Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эрчим хүчний салбар бол улс орны үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбарын нэг байдаг. Гэвч манай улсад хэзээ мөдгүй зогсоход бэлэн, аль хэзээний аюулын дохио нь асаад удлаа. Тодруулбал, тоног төхөөрөмж нь хуучирсан, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх, боловсон хүчний хомсдол, цалин бага зэрэг олон асуудал бий. Тиймээс Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх асуудлуудыг шийдэх зорилгоор “Тэвчээрийн тог тасарлаа” эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Диспетчерийн үндэсний төв, Дулааны цахилгаан станцын ажилтнууд оролцсон юм.
Эрчим хүчний салбарт системийн саатал үүсэхэд улсаараа цахилгаангүй, дулаангүй, усгүй болно. Гэвч хөрөнгийн эх үүсвэргүй учир засвар, шинэчлэлээ ч хийж чаддаггүй, шинэчлэгдэж сайжрахгүй байгаа болохоор гэмтэл саатал гарах нь өдөр бүр нэмэгдэж байгааг эх сурвалжууд хэлж байсан юм. Энэ тухай Диспетчерын үндэсний төв ТӨХХК ахлах мэргэжилтэн А.Эрдэнэчимэг “Дулааны цахилгаан станцууд 51 зуухтай. Гэвч эдгээрийн 82 хувь нь 1969-1988 онд ашиглалтад орсон байдаг. Харин нийт 32 турбины 68 хувь нь 23-46 жилийн настай. Өндөр насжилттай эдгээр төхөөрөмжүүд зогсох нь элбэг болсон. Тодруулбал, өнгөрсөн өвөл эрчим хүчний үндсэн тоноглол 461 удаа зогссон.Эдгээр зогсолтын цаана гэмтлүүд байдаг. Хэт хуучин тоноглолын улмаас ажилчдын ачаалал улам нэмэгдэх болсон. Гэмтлийг засварлахаар манай ажилчид шөнө өдөргүй ажилладаг. Гэтэл хэмнэлтийн хуулиас шалтгаалан илүү цагийг нь бодохгүй, цалин хөлсийг нь нэмэгдүүлэхгүй байх асуудал их байна” гэсэн юм.
Эрчим хүчний ажилчдын цалин бага байгаагаас үүдэж ажлаас гарах, өндөр цалинтай ажилд орох нь ихэсжээ. Энэ тухай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний төвийн бүсийн салбарын ХАБ-ын инженер Б.Наранбаатар “Эрчим хүчний салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Гэвч би сард 1.8-2 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл уурхайд надтай ижил мэргэжлээр ажиллаж буй хүмүүс 4-5 сая төгрөгийн цалин авч байна. Манай салбар 211 ажилтантай. Өнгөрсөн жил 41, энэ жил 25 ажилтан ажлаасаа гарсан. Энэ нь мэдээж цалинтай холбоотой. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өндөр цалинтай газар ажилд орсон. Үүнээс үүдэж манай салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Шинэ төгсөгчид бол манай цалинг сонсоод ордоггүй. Аргагүй шүү дээ. Шинээр ажилд орж байгаа хүн гар дээрээ нэг сая төгрөгийн цалинтай юм чинь. Гэтэл гадуур худалдагч, зөөгч гэх мэт боловсрол, ур чадвар шаардахгүй ажлууд 1.6 сая төгрөгийн цалинтай байна. Гэтэл манай ажилчид хагас цэргийн зохион байгуулалт доор өдөр шөнөгүй бэлэн байдалд, хүнд нөхцөлд, хэт ачаалалтай ажиллаж байгаа хэр нь бага цалин авч байна шүү дээ” гэв.
Эрчим хүчний салбар нь цахилгаан дулаанаа борлуулж ашиг орлого олох учиртай. Гэтэл 220 төгрөгөөр тог үйлдвэрлээд 150 төгрөгөөр борлуулж, 70 төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнээсээ үүдэж ажилчдынхаа цалинг нэмж, техникийн шинэчлэлт хийж чаддаггүй байна. Тэгвэл тог цахилгааныхаа үнийг нэмж ажилчдадаа анхаарах хэрэгтэйг энэ үеэр албаны хүмүүс хэлж байсан юм. Энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор “Манай салбарын ажилчид уул уурхайн салбар луу орлоо. Солонгос явлаа гэх зэргээр ажлаасаа гарах нь элбэг. Тэгвэл бид цалингийн судалгаа хийхэд 2014 онд бид уул уурхайн салбараас 73 хувиар бага цалин авдаг байсан бол өнөөдөр 207 хувиар бага цалин авч байна. Манай салбарын өсөлт уул уурхайн салбарын өсөлтөөс 2.8 дахин хоцорчээ. Манай салбарын ажилчид аж амьдралаа дээшлүүлэхээр уул уурхайн салбарыг зорих уу, эсвэл улсынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд ядуу амьдрах уу гэдэг сонголт л байна. Салбарт тэсэж үлдэж буй хүмүүсийн хувьд хамт олондоо дассан. Эх оронч сэтгэлтэй нь үлдэж байна. Харин зарим нь ур чадвар эзэмшээд өөр салбар луу орж байгаа юм. Тэгвэл манай салбар мэргэжилтэй боловсон хүчнээ цалингийн бодлогоороо барих, ажлын гүйцэтгэл өндөртэй ажилтан бэлтгэхэд анхаарах шаардлагын өмнө тулж ирээд байна” гэв.
Харин Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээс эрчим хүчний салбар өвөлд бэлэн эсэхийг тодрууллаа. Тэрбээр "Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гишүүдийнхээ анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Миний хувьд салбар яамыг төлөөлөн оролцож байна. Уг зөвлөгөөнөөр олон асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс болон ажлын байрны аюулгүй байдлын талаар хөндөн ярилцаж байна. Яамнаас тодорхой байр суурь илэрхийлж байна. Ер нь салбарын хувьд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний дутагдалд орсон. Эрчим хүч үйлдвэрлэхээсээ илүү хэрэглэдэг болсон гэсэн үг. Бид яаралтай шинэ эх үүсвэр барихгүй бол цахилгаан эх үүсвэрийн доголдолд орж болзошгүй.Үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалан салбарт ажиллагсдын ажилд орж, гарах хөдөлгөөн их байна. Сүүлийн жилүүдэд их нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Бид цалин хөлсийг боломжтой хэмжээгээр нэмж байгаа боловч шаардлагатай түвшинд нэмж чадахгүй байна. Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ онд 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуй нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх. Ирэх өвөл эрчим хүчний гэмтэл саатал гарвал орлуулах нөөцгүй байна” гэсэн юм. Хашаа хайрс хатгаж, коксжсон түлш шахахаар улайрч байхаар эрчим хүчний салбартаа шинэчлэлт хийх нь илүү өгөөжтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)