Ц.МЯГМАРБАЯР

Монголын Уул уурхайн 7 хоног "Mining week-2023" өнөөдөр Шангри-ла Их танхимд эхэллээ. 300 гаруй уул уурхайн салбарын төлөөлөл хөрөнгө оруулагч нар оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл " Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар" сэдвээр эхний илтгэлийг тавив. Тэрбээр "Хайгуулын салбар манай улсад зогсонги байдалд оржээ. Үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт удааширч, эрдэс баялгийн сангийн нөөц хомсдож байгаа. Манай улс одоогоор хайгуульд 42 сая ам. доллар зарцуулсан бол дэлхий нийт 11.2 тэрбум ам. доллар зарцуулсан байна. Дэлхий ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалт руу чиглэж байгаа энэ үед мэдээж нүүрсний салбарт хөрөнгө оруулалт бага байх нь тодорхой. Тиймээс зэс, алт, газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын санхүүжилтыг нэмэгдүүлэх шаардлага байна" гэв. Одоогоор манайд хайгуулын 1000 зөвшөөрөл байгаа нь нь хангалтгүй аж. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн шинэчлэл" илтгэлээ танилцуулав. Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэхээр байна. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна" гэв. Уул уурхайн биржийн тогтолцоог бүрдүүлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг шат ахиулахыг зорьж байна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Хөрөнгө оруулагчдын өмнө учирч буй бэрхшээл, хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх механизмыг боловсруулж, Арбитарын хуулиар зохицуулж болохоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгаж буй талаар онцлов. Мөн "Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр", " Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин" зэрэг сэдвээр салбарын сайд нар илтгэлээ тавьлаа. Эдгээр илтгэлүүдтэй холбогдуулан салбар хоорондын уялдаа хэлэлцүүлэг үргэлжлэх юм байна. Чуулганы онцлох зочиноор Роберт Фридланд оролцож үг хэлэх аж.

Эх сурвалж: www.polit.mn