Б.ТУУЛ

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд нийт есөн байршилд зохион байгуулж байна. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга Ч.Гандирваа, Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын албаныхан өнөөдөр Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчоонд ажиллалаа.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс Улаанбаатар хотод цэрэг татах ажиллагаа 4 хоногийн хугацаатай эхэлж байна. Орон нутгагт явагдсан татлагын үйл явцаас харахад цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал жилээс жилд эрүүл сайжирч, өвчлөл багассан сайн үр дүн гарч байна гэж үзэж байна.

Өнгөрсөн жил цэрэг таталагын товчоогоор орсон залуусын 22 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байсан бол энэ жил 9,2 хувьтай болтлоо буурсан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Нөгөө талаас залуучуудын эрүүл мэндийн асуудалд аймаг орон нутгийн Цэргийн штаб, эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа сайн анхаарч ажилласны үр дүн юм.

Хэд хэдэн анхаарал татсан асуудал гэвэл зүрх судас болон сэтгэцийн өвчлөл нэмэгдэж байна. Энэ тал дээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

Эх сурвалж: www.zms.mn