П.АМГАЛАН
Өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлсэн. Тэрбээр зарим анхаарал татсан асуудалд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, сайд асан Т.Бадамжунайгийн ар гэрээс дарамт шахалт үзүүлсэн мессеж их ирж байна гэсэн олон анхаарлыг татав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд “Т.Бадамжунайгийн гэр бүлээс өшөө авна гэсэн мессеж сүүлийн үед олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайд ч авсан байх. Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэтийн асуудлыг нуугаад яваад байж болох байсан. Эдгээр асуудлыг гаргаж тавьснаараа нийгмийг бухимдуулж, намынхаа нэр хүндийг унагааж байна, журмын нөхдөө хүнд байдалд оруулж байна гэж олон хүн хэлдэг. Хувь хүний хувьд надад Т.Аюурсайханд тэгэж хандах хэцүү. Наад суудал чинь үүрдийн биш гэдэг, үнэн. Гэхдээ бид нар ийм асуудлуудыг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, нөхдөө хамгаалж явсаар байгаад Монгол Улсыг ийм байдалд оруулчихсан. Хөгжлийн банктай холбоотой асуудал, 1.5 тэрбум ам.долларыг аваад та нар фракцаараа хувааж авсан шүү. Сая л бид Чингис бондын төлбөрөө төлж, дефольтоос гарсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал зургадугаар сарын 29-нд, сонгуулийн өдөр шийдэгдсэн. Зургадугаар сарын 20-29-нд буюу есөн хоногийн дотор 400 сая ам.долларыг найман компаниар дамжуулж нэг залууд өгсөн. Энэ таны хайртай ах Ц.Элбэгдоржийн хийсэн ажил. Зарчим хоёр үзүүртэй байх ёсгүй. “Оюу Толгой” ХК-ийн асуудлыг Ч.Сайханбилэг Засгийн газраар хуралдуулалгүй энэ асуудал болсон.Ганцаараа захирамж зурсан. Тийм эрх мэдэл Ерөнхий сайдад байхгүй. Одоо зугтаасан, шүүх дээр нь хэргийн бүрдэл хангагдахгүй гээд прокурор дээр хэрэг нь байгаа. Нэг ийм гоё нэршлийн цаана авлигын том систем нуугдаж, төлжиж, ургадаг юм байна лээ шүү. Гэхдээ саяны дүнгүүдийг та бүхэн төсөв дээр хараарай. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оноос хойш хоёр дахин өссөн. Энэ бол ийм хэмжээний далд эдийн засаг бүртгэгдсэн гэсэн үг. Энэ мөнгөөр улс тогтворгүй байсан. Өнгөрсөн гучин жилд 1.5 жилийн настай байсан Засгийн газрын хувь тавилан энэ байсан. Одоо энэ алдсан боломжоо буцааж авах гэж том системийн авилгачид аль нэг намыг худалдаж авах гэж сонгуулиар их юм болно шүү. Үүн дээр битгий гэнэдээрэй. Хатуу байгаарай. Д.Эрдэнэбилэгээсээ ардчилсан нам нь хол байгаарай, гуйж байна. Манай нам дотор байгаа системийн хүмүүсийг зайлуулах гэж үйлээ үзэж байна. Та нар битгий халаасанд нь ороорой. Хэдэн авилгачид амь тавихдаа чарлаж байгааг би ажиглаж байгаа. Гадна, дотны нөлөө байж ч магадгүй гэж бодож байгаа. Би Ерөнхйи сайд байхдаа авилгатай тэмцэж байгаа хууль хяналтын байгууллагуудын мөрдөстнүүдээ хамгаална. Би авилгачтай тэмцэнэ. Нүүрсний хэрэг, Эрдэнэт зэрэг том авилгатай холбогдсон нөхдүүд зохион байгуулалтанд орж, энэ тэнд уулзаж, янз бүрийн асуудлууд зохион байгуулж байгаа мэдээг авч байгаа. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгээ дахиад хэлье” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn