Доржийн ОЮУНЧИМЭГ
Зууны мэдээ сонины “Старт апп” булангийн энэ удаагийн дугаарт Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж буй Япон улсын “Рикен коогёо” компанийн хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Рикен Коогёо компани 68 жилийн түүхтэй бөгөөд салхи, цаснаас хамгаалах хаалтны үйлдвэрлэл, суурилуулалт эрхэлдэг байна. Япон оронд Хоккайдо, Тоохокү, Хокүрикүгийн бүс нутаг цас их унадаг аж. Тиймээс өвлийн улирлын турш замын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай цасан шуурганаас хамгаалах ган хавтан үйлдвэрлэж эхэлжээ. Тус компанийнхан цаг агаарын судалгаанд үндэслэхийн зэрэгцээ хиймэл салхин хонгил ашиглан туршилтаа явуулдаг аж. Учир нь цасан шуурга болдог газарт хамгийн тохиромжтой, чанартай хашлагыг санал болгохыг зорьдог байна. Түүнчлэн туршилт хийхдээ хиймэл салхин хонгилд цасны хашлага болон тухайн газрын гадаргын загвар гаргаж, үзэгдэх орчны саад, цасан шуурга, цасан хунгар зэргийг зохиомлоор гаргадаг тухай “Рикен когёо” компанийн дэд ерөнхийлөгч Юкихиро Шибао хэлсэн юм. Тэрбээр, “Бид Хоккайдотой уур амьсгал төстэй учраас Монгол Улсад төсөл хэрэгжүүлэхийг зорьсон. Ингэхдээ "Жайка"-гаар дамжуулан Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар төлөвлөж байна. Манай төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд нэлээд дэм болно. Учир нь зам дагуух талбайг ашиглан мод тарих нь олон талын ач холбогдолтой. Түүнчлэн хашлага, хаалтаар хамгаалснаар хүн болоод малын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд ч эерэгээр нөлөөлөх юм. Төсөл хэрэгжих эхний үеүдэд бэлтгэл ажил хийгдэнэ. Ингэхдээ Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх. Эдийн засгийн хувьд өсөлт авчрах нь манай төслийн зорилго. Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж байлаа.
Зөвхөн замын хашлага төдийхнөөр төслийг харж болохгүй нь. Учир нь төсөл олон талын үр өгөөжтэй байх талаар ноён Юкихиро Шибао ярьж байв. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд зам дагуу мод тарихаас гадна цасан болон элсэн шуурга, хүчтэй салхинаас сэргийлэх хашлагыг суурилуулахаар төлөвлөжээ. Энэ нь нэг талд хашлага мэт боловч нөгөө талдаа байгаль орчин болоод зам руу мал, амьтан орох эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн хашлагыг Япон улсад ган төмрөөр хийдэг бол бид дотооддоо модоор хийх боломжтой. Учир нь модны олдоц элбэг байх бөгөөд хашлагын түүхий эдэд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг дотоодын зах зээлд үлдээх нь төслийн багийнхны зорилго ажээ. Ямартай ч “Рикен когёо” компанийнхны хэрэгжүүлэх төсөл урт хугацаанд манай улсад эдийн засгийн болоод нийгэм, байгаль орчны эерэг өөрчлөлтийг авчрах өгөөжтэй хэмээн төслийг хамтран хэрэгжүүлэгч Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Ч.Цог-Эрдэнэ хэлсэн юм.
Замын хашлага байгуулах төсөл хэрэгжсэнээр цасан шуурганы улмаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн дахин боловсруулалтад суурилсан нийгмийн бүтцийг бүрдүүлнэ. Байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг тавихаар төслийн багийнхан зорьжээ.
СLT ЦАСНЫ ХАШЛАГА
Нимгэн модыг боловсруулж, модон хашаа болгон ашиглана. Ингэснээр салхинаас хамгаалахаас гадна ой хээрийн түймрээс сэргийлэх юм байна. Учир нь дан унанга модыг энэхүү хашлагад хэрэглэх ажээ. Энэхүү хашлагыг хэрэгцээт газруудад угсарч дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс гэрлэн чиглүүлэгч буюу шугаман гэрлийг байрлуулах юм байна. Энэ нь жолооч нарт эгнээ байрыг эзлэх, цаг агаараас шалтгаалан үзэгдэх орчин муудаж байгаа талаарх мэдээллийг дамжуулах аж. Тодруулбал, цасан шуургатай бүс рүү дөхөж байгаа бол хашлага дагуух шугаман гэрлийн өнгө ногооноос улаан болон өөрчлөгдөх ажээ. Мөн энэ гэрэл нь нарны эрчим хүчээр цэнэглэхдэх бөгөөд эрчим хүчинд хэмнэлттэй байдлаар шийдлээ гаргажээ. Түүнээс гадна зам руу амьтан ойртойж байгаа эсэхийг ч хашлагад суурилуулсан гэрлийн тусламжтайгаар мэдэж болох нь.
Дахин боловсруулах үйлдвэрлэл
Зам дагуух модон хашлага хийхдээ ойд унасан модыг ашиглах юм. Ингэхдээ ойн цэвэрлэгээнээс гарсан түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн модны хаягдлаар хашлагын бэлдэцийг хийнэ. Энэ явцад гарч буй модны үртэсээр шонгийн бэлдэц хийж давирхай түрхэн амьтан үргээх юм байна. Дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхдээ орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой аж. Бүр тодруулбал, энэ төслийн хүрээнд эсгий үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой юм байна. Ийнхүү ажлын байрыг нэмэгдүүлэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ Япон руу экспортод гаргах нь. Учир нь тус улсад зам руу буга орж ирэх эрсдэл тулгамдаж буй. Тиймээс нохойн үстэй эсгий бүтээгдэхүүнээр хашлагаа бүрж бугыг үргээдэг тухай “Рикен когёо” компанийн дэд ерөнхийлөгч Юкихиро Шибао хэлж байлаа. Манай улсын эсгий үйлдвэрлэлийн салбарт шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь төслийнхний бас нэгэн зорилго. Тэд хонины ноосыг Японоос импортоор оруулж ирэх нохойн үстэй хольж эсгийг үйлдвэрлэхээр төлөвлөж буй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)