Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг хурдасгах, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Уул уурхайн 7 хоног” өдөрлөг өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Цаашид геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, олон улсын технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэхэд бодлогын хувьд анхаарч ажиллах шаардлагын өмнө нүүр тулаад буй. Тиймээс өчигдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр хэлэлцүүллээ.
Монгол Улсад геологийн судалгааны арван чиглэлээр 70 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд УУХҮЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах хүсэл, сонирхол өндөр байгаа аж. Энэ тухайгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Өнгөрсөн оны “Уул уурхайн долоо хоног”-ийн үеэр 2010 оноос хайгуулын тусгай зөвшөөрөл олголт тогтворгүй байгаа тухай ярьж байсан. Тэгвэл 2022 оны арваннэгдүгээр сараас тогтмолжуулж 171 тусгай зөвшөөрөл олгоод байна. Цаашид 2.17 га талбайн зөвшөөрлийг хуулийн дагуу шалгаруулж цахимаар олгоно. Ирэх жилийн “Уул уурхай 7 хоног” хүртэл хайгуулын салбарт Монголын газар нутгийн 25 хувийг хамарсан олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлага хангасан дата мэдээлэлтэй болно. “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Р.Фрийдланд “Монголын нийт баялгийн нэгхэн хувийг илрүүлсэн, судлагдаагүй маш их баялаг бий. “Оюутолгой” шиг орд ганцаар оршдоггүй, ойр хавьд, сав газарт нь орд заавал байх ёстой. Монголд боломж бий” гэж ярьсан. Газрын тосны ашигтай нөөц 33.4 сая тонн байгаа. Иймд геологи хайгуул, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй байна. Зарим улстай хамтран газрын ховор элементийн судалгааг эхлүүлсэн. Арваннэгдүгээр сард судалгааны төвөө нээнэ. Улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгцээ, шаардлага жил ирэх тусам нэмэгдэж буй. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал. “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гэлээ.
Энэ хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран геологи, уул уурхайн төсөл хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн хэмжээний олон, олон орд олох боломж бүрдэх ажээ .
Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга чуулганы оролцогчдод танилцууллаа. Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг манайх цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон байна. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж байна. Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Тиймээс УУҮЯ геологи хайгуулын салбарт улам далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлнэ гэдгээ энэ үеэр хэллээ.
Дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт 2035 оноос багасаж, эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа. Манай улс 61.4 сая тонн зэсийн нөөцтэй гэдэг бөгөөд зэсээ 2024 оны нэгдүгээр сараас уул уурхайн биржээр арилжиж эхэлнэ. Ингэснээр Лондонгийн биржээс үнэтэй зарах, БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд манай баяжмалыг худалдаж авах боломж бүрдэх юм.
Мөн “Mining Mongolia 2023” чуулганы үеэр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг оролцогчдод хүргэж байв. Тус хуулийг 1994 онд батлан, 1997 онд шинэчлэн найруулж, 2006 оноос хойш 153 удаа өөрчлөлт оруулжээ. Улмаар 267 зүйл заалт давхардаж, хууль хооронд 156 зүйл заалт зөрчилдсөн тул шинэчлэн найруулахаар 2020 онд ажлын хэсэг байгуулсан юм. Хуулийн төслийн эхний хувилбарыг энэ оны гаравдугаар сард бэлтгэн, үзэл баримтлалыг нь тавдугаар сард батлуулж, гурван сарын турш дахин санал авчээ. Ирүүлсэн 1315 саналаас төслийн хоёр дахь хувилбарт 35-ыг нь шигтгэсэн бөгөөд Засгийн газарт одоогоор хэлэлцүүлээгүй байгаа тул чуулганд оролцогчид санал бодлоо илэрхийлэх боломжтой байсан юм.
Сонирхуулахад, манай улс нүүрс, төмөр, жоншоо 2023 оны нэгдүгээр сараас биржээр борлуулж эхэлснээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ, валютын орлого нэмэгдсэн. Тухайлбал, биржээр 7.5 сая тонн нүүрс зарж, нийт экспорт 48 сая гаруй тоннд хүрчээ. Он дуустал 60 сая тонн нүүрс экспортлох боломж байгаа аж. Бирж байгуулахаас өмнө нийт экспортолсон нүүрсний хоёр хувийг эрчим хүчний, 98 хувийг коксжсон нүүрс эзэлж байсан бол биржийн арилжааг эхлүүлснээр эрчим хүчний нүүрсний хэмжээ 11 хувьд хүрчээ. Монгол Улс одоогоор 10 боомтоор бүтээгдэхүүнээ тогтмол экспортолж байна. Цаашид боомтын тоог нэмэх, улирлын чанартай ажиллаж буй зарим боомтоо байнгын болгох, ажиллах цагийг уртасгах зэрэгт анхаарч байгаа юм.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)