Б.БОЛОР

 

Өнгөрсөн баасан гаригт “Хөдөөгийн сэргэлт - Нээлттэй Төв аймаг” форум зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 2005 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааг ч мөн зохион байгуулжээ. Аймгийн “Өв соёлын төв өргөө” цогцолборт хөл хөдөлгөөн ихтэй болов. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 249 иргэн, аж ахуй нэгжийн 215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой аж. Сумдын үйлдвэрлэл эрхлэгчид болоод тариалан эрхлэгчид, малчид үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцож байв. "Нэг сум-нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд нийт 215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдсан байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг хангах түшиц нь Төв аймаг гэдэг. Нийслэлтэй хил залгаа оршдог Төв аймагчууд Улаанбаатар хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд малчид тариаланчдын хоршоодыг байгуулах, хамтын хөдөлмөрийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах олон боломжийг гарган, шийдлийг хэрэгжүүлсэн байна.  Ингэснээр орон нутагт боловсруулах үйлдвэр, цехүүд шинээр байгуулагдаж, аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 214.8 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оноос 103.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт хэмээн аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар форумын нээлтийн үеэр хэлэв.

Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч 100 жилийн түүхтэй Төв аймагт “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна. “Нээлттэй Төв аймаг” форумын хүрээнд 27 сумынхаа өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга, шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар сонирхогч аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулах, орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос сум руугаа чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Нээлттэй сум-нутгаа зорьё” сумдын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Түүнчлэн форумын хүрээнд “Төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг”-т 10 орчим төрийн байгуулага, 12 хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад, үйлчилгээ үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчлан ажиллажээ. Мөн “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийн хүрээнд ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагууд танилцуулга хийж, ажлын ярилцлага зохион байгуулан E-Job программд ажлын байрны захиалга болон ажил хайгчийг бүртгэнэ. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн 128  байгууллагын 699 ажлын байрны захиалгыг ангилж, QR кодоор байршуулж, иргэд байгууллагыг мэдээллээр хангадаг тухай мөн форумын үеэр танилцуулж байв.

Энэ оны аравдугаар сарын байдлаар Төв аймагт 800 иргэн, 23 аж ахуйн нэгж шилжин ирсэн нь Хөдөөгийн сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиж үр дүн өгч байгааг харуулж байгааг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар онцлов. Тэрбээр “Төв аймаг 10 мянган ажлын байр бий болгох боломжтойгоос гадна 20 мянган шилжин ирэх иргэд, 500 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай” хэмээн тодотгож байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)