Ц.МЯГМАРБАЯР

 

“Mining Week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ “Шангри-Ла Улаанбаатар” цогцолборт дөрөв дэх өдрөө үргэлжилсэн юм.

Өчигдөр  зэс, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн парк, ган төмөрлөгийн бүтээгдэхүүний хэрэгцээ,  эдгээрийн зах зээл, далд уурхай, өгөгдөлд түшиглэсэн орон нутгийн хамтын ажиллагаа зэргийг бүтэн өдрийн турш хэлэлцэж шийдэл, үр дүнг танилцуулсан юм.  “Шинэ сэргэлтийн бодлого”-д нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангах хүрээнд томоохон төслүүд урагшилж, бодит ажил болох эхлэл тавигдаж байна.

  Монгол Улсын эдийн засгийн түшиц, экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах, үйлдвэрээ ойрын жилүүдэд барьж байгуулахаар  болж Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хорооны Зэсийн асуудал хариуцсан дэд хорооны дарга Х.Бадамсүрэн “Монгол Улсад хэрэгжих зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн цаашдын чиг хандлага”-ыг тодорхойлсон илтгэлийг хэлэлцүүллээ.

Мөн энэ өдөр  “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэр шинэчилсэн стратегиа танилцуулав. 2028-2036 онд “Оюутолгой”-н жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээ гурав дахин өсөхөөр байна. Ирэх онд үйлдвэрлэх зэсийн хэмжээ 40 хувиар нэмэгдэх нь.

Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний ногоон шилжилт нь зэсийн эрэлт, хэрэгцээг цаашид улам өсөн нэмэгдүүлэхээр байна. Зэсийн эрэлтийн өсөлтийн хурд 2020-2029 онд 1.9 хувь, 2030-2040 онд 2.5 хувь өснө гэж Wood Mackenzie таамагласан. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан авто машины үйлдвэрлэл, барилгын салбар, харилцаа холбоо, цэвэр технологи дахь хөрөнгө оруулалт, БНХАУ зэсийн эрэлтийг дэмжихээр байна.

Үнэ цэнтэй бүтээгдэхүүнээ боловсруулах, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл, технологийн парк 45 жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн хөгжих юм. Паркийн хөгжлийн төлөвлөгөөг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Үйлдвэрлэл, технологийн парк нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм.

Паркийн дэд бүтцийн ажлууд урагшилсан. Үүнд төмөр зам, авто зам, цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууламж орно. Бүтээн байгуулалтын ажлууд төслийн талбайд эхэлсэн. Үйлдвэрлэл, технологийн парк нь 1200 га газрыг хамарна. Парк Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусган катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр баригдана. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин бүрдсэн. Төмөр замын барилга угсралтын ажил 55 хувь, авто зам 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төрийн бодлогын дэмжлэг аж үйлдвэржилтийг хурдасгаж, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг тэтгэж эхэлж байна. Дорноговь аймагт ширэм үйлдвэрлэх “Алтанширээт”, кокс экспортлох “Гэрэлт говь” үйлдвэрлэл, технологийн парк эдийн засагт  ойрын үед шинэ мэдээ дуулгахаар байна. “Алтанширээт” Үйлдвэр технологийн парк нь 500 орчим шууд ажлын байр бий болгох бол “Гэрэлт говь” Үйлдвэр технологийн парк 400 шахам ажлын байр шинээр бий болгох нь. “Гэрэлт говь” нь коксын үйлдвэрээс гадна төмөр хайлуулах үйлдвэр, арматурын үйлдвэр барих юм.

Аж үйлдвэржилтийн хүрээнд нүүрс гүн боловсруулах санаачилга судалгааны түвшинд эрчтэй урагшилж байна. Нүүрсийг коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, ус төрөгчийн үйлдвэр байгуулах түвшинд энэ сэдэв өндрөө авсан. Үүний угтвар ажил болгож диметилийн эфир буюу нийлэг хий үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулахаар болсон. Монгол Улс хөгжингүй орнуудтай цэвэр эрчим хүчний шилжилтийн зүг зэрэгцэн алхахыг эрмэлзэж, нүүрсээ улам үнэд хүргэхээр төр, хувийн хэвшил судалгаа, туршилт руу гүн ороод байна.

“Mining Week” арга хэмжээ анх удаагаа цэвэр түлш болох устөрөгчийн үйлдвэрийн талаар хөндөж, үндсэн илтгэлийг Аж үйлдвэрийн үндэсний хорооны дэд дарга Н.Нямтайшир хэлэлцүүллээ. 2023 оны байдлаар дэлхий нийт устөрөгчийн үйлдвэрлэлийн ихэнх хувийг хатуу чулуун түлш болон байгалийн хийнээс үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд БНХАУ 43 сая тонн цэнхэр устөрөгч үйлдвэрлэхээр байна. Дэлхий дахинд устөрөгчийг ирээдүйн цэвэр түлшид тооцож буй.

 Дотоодын ган төмөрлөгийн бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэхээр байна. Бидний хэрэгцээ өнөөдрийн байдлаар 550 мянган тоннд хүрээд байна. Цаашид уул уурхай, дэд бүтцийн өсөлтөөр нэг сая тонныг давах төлөвтэй байна. Хар төмөрлөгийн үйлдвэрлэл энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 23.5 мянган тонн металл бэлдэц, 22.6 мянган тонн металл цувимал, 2200 тонн төмөр хийц үйлдвэрлэжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад эдгээр нь өссөн үзүүлэлт. Хэдий тийм боловч эрэлт хэрэгцээ нь жилээс жилд нэмэгдсээр.

Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, жилд 350 мянган тонн гол нэр төрлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 50 хүртэл хувийг хангах юм. Нийт хөрөнгө оруулалт нь хагас тэрбум гаруй ам.доллараар тоологдож байна. Цаг хугацааны хувьд бүрэн хэрэгжиж дуусах нь 2026  он гэж төлөвлөжээ. Үндсэн илтгэлүүдийн төгсгөлд Хүнд үйлдвэрийн хөгжил шийдэл сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Эдгээр илтгэгчдийн  онцлох ишлэлүүдийг хүргэе.

 

“Mining Week -2023” онцлог ишлэлүүдээс

 

Х.Бадамсүрэн:

-“Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг  Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн барьж байгуулахаар бүтээн байгуулалт дэд бүтцийн ажил явагдаж байна.

 

 

Дэйрдрэ Лингенфэлдер:

-Оролцогч бүх талуудынхаа итгэлийг дааж хамтран ажиллаж эерэг өөрчлөлтийг бүрдүүлэх замаар  шинэчилсэн стратегиа ажил хэрэг болгох нь оюутолгойчууд бидний үүрэг хариуцлага юм.

 

Г.Ёндон:

-Үйлдвэр технологийн паркийн байршил, технологи тодорхой болсон. Мөн хууль эрх зүйн хувьд ч  таатай орчин бүрдсэн байгааг хөрөнгө оруулагчдад дуулгамаар байна.

 

Колин Мурхед:

-Монгол Улсад уул уурхайн соёл харьцангүй тогтсон гэж хэлж болно. Гэвч орон нутгийн хамтын ажиллагааг хайгуулын шатнаас нь эхлэн хэрэгжүүлэхийн чухал болохыг бид өөрсдийн туршлагадаа үндэслэн хэлье.

 

Ц.Бямбацэрэн:

-Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхдээ бирж дээр байгаа хувьцааны үнэлгээг харахаас илүү компанийн тогтвортой байдлын тасралтгүй үйл ажиллагааны бодлого юу вэ. Аливаа нэг эрсдэл учирвал эрсдэлээ даван туулах ямар стратеги баримталж байгаа вэ гэдгийг хардаг. Энэ нь хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлдөг цаг үе ирээд байна.

 

Б.Нямтайшир:

-Дэлхий өндөр технологийн ногоон устөрөгчийг эрчим хүчний түлшинд ашиглах чиглэл рүү хандаж  байна. Нүүрсэнд түшиглсэн устөрөгчтэй хосолсон түлшний цахилгаан станц барих чиглэлд. Ингэснээр эрчим хүчний найдвартай, аюулгүй эх үүсвэртэй болох боломжтой.  Нүүрснээс эрт татгалзсан орнууд шийдвэрээ эргэн харж байна. 

 

Б.Дэлгэрсайхан:

- Төмөрлөгийн салбарыг хөгжүүлснээр бид юун түрүүнд байшин барилгын гол түүхий эд болох арматурыг дотооддоо үйлдвэрлэвэл барилгын салбарт хувьсгал болно. 

 

Чуулганы зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ажиллаж байна. Түүнчлэн платинум спонсоруудыг нэрлэвэл “Энержи Ресурс-Хөгжлийн Төлөө”, “Эрдэнэс монгол”, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын Алт”, “МАК” ажилласан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)