Т.САЙХАН

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар хэлэлцлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг  үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.

 

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн гэлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбат:- "УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны хоёрдугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулсан.  Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 606 сая ам.доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэв. 

Эх сурвалж:www.polit.mn