхий дахинаа алдаршсан зохиолч эмэгтэй Астрид Линдгрен 1907 оны арваннэгдүгээр сарын 14-нд Шведэд төрсөн. 2002 оны нэгдүгээр сарын 28-нд нас барсан.
Бидний хувьд тэр хамгийн түрүүнд бүх цаг үеийн найз Карлсоныг зохиосон хүн. Ер нь Астрид Карлсонгоос гадна улаан үст, урт оймст Пеппиг бас зохиосон. Энэ бүхэн 1941 онд түүний охин Карин өвдөснөөс эхэлжээ. Карин уушигны хатгалгаа тусаад хэвтэж байхад ээж нь өдөр бүр Пеппи охины адал явдлын талаар ярьж өгдөг байв. Дашрамд дурдахад, Пеппигийн нэрийг охин нь бодож олжээ. Ном дөрвөн жилийн дараа л хэвлэгдсэн бөгөөд 2000-аад он хүртэл дуулиан тарьсаар байв. Пеппиг хувиа хичээсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж буруутгаж байлаа. Ном хэвлэгдсэн даруйд сэтгэл судлаач нэгэн доктор Пеппиг галзуу солиотой гэж оношилжээ. А.Линдгрен хариуд нь “Хүүхдэд хайраа л өг, байгаа бүх хайраа хүүхдэд зориул. Ухаан аяндаа хайртай дагалдаад бий болно” гэж хариулсан байдаг. Сая сая насанд хүрэгчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэх энэхүү “Үндсэн хууль”-ийг олж нээсэн Линдгренд талархах ёстой. Олон номондоо тэрбээр “Хүүхдүүд өөрийн мэдрэмж, бодлоо илэрхийлэх эрхтэй. Томчууд бидний хувьд итгэж, ойлгох л үүрэгтэй гэж бичсэн байдаг.
Эгэл жирийн тариачны хүүхэд дэлхийн алдартай зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч мөн нийтлэлч, хүүхэд хүмүүжүүлэх асуудлын хувьсгалч болж чадав аа? Учир нь тэр хүүхэд байхдаа хайр дүүрэн гэр бүлд өсжээ. Эцэг эх нь эрт 14, 18 настайдаа гэрлээд 4 хүүхэдтэй болсон ба тэдний гэр бүл хайраар бялхдаг байв. Астрид 18 настайдаа сонины газар сурвалжлагчаар ажиллаж байгаад өөрөөсөө 30 насаар ах гэр бүлтэй редактороосоо хүүхэдтэй болов. Хүүхдийн эцэг гэр бүлээ орхиод түүнтэй гэрлэхэд бэлэн байсан ч залуу бүсгүй татгалзаад, хүүгээ айлд түр өргүүлжээ. 1931 онд тэрбээр Стур Линдгрентэй гэрлэмэгцээ хүү Ларсаа гэртээ авав. Охин Карин нь 1934 онд мэндэлжээ. Энэ үед тэр гэрийн эзэгтэй байсан ба түүний Пеппи ном нь “Рабен ба Шёгрен” хэвлэлийн үйлдвэрийг дампуурлаас аварсан тул зохиолч хагас цагаар уг газар редактороор ажиллах болов. Үүний хажуугаар тэр зохиолоо бичсээр байсан аж.
Орчуулсан З.Батцэцэг
Эх сурвалж: www.zms.mn