Б.ТУУЛ
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, энэ ажлын хүрээнд салбар эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой 250 гаруй хүнд үзлэг оношлогоо, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд болон хэвлэл мэдээллийнхэнд салбар эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас танилцуулахаас гадна гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж буй Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажилласан юм.
Мөн энэ өдөр тус эмнэлгийг зорин ирсэн иргэдэд үений эмгэг, дурангийн мэс засал, спортын бүх төрлийн эмгэг, доод мөчдийн гэмтэл согог, ясны эмгэг судлал, ясны хавдар, нөхөн сэргээх мэс засал (гар сарвуу), түлэгдэлт, сэргээн засах эмчилгээ, чих хамар хоолойн үзлэг болон ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс тодорхойлох үйл ажиллагааг зохион байгуулан нийт 250 гаруй иргэдэд үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Эх сурвалж: wwww.zms.mn