Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас манай улсыг 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн хэмээн мэдэгджээ. Энэ үр дүнгээр Монгол Улс Ази тивийн анхны орон болж байна. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “ФАТФ манай улс дахь мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, хууль бус санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааг 2017 онд хянан шалгаж, нийт 40 зөвлөмжөөс 15-ыг нь хангалтгүй биелүүлж байна гэсэн дүнгээр 2019 онд тус байгууллагын стратегийн дутагдалтай орнуудын гэх саарал жагсаалтад оруулж байсан” талаар хэлж байв. Манай улс жил бүр ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн салбар байгууллагад тайлангаа хүргүүлдэг.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Канадад болсон бүсийн уулзалтад манай улс тайлангаа хамгаалсан. Ингээд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг биелүүлж үнэлгээгээ ахиулсан хэмээн дүгнэн Ази тивийн анхны үүргээ бүрэн биелүүлсэн орон болж байна.

Манай улс 40 зөвлөмжийн найм дахь үнэлгээг сайжруулах шаардлагатай байсан талаар албаныхан хэлж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ФАТФ-ын нийт 40 зөвлөмжийн 39-ийг нь биелүүлээд байсан гэсэн үг. Дутуу байсан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хянах ёстой байж. Үүнийг ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан сайжруулсан талаар албаныхан тайлбарлав.

Тэгвэл цаашид “хориг”-т орохгүй байхын тулд юуг анхаарах вэ гэдэг чухал. Тиймээс мөнгө угаах, терроризмтэй тэмцэхийн тулд Эрсдлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, Комплайнсын зөвлөл, финтекийн холбоо байгуулах, Цахим платформтой болох “амлалт”-ыг ФАТФ-ын өмнө авчээ.

Мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлуулан гаргаж мөрдөж эхэлсэн. Ингэснээр Ази тивдээ виртуал зохицуулалтыг хийсэн анхны орон болсон юм. Эдгээрийг хийснээр манай улсын үнэлгээ ахисныг албан ёсоор зарласан аж. Үүнийг дагаад манай улсын мөнгө, санхүүгийн салбарт эерэг өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нэр хүндэд таатай нөлөөлнө гэсэн хүлээлт бий болж байна хэмээн Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар хэллээ. Тэрбээр, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа хамтын ажиллагаан дээр суурилдаг. Монгол Улс энэ чиглэлээр Үндэсний болон Хамтын ажиллагааны гэсэн хоёр зөвлөл байгуулан мөнгө угаах, терроризмтэй тэмцэх ФАТФ-ын үйл ажиллагааг ханган ажиллаж байгааг онцоллоо.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд санхүүгийн эрсдлийн үнэлгээг хийхээс эхлээд урдчилан сэргийлэх, мэдээлэх, дүн шинжлэх зэргээр зохицуулах болон хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд тулгуурлан ажиллаж байна. Хамтын ажиллагааны зөвлөл дээрх үйл ажиллагааг бүхэлдээ зангидан, хийж буй ажлаа Үндэсний зөвлөлдөө тайлагнадаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)