Доржийн ОЮУНЧИМЭГ

Үмхэрсэн мод л гэмээр. Гэхдээ нүдэнд тусна. Төв аймгийн “Өв соёлын төв өргөө” цогцолборт болсон "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааг сонирхох үеэр таарсан содон бүтээгдэхүүн байлаа.

Төв аймгийн Борнуур сумын иргэн Г.Тогмид 16 наснаасаа модны урыг чимэглэн ахуй хэрэглээний бүтээгдэхүүн болон сувинер үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр байгалийн ойд хаягдсан модны мөчир, өмхрөөд унасан хожуулаар янз бүрийн зүйлс хийдэг тухайгаа хуучлав. Зарим нь бүр байгалиасаа өгөгдөлтэй нүд, ам гаргахад л тэр амьтны дүрс тодроод ирдэг тухай ярилаа.

Урлаач Г.Тогмид “Жишээлбэл, энэ хэрэмний нүд, амыг нь зурж, ухаж янзалсан юм. Байгалиасаа л өгөгдөлтэй, багахан янзлахад л илүү тодроод ирж байгаа хэрэг шүү дээ. Мөн энэ шонхор шувуу байна. Яг л адил” хэмээн өөрийн урласан ур модны сувинерүүдээс тайлбарлаж байв. Биднийг ярилцах зуур шонхор шувуу эзэнтэй болох нь тэр. Ингэхдээ таарсан болгоныг ч аваад байхгүй. Ямар нэг хэлбэр, дүрс тодрох боломжтойг нь сонгон түүдэг аж. Сүүлээ өргөөд сууж байгаа хэрэм нүдэнд туссан юм.

Г.Тогмид ойгоос түүсэн хаягдал модыг ашиглахаас гадна ясаар бүтээгдэхүүн уралдаг аж. Түүний бүтээсэн хул, модон таваг гээд ахуй хэрэглээнд байнгын хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд нутгийн өрхүүдэд нэлээдгүй бий хэмээн бидэнд хэлсэн юм. Тэрбээр хот, хөдөөгийн үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийн урлаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахын зэрэгцээ захиалгаар үйлчилгээ үзүүлдэг гэж байлаа. Түүнд авдар, сандал, ханын зураг, чихэр, жимсний таваг төдийгүй авангард загвартай цэцгийн ваар хүртэл байсан юм. Г.Тогмид “Халиун буга” ойн нөхөрлөлийн сангийн гишүүн учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдээ ойгоос бэлтгэдэг аж. Байгаль дээр унасан, ялзарч муудсан модны үндэс мөчир, хожуул гээд ойг цэвэрлэхдээ бүтээл болчих өвөрмөц хэсгийг нь авдаг байна.

20 орчим жил байгалийн дагалдах бүтээгдэхүүнийг ойгоос түүж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн урлаач Г.Тогмид үйлдвэрлэл болгон хөгжүүлэх сонирхол байдаг ч хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байгааг бидэнд учирласан юм. Тиймээс хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж, хайж байгаагаа ч дуулгав. Түүний одоо эрхэлж байгаа өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх өргөн боломж байгааг ч мөн ярьж байв. “Үйлдвэрлэл болгон хөгжүүлэх нь хамгийн чухал байгаа юм. Учир нь гаднах орчны тохижилтыг бүрэн хийх боломжтой. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар гээд аялал жуулчлалын бүсийг ч байгалийн ур модыг ашиглан өвөрмөц онцлогийг нь шингээн тохижуулж болно. Хамгийн гол нь байгальд ээлтэй, эко бизнес болон хөгжүүлэх, өргөжүүлэхийн зэрэгцээ байгаль, ой модыг цэвэрлэх явцдаа л түүхий эдээ бэлтгэчихнэ" гэдгийг урлаач Г.Тогмид онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 211 (7196)