Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нар 2018-2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн бараг л нэг нэхэмжлэлийг хоёр удаа хянаад хоёр өөр шийдвэрийг гаргасан байдаг. Хоёр дахь нь “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн эрх ашгийг хангаж чадсан. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгож авсан. Шүүх ингэж шийдсэний дараа “Эрээн толгой” ХХК-ийг байгуулж, түүн рүү дээрх лицензээ шилжүүлсэн.


Харин Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын таван шүүгч яагаад өмнө нь хянасан нэхэмжлэлээ дахин хүлээж аваад, түүнийгээ өөрөөр шийдэх болсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

Тэд эхнийхийг 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд, хоёр дахийг нь 2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр шийдсэн. Жил биш, зургаан сар хүрэхгүй хугацаанд хянан хэлэлцжээ.
Энэ явцад анхаарал татсан, ноцтой гэмээр хэд хэдэн зүйл харагдаж байна. Энд нэгийг нь хүргэе.
Эхлээд “Дээд шүүх тогтоолоороо зөвлөгөө өгөх ёстой юу” гэсэн асуултыг хуульчид, шүүгч нарт тавих хэрэгтэй юм. Тийм үү, эсвэл үгүй юу. Мэдээж “Үгүй” гэсэн хариулт гарч ирнэ. Хууль нь тийм аж.
Тэгвэл  Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний тогтоолд “сонирхолтой” зүйлүүд бичигдсэн байна.


“Монгол Ураниум Ресурс” ХХК бол “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхит бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргажээ.


 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцээд “Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны хоёрдугаар сарын 13-ны хуулийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хариуцагчаас, нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгасугай” гэсэн 128/ШШ2018/0602 дугаар бүхий шийдвэрийг гаргасан. 


Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх АМГТГ-ын Кадастрын хэлтсийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд хянан хэлэлцээд “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэх 221/МА2018/0603 дугаар бүхий магадлал гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гомдол гаргасан байна.  
Тэр гомдлыг нь Дээд шүүхийн дээрх таван шүүгч 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд хэлэлцсэн. Хэлэх гээд байгаа зүйл энд бий. Учир нь шүүгч нар  “Нэхэмжлэгч нь анх шүүхэд “...хайгуулын ажлын үр дүн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, Ашигт малтмалын газрын хүрэн нүүрсний нөөцийг хүлээн авч, улсын нэгдсэн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэн тус компанид нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг даалгах, мөн ХV-018247 дугаартай цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын лицензийг ашигт малтмалын лицензээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаанд “...шийдвэр зэрэгт үндэслэн хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгохыг даалгах,... үлдэх хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг даалгах” гэж тодорхойлсон нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, шүүхийн шийдвэрийн “Удиртгал”, “Үндэслэх” хэсгүүдэд тодруулсан гэх уг шаардлагыг бичиж, “Тогтоох” хэсэгт “Нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон 2018 оны зургаадугаар сарын 27-нд гаргасан ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Эндээс үзвэл, нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн анх гаргасан болон шүүх хуралдаанд тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага өөр өөр. Шүүх “Тодруулсан” гэх шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа анх болон сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг “хольж” шийдвэрлэсэн. Ингэхдээ өөрийн санаачилгаар хариуцагчийн “татгалзал” болон “эс үйлдэхүй”-г тогтоож шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна. Тухайлбал, нэхэмжлэлийн зүйл нь хайгуулын талбайн хэсэгт дэх нүүрсний нөөц тогтоолгосон хэсэг /орд/-т ашиглалтын лиценз авахаар маргасан энэ тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь ердийн ашигт малтмалын хайгуулын талбайгаар бүртгэхийг даалгуулах шаардлага гаргах боломжгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг “...орд дээр ашиглалтын лиценз олгож, үлдэж байгаа хайгуулын талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын талбайгаар бүртгэхийг даалгах” гэж тодорхойлсныг шүүх уг хүрээнд шийдвэрлээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцэхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-д анх Цөмийн энергийн газраас олгосон “Ц-003Х” лицензийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс “ХV-018247” лиценз болгож бүртгэсэнтэй хэргийн оролцогчид маргаагүй. Тийм атлаа лицензийг өөрчлөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй. Энэ маргааны тухайд “Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын лиценз”-ээр олгогдсон талбайд хайгуул хийсний үр дүнд “Уран болон торийн бүлийн цацраг идэвхит изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлал илрээгүй” гэх нөхцөлд уг лицензийн төрлөөс шалтгаалж хайгуулын талбайн бүртгэлийг өөрчлөхгүй гэх хариуцагчийн татгалзал, үндэслэлд холбогдох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Давж заалдах шатны шүүх нь маргааны үйл баримтыг Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны хоёрдугаар сарын 13-ны хуулиар зааглаж, улмаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийг уг лиценз олгогдсон хайгуулын талбайн хилийн дотор “хүрэн нүүрс” хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэж болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэж, үүгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нэг үндэслэл болгосон нь буруу” гэсэн байна. Гэхдээ “Нэхэмжлэгч“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул “Магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гээд “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2018/0603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” гэсэн шийдвэрийг гаргасан. 


Хамгийн сонирхолтой нь “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан 2019 он гарангуут энэ асуудлаараа Захиргааны шүүхэд дахин хандсан. Тэр нь ердөө зургаан сарын дотор Дээд шүүхээр ороод гарчихсан. Ингэхдээ хамгийн ноцтой нь Дээд шүүхийн 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний тогтоолд “хянаад” тоочсон үндэслэлээр нэхэмжлэлээ засжээ. Ер нь бол ямар ч тэнэг хүн ойлгоод “санаа” аваад, “алдаа”-гаа засчихаар тогтоол болсон байгаа юм. Тиймээс 2019 оны нэхэмжлэл нь “2018 оны зургадугаар сарын 27-ны өдрийн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Монгол ураниум ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” болоод орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нар эхний удаад хянахдаа тогтоолоороо зөвлөгөө өгчихсөн байх магадлалтай өндөр байна.


Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

"Зууны мэдээ" сонин 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

"Өдрийн сонин": 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. №196 (7315)

"Өнөөдөр" сонин: 2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 203 (7762)