Т.САЙХАН
7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөлд анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр шүүх хуралдаан нь болов. Давж заалдах шатны шүүх түүний ялаас хоёр жилийг хасаж, 10 жил болгон бууруулан шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүхээс "Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд: анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын хамгийн дээд буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж гэж/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нийт хорих ялын хэмжээ 12 жил байсныг 10 жил болгож өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn