Б.БОЛОР

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн BEST хөтөлбөрийн тусламжтайгаар 2019 оноос хойш 4000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 200 гаруй тэрбум төгрөгийн зээлд зуучлан хамруулжээ.  Энэ талаар “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” уулзалтын үеэр ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ үеэр АНУ-ын ОУХА-ийн BEST хөтөлбөр, Монголын Банкны Холбоо, Банк Санхүүгийн Академийн хамтран гүйцэтгэсэн “Хөдөө аж ахуй эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээт байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулсан байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн гэрээт үйлдвэрлэлд суурилсан санхүүжилтийн шинэлэг стратеги, салбарын онцлог хэрэгцээнд нийцсэн санхүүжилтийн загваруудыг нэвтрүүлэх, мөн арилжааны банкуудад хөдөө аж ахуйн санхүүжилтэд зориулсан нэгж байгуулах боломжийн талаар хэлэлцжээ.