Доржийн ОЮУНЧИМЭГ
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн “Өглөөний уулзалт”-ын ээлжит зочноор уригдсан юм. Тэрбээр боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Манай улсын хөгжилд боомтын сэргэлт чухал байр суурийг эзэлнэ хэмээн “Шинэ сэргэлтийн бодлого”-доо Засгийн газар тусгасан. Тиймээс Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж ажиллаж буйгаа Монгол Улсын сайд Б. Тулга хэлж байлаа.
БООМТЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН ӨСНӨ
Энэ хүрээнд боомтын бүсийг дагасан дэд бүтэц бий болгож, экспортын гарцуудыг нэмэгдүүлэх ажлыг эрэмбэлэн хийж буй аж. Мэдээж үүнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг эрчимжүүлэх бодлого багтаж байгаа. Мөн боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх, хилийн боомтыг төмөр болон авто замаар холбосноор үндэсний төмөр замын сүлжээ хоёр дахин өснө хэмээн Б.Тулга сайд хэлэв. Энэ мэтчилэн зургаан багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ачаа тээвэр, зорчигчийн урсгалыг нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх нь манай улсын экспорт болон худалдааны эргэлт сайжрах боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бас нэг хөшүүрэг болно хэмээн албаныхан үзэж буй.
Боомтын сайд Б.Тулга боомт нэмэгдэх тусам Монгол Улсын орлогын үүд бодитоор өснө. Тиймээс Засгийн газар ажиллагаагүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горим руу шилжүүлэхэд онцгой анхаарч байгааг дуулгасан. Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил өрнөж байгааг мөн дуулгалаа.
БНХАУ-ТАЙ 17 БООМТООР ХИЛЛЭДЭГ
Монгол Улс нийт 39 боомттой бөгөөд авто зам болон төмөр замын 16 боомтоор ОХУ-тай хиллэдэг бол БНХАУ-тай 17 боомтоор хиллэж буй. Монгол Улс ба ОХУ-ын хилд авто замын 14, төмөр замын хоёр, нийт 16 боомтоос 10 нь ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас зургаан боомт ажиллахгүй байгаа юм байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын дөрөв, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй ажээ.
Тиймээс хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь боомтын сэргэлтийн чухал зорилтуудын нэг нь аж. Энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй.
Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хилийн авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар болон авто замын Боршоо боомтын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгааг мөн уулзалтын үеэр Боомтын сайд Б.Тулга хэлэв. Тэрбээр “Төмөр замын Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орсон. Харин авто замын Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх төслийн ажлын явц 81 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.
Мөн Бичигт боомтын хувьд АХБ-ны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажил долдугаар сард эхэлсэн бөгөөд ирэх жилийн арванхоёрдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа. Боршоо хилийн боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 99 хувьтай байгаа аж.
Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил огтлолын цэг, өндөржилтийн дагуу эхний ээлжинд 1435 мм нарийн царигтай төмөр зам барьж, Хятадын талтай холбох асуудлыг ярьж буй юм байна. Шивээхүрэн боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замыг ирэх дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Бичигт боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан эхлүүлэх асуудлыг Хятадын талд тавьсан байна. Бичигт боомтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэх юм.
Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж буй юм байна.
Мөн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 277.3 км, Алтай-Бургастай чиглэлийн 320 км, Нөмрөг сумыг-Арцсуурь чиглэлийн хилийн боомтыг холбох 159.5 км, Хатгал-Ханх чиглэлийн 180 км, Баянхошуу хилийн боомт чиглэлийн 198.2 км, Сүмбэр хилийн боомт хүртэлх 152.06 км, Бага-Илэнх хилийн боомт хүртэлх 131.27 км, Тэс хилийн боомт хүртэлх 220 км, Өлгий-Даян чиглэлийн 185 км, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам 987.5 км холбох ажлыг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)