Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Уул уурхайн салбар бол Монгол Улсын хөгжлийн зүтгүүр гэгддэг. Тодруулбал, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг. Тиймээс эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна. Тэгвэл тус салбарын бүх түвшний оролцогчид нэг дор чуулж алдаа оноо, цаашдын чиг хандлагаа хэлэлцдэг “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” өчигдөр эхэллээ. Тус арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй. Уулзалт таван өдрийн турш болох бөгөөд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин болон дотоодын томоохон аж ахуйн нэгж байгууллагын гурван мянга гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах, удаан хугацааны түнш байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулахын зэрэгцээ зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго гэдгийг зохион байгуулагчид онцлов. Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбаруудад нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбар тэр дундаа худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү болон тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байна. Статистик үзүүлэлтээр, 1990-2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14 мянга 836 компани байгуулагдан нийт 39.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Харин 2010-2011 оны хооронд уул уурхайн салбарын тэсрэлт, ялангуяа Оюутолгойн бүтээн байгуулалтаас шалтгаалсан гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манай улс 43 оронтой, давхар татварын гэрээг 26 улстай байгуулсан байна. Тэгвэл цаашид хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийг хийхээр зорьж байгаа бөгөөд биржийн тогтолцоог боловсронгуй болгож, хил нөхцөлөөр уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулах юм.

Энэ тухай Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Уул уурхайн салбарт биржийн тогтолцоог бүрдүүлсэн. Экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд очсон төдийгүй тэр үеэс давсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр борлуулж эхэлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг нэг шат ахиулахаар зорьж байна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Биржийн тогтолцоог улам боловсронгуй болгоно. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна”  гэсэн юм.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриалсан юм. Засгийн газар урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгааг салбарын сайд тодотгов.

Мөн хөрөнгө оруулалтыг онцлох зочин нь “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд байлаа. Түүний хувьд Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн юм.

Мөн энэ жил уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна. Монголын эдийн засгийн гол хөшүүрэг уул уурхайн салбарт эрх зүйн шинэчлэл үргэлжилсээр. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийт, оролцогч талуудын түвшинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлт авах, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсох үйл явц өрнөж байна. Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзсэн юм.

 Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар, Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, “Салбар хоорондын уялдаа” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 201 (7186)