Б.БОЛОР

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд зарим заалтыг оруулсан байна. Тодруулбал, төмөр замын тээвэрлэгч нь өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй байх. Байхгүй нөхцөлд зүтгүүрээр үйлчлүүлэх гэрээ байгуулахаар зохицуулжээ. Мөн олон тээвэрлэгчтэй болсноор өрсөлдөөнийг бий болгож, ингэснээр үнэ хямдрах тарифын уян хатан бодлого барих, төмөр замын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжтой зэрэг заалтыг тусгасан байна. Манай улсын төмөр зам босоо тэнхлэгийн 1111 км байсан бол өнгөрсөн жил 800 км төмөр замыг шинээр тавьжээ. Монгол Улсын төмөр замын бүтэц гурван мянга гаруй км байхаар тооцоо гарч буйг УБТЗ-аас мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор төмөр замд ажиллах боловсон хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байна. Тэр хэрээр ачаа тээвэрлэлт нэмэгдэж, вагон болон зүтгүүрийн тоо өсөж байгаа аж. Төмөр замын тухай шинэчилсэн хуулийг мөрдөн хэрэгжүүлж эхэлснээр төмөр замаар хийх экспорт, импорт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэж, төмөр замын салбар хөгжих, илүү өргөжих, улмаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө нэмэгдэнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.