Б.СОЛОНГО

“Монголчууд үнэхээр юм хийж чаддаг болжээ” гэсэн үгийг “Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэ­лэн худалдааг сонирхож явсан олон хүн хэлнэ лээ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хамтран зохион байгуулж буй үндэсний үйлдвэр­лэгч­дийн ээлжит үзэсгэ­лэн худалдаа “Мишээл экспо” , “АСА” цирк, “IT world” зэрэг газруудад  өчигдөр эхэллээ.

Сар шинийн баярын өмнө хямдралтай, чанар­тай, хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгч­дийн бүтээг­дэхүүнийг сонирхо­хоор олон хүн тус газруу­дад очсон байлаа. Хам­гийн ачаалалтай нь “Мишээл экспо” төв байсан юм.

ЦАГААН САРЫН БЭЛЭГНИЙ САНАА

Тэнд Монголд үйлд­вэрлэсэн олон төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ. 5000 төгрөгийн ноосон оймс­ноос эхлээд 500 мянган төгрөгийн мөнгөн аяга гээд байхгүй зүйл алга гэж хэлж болохоор байв. Иргэд худалдан авагчид ерөн­хийдөө сонирхол нэг байв. Тэр нь цагаан сарын бэлэг цуглуулах. Тиймдээ ч хүнд бэлэг болчихоор чанартай, бас хямдхан бүтээгдэхүүн хайж байлаа. Үйлдвэрлэг­чид ч үзэсгэлэн худалдааг тохиолдуулан хямдралтай үнэ санал болгож байв. Хэрэв нэг хүний бэлэгт 5-15 мянган төгрөг төсөв­лөсөн бол үндэсний бэ­лэг­­ний сонголт тун арвин. Цэвэр арьсаар хийсэн гоо сайхны хэрэгслийн сав, тэмээний ноос, сарла­гийн хөөврөн оймс, бээ­лий, төрөл бүрийн мате­риалаар хийсэн углааш, утасны гэр, мөнгөний уут, дотоо­дод үйлдвэрлэсэн хос са­ван, шампунь гээд сонголт олон байна билээ. Тэдэнд дундаас худалдан авагч­дын сонирхлыг их татаж байсан нь төрөл бүрийн арьсан уутнууд. Жолооны үнэмлэх, иргэний үнэм­лээ хамтанд нь хийчихдэг “Чингис хаан” хөрөг бүхий арьсан хавтас 2500 төгрөг. Тээврийн хэрэгс­лийн гэрчилгээгээ хамт хийдэг жижигхэн цүнх бол 8000 төгрөг. Үзэг, нэрийн хуудас, гадаад паспорт, тамхины уутнууд гээд хү­ний өдөр тутмын хэрэглэ­дэг, дээрээс нь үндэсний лого бүхий арьсан эдлэл төрөл бүрээрээ байгаа. Мөн хүний эрүүл мэндэд хэрэгтэй чулуу, зэсээр хийсэн үсний даруулга, бугуйвч, зүүлт зэргийг 15-20 мянган төгрөгт тааруу­лан худалдаж авах бо­ломж­той байв. Харин үүнээс арай илүү үнээр бэлэг бэлдэхээр шийдсэн бол 25-60 мянган төгрө­гийн үнэтэй төрөл  бүрийн цүнх, тэлээ, ороолт мал­гай, байгалийн модон сувинер зэрэг сонголтууд байж болох юм. Цагаан сарын бэлгээ сонгохоос гадна сар шинийн гоёл, гэр ахуйн хэрэглэлээ ч мөн эндээс авч болохоор юм. Загварын болон нэхий дээл, гэр ахуйн төрөл бүрийн монгол бараа, аяга, бүс, хэт, даалин, хөөрөг, ноолуу­ран хувцас гээд үнэ өндөр ч тэр бүр харагдаад бай­даггүй ча­мин эдлэлүүдийг хотын­хон багагүй сонир­хож бай­л­аа. “IT world” төвд ч мөн дээрх бүтээг­дэхүү­нийг дэлгэсэн гэсэн.

ХОНИНЫ МАХЫГ 5200 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Харин үндэсний үйлд­вэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүнийг “АСА” циркт худалдаалж байгаа юм. Цагаан сарын ул боов, цагаан идээ, ааруул тос, ууц, мах гээд хүнсний зах руу зүглэх шаардлага­гүй­гээр эндээс бүх зүйлээ бэлдэж болмоор юм. Үнийн хувьд ч уян хатан байна. Хонины гулууз махыг килограммыг нь 5200 төгрөгөөр бодож ху­далдаалж байгаа нь худал­дан авагч ихтэй байлаа. Мөн сар шинийн ул боов ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй байна. Ул боовыг орлуулж болохуйц, дараа нь идэхэд эвтэйхэн гэгд­дэг савхан боовыг мөн л 2000 төгрөгөөр зарж бай­лаа. Аймаг бүрээс ирсэн нутаг, нутгийн сайхан амттай ааруул, тос, ээз­гий, өрөм тэргүүтнийг нэг дороос авч болох юм. Хөвсгөлөөс ирсэн цагаан загас хүртэл гүйлгээ сай­тай байгаа нь харагдсан. Мөн зөгийн бал, төрөл бүрийн салат ч байна. Монголчууд дотооддоо ариун цэврийн хэрэгс­лийг чанар сайтай үйлд­вэрлэ­дэг нь харагдлаа. Нойтон хуурай салфетка, нэг удаа­гийн хоолны хэрэг­сэл, ширээний бүтээлэг, гарын алчуур зэрэг нь гүйлгээ сайтай барааны тоонд орж байв. Үндэсний үйлдвэр­лэгч­дийн үзэсгэ­лэн худал­даа ирэх сарын 10-ныг дуус­тал үргэлжлэх юм. Харин “Мишээл экспо” төвийн худалдаа энэ сарын 31-нд дуусна гэсэн.