Цэвэгдоржийн Мягмарбаяр
Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос 70 км зайд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын анхны Салхитын салхин сэнсний станцад очлоо. Зам дагуу уулын хяраар байрлах салхин сэнсийг алсаас л хараад өнгөрдөг байв. Харин нүсэр том байгууламжийг яг дэргэдээс нь харах сүрдмээр байв. 2004 онд байгуулагдсан тус станц 51 мг/Вт хүчин чадалтай. Ердийн 8.1 м/с салхины хурдаар эргэж цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Салхины тэсвэрлэх дээд хурд 77.2 м/с . Нэгж турбин буюу салхин сэнсний далбаан урт 40 метр, 6.2 тонн жинтэй 80 метрийн өндөр. Нийт 1100 тн жинтэй сэнсний эргэлтийн хурд 9-18 мянган рот. Нэгж турбины хүчин чадал 6.1 мг/Вт. Ийм 32 салхин сэнсийг Салхит хэмээх өндөр уулыг дамнуулан хооронд нь 100 метрийн зайтай байрлуулсан гэж тус станцын гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар бидэнд ярьсан юм. Тэрбээр “.... уг станц болон 32 цэгт босгосон салхин сэнсний бүтээн байгуулалтын суурийг цутгахад тухайн үед 18 дотоодын туслан гүйцэтгэгч компани 500 монгол ажилтан оролцож 800 тонн бетон зуурмаг, 50 тонн арматур, ус чийгний хамгалалт дулаалга, шороогоор булж дагтаршуулсан. Эхний сэнсний газар доорх суурийн арматурыг 20 хүн хоёр долоо хоног зангидаж байсан бол сүүлдээ хоёрхон хоногт дуусгаж байлаа. Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас 35 сая ам.доллар, Нидерландын Хөгжлийн сангаас 85 сая ам.доллар нийт 122 сая ам.долларын зээлийг долоон хувийн хүүтэйгээр авч бүтээн босгосон. Тус зээлийг 14 жилийн хугацаанд төлж дуусгах гэрээтэй. Одоо дөрвөн жил үлдээд байна” гэсэн юм. Эднийх одоогоор нэг кВт цахилгааныг 9.5 ам.доллараар борлуулж байна. 2011 онд байгуулсан гэрээ аж Энэ үнэ нь Дарханы цахилгаан станцтай ижил үнэтэй байгаа гэлээ. Жилд 160 гаруй кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Зээлдээ 9.5 сая ам.доллар, татварт нэг сая ам.доллар төлдөг байна. Түүнчлэн урсгал засварт мөн нэг сая орчим ам.долларыг, Төвийн эрчим хүчний нэгдсэн төв болон Эрчим хүчний зохицуулах хороонд 500 ам.доллар, ажилчдын цалин, үйлдвэрийн урсгал засварт 2.5 сая ам.долларыг зарцуулдаг аж.
Бид Салхит уулын хамгийн өндөр цэгт байрлах турбин дээр очсон юм. Өнөөдөр салхи ихтэй үйлдвэрлэл өндөр байхаар байна гэж ээлжийн инженер О.Од-Эрдэнэ ярьж байв. Намар, хавар, өвөл салхи ихтэй үед үйлдвэрлэл сайн байдаг. Зун ихэвчлэн тогтуун байдаг учраас муу байх жишээтэй. Салхин сэнсний нэг онцлог нь хэрэглээ ихтэй оргил цагууудад салхи багатай бол үйлдвэрлэх хэмжээ багасдаг юм байна. Тиймээс нэг кВт цахилгааны үнийг бууруулах боломжгүй хэмээн төслийнхөн ярьж байна. 2012 оны салхин болон нарны станцын нэг кВт цахилгаан эрчим хүчний үнийг өнөөдрийн үнэтэй харьцуулбал 6-7 дахин нэмэгдсэн. Гэхдээ технологи сайжирч өртөг зардал багассан аж.
Манай улс одоогоор сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 18 хувийг хангаж байгаа гэх боловч НҮБ-ын өмнө хүлээсэн Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах амлалтын хүрээнд 2030 он гэхэд 20-30 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнээс Салхитын салхин сэнсний станц 3.2 хувийг л хангаж байгаа юм. Тус станц жилд 180 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас урдчилсан сэргийлж 122 мянган тонн нүүрс, 106 тонн цэвэр ус хэмнэж 160 гаруй к/вт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсан хамгийн найдвартай байгалийн шавхагдашгүй эрчим хүчний эх үүсвэр юм. Тус станцыг цаашид нарны сэргээгдэх эрчим хүчний станцаар өргөтгөх боломж байгааг онцолж байв.
Эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр эдийн засаг тэлэх боломжтой ч нөгөө талаар дотоодын үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй өргөтгөж буй төслүүд нь цаг хугацаандаа ашиглалтад орохгүй байгаагаас оргил ачааллын цагт хоёр хөршөөс импортоор цахилгаан эрчим хүчээ авч ашиглаж байна. Цаашид шинэ эх үүсвэр баригдтал чадлын дутагдалд байсаар байх нь тодорхой. Энэ хэвээр байвал энэ өвөл эрчим хүчинд хязгаарлалт хийнэ гэж мэргэжлийнхэн хэлж байна. Төрөөс цахилгааны үнийг барьж чөлөөтэй болгоогүй арван жил явснаас үүдэж тус салбар сэхэхээргүй боллоо гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өөрөөр хэлбэл , эрчим хүчний үнийг чөлөөлөөгүйгээс тус салбарт хөрөнгө оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид үгүй болсон. Харин энэ үед нар болон салхи, усны сэргээгдэх эрчим хүчний станц барих нь хөрөнгө оруулагчдыг татах нэг боломж нөгөөтэйгүүр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дөхөм болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 196 (7181)