Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улс 2024 онд хэдэн төгрөг олж, хэдийг нь зарцуулах вэ гэдгээ батлуулахаар УИХ-д өргөн барив. Хуулийн хугацаандаа өргөн барьсан төсвийн төслийнхөө талаар Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн сэтгүүлчдийн клубынхэнд мэдээлэл өглөө. Танилцуулгынхаа эхэнд 21 хоногт 16 аймгаар явж хүмүүсийн санал, бодлыг сонссон талаараа тодотгов. Тэрбээр “Иргэдэд ойрхон ил тод төсөв болсон. Хүмүүс улсын төсвийнхөө орлого, зарлагад хяналт тавьдаг байх ёстой. Тиймээс бид нээлттэй, шилэн, ил тод байдлыг чухалчилж байгаа” гэсэн юм.

Ирэх жилийн төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнийг 74 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэс борлуулна хэмээн төсвийн төсөлд тусгажээ. Мэдээж төсвийн орлого 25.3 их наяд, зарлага 27.4 их наяд төгрөгт хүрч 2.1 их наядын алдагдалтай байх аж.  Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийг ирэх онд 8.5 хувь байна хэмээн төсөөлжээ. Үндсэндээ ирэх жилийн төсөв хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжихэд чиглэгджээ. Тодруулбал, орон нутгийн онцлогт таарсан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх нь. Түүнчлэн суурьшихаар зорьсон хүмүүст нийгмийн баталгаа олгох аж. Түүнээс гадна ирэх жил нэг удаагийн арга хэмжээнд 232.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаж. Тухайлбал, УИХ, ИТХ-ын сонгуульд 72.2 тэрбум, Парис-2024 зуны олимпод 22.6 тэрбумын санхүүжилт олгох юм байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухайд 3.2 их наяд төгрөг байх бөгөөд энэ нь ДНБ-ий таван хувьтай тэнцэнэ гэдгийг Сангийн сайд онцоллоо. Хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй төслийг санхүүжүүлэхэд зарцуулна. Мэдээж энэ нь улиг болсон хэллэг боловч зураг төсөл, ТЭЗҮ нь бэлэн төслүүдэд санхүүжилт олгохдоо гурав хуваах зарчим баримтална гэдгээ ч мөн хэлж байна. Төслийн санхүүжилтийн эхлэл хэсгийг 30-40 хувь орчимд барих бөгөөд дараагийн санхүүжилт ирэх жилийн төсөвт хүндрэл учруулахгүй байх учиртайг мөн тэрбээр онцолж байсан юм.

Ингэхдээ хөдөөгийн алслагдсан багуудаас мэдээлэл холбооны дэд бүтцэд холбогдоогүй 191 багт харилцаа, холбооны дэд бүтэц байгуулна. Олон улсын жишигт нийцсэн “Халдвартын үндэсний төв”, “Зүрх судасны үндэс төв”, “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв” зэрэг эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт хийхээр мөнгө төсөвлөж байгаагаа дуулгалаа.

Мөн Хөшигийн хөндийн дэд бүтэц болон 10 аймгийн дулааны станцын дэд бүтцийг барьж байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг 2024 оны төсөвт тусгажээ. Тухайлбал, Архангай аймгийн Цэцэрлэгт 25Гкал/ц хүчин чадалтай станцыг барьж байгуулахад 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх юм байна. Энэ мэтчилэн Дундговь, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Төв, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудад дулааны станц байгуулагдах нь.

Түүнчлэн зам тээврийн салбарт 607.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 96 төсөл хэрэгжүүлэх аж. Үүнээс 13 сумын төвийг хатуу хучилттай автозамаар холбох төсөл байгаа юм байна. Нөгөөтэйгүүр хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилтын хүрээнд 140 сургуульд 361.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох бол 36 дотуур байр барихад 43.2 тэрбумыг төсөвлөжээ. Мөн 128 цэцэрлэг барихад 147.8 тэрбум, 115 эмнэлэгийн барилгад 216.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх нь.

Ямартай ч Монгол Улс ирэх жилийнхээ орлого зарлага хийгээд ямар бүтээн байгуулалтыг хэдэн төгрөгөөр хийх вэ гэдэг төсвийн тооцооллоо гаргачихлаа. Харин үүнд зайлшгүй харж, хянах бас олон нийт мэдэх шаардлагатай тооцооллууд бий. Нөгөөтэйгүүр төсвийн төсөөллөө өргөн барихад хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж гарчигласан нь Сангийн сайдын “мэдлийнх” биш хэмээн тэрбээр хариулсан. “Би үүнийг ёстой ойлгоогүй. УИХ-ын хэвлэлээс гаргасан мэдээний гарчиг. Тэндээс л асуу” гэж хариулна лээ.

Төсөвтэй холбоотой гарч байгаа үг үсэг бүр Сангийн сайдынх л гэж харагдана. Харин түүнийг нь “Мэдэхгүй” гэж хариулах юм бол эрхэм гишүүдээр батлуулах төсвийнхөө төслийг эцэслэн батлагдахад “Би мэдэхгүй. Гишүүд л мэднэ” гээд зогсож байх вий. Иргэдээр хянуулах ирэх жилийн төсөв барианаас гарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)