Ц.МЯГМАРБАЯР

 

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэж, аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ жил "Дэлхийн аялал жуулчлал"-ын өдрийг угтан Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулсан байна. Жил бүр энэ өдрийг онцлог уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас  энэ жилийг “Аялал жуулчлал ба ногоон хөрөнгө оруулалт” гэсэн уриаг дэвшүүлсэн бол Монгол Улс "Welcome to Mongolia” хэмээн уриалжээ. Эдгээр  уриалгын хүрээнд БОАЖЯ,  “Аялал жуулчлал боловсрол хөгжлийн нийгэмлэг хамтран “GRAND TOUR-2023" аялал жуулчлалын улсын олимпиадыг есөн өдрийн турш энэ сарын 19-27-ны өдөр зохион байгуулсан нь тэмдэглэлт өдрийн хамгийн том арга хэмжээ болсон гэж  Улсын олимпиадыг зохион байгуулсан  “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг”-ын газрын гүйцэтгэх захирал Д.Батболд ярьсан юм. Тэрбээр "Олимпиадыг таван төрлөөр зохион байгуулсан. Эдгээр бүх төрөлд  амжилттай оролцсон сургууль олимпиадын аварга  болно. Мөн эрдэм шинжилгээний хурал, спорт аялал, бизнес загварчлал гэх мэт төрөл  тус   бүрт шилдгүүд тодорсон.  Ялангуяа, судалгаа шинжилгээ, аялагчдын хээрийн аяллын маршрутыг унших, бартаа саадыг даван туулах чадвар  гээд олон төрөлд  ур чадвараа шалгуулсан гэсэн үг. Цаашид олон багш, оюутнуудыг гадаадад аялуулж, туршлага судлуулах зорилт тавьж байна. Мөн аялал жуулчлалын баазуудад оюутнуудыг олноор нь дадлагажуулсан мөн тус салбарын мэргэжлийг эрэлттэй ажлын  байрны жагсаалтад оруулсан нь үр дүнгээ өгч элсэгчдийн тоо нэмэгдэхэд түлхэц боллоо. Ингэснээр ажлын байрны захилга нэмэгдсэн” гэв.

Түүнчлэн тэмдэглэлт өдрийн хүрээнд өчигдөр “Welcome to Mongolia”уриатай  GRAND TOUR-2023 Аялал жуулчлалын үзэсгэлэнг Төв талбайд нээсэн юм. Үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын 15 их, дээд сургуулийн оюутны  төлөөлөл  оролцож тус салбарт нэвтрүүлж болох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, шинэлэг санаа, технологийн шийдэл зэргээ танилцуулав. Ингэснээр энэ мэргэжлээр суралцагчдыг тоог нэмэгдүүлэх, олон нийтэд тэмдэглэлт өдрийн агуулгыг мэдрүүлэхийг зорьсон гэж зохион байгуулагчид онцолж байлаа. Үзэсгэлэн аялал жуулчлалын улсын олимпиадын хүрээнд зохион байгуулснаараа онцлог юм. Аялал жуулчлал сэргэсэнтэй холбоотойгоор тус  салбарт элсэгчдийн тоо өмнөх жилээс гурав дахин нэмэгдсэнийг энэ  үеэр онцолж байна. 2022 онд 178 оюутан элсэж байсан бол 2023 онд 512 оюутан элсжээ. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын мэргэжлийг энэ жил 500 гаруй оюутан сонгожээ.

 

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг  20 оюутан гардан авлаа

Түүнчлэн тэмдэглэлт өдрийн хүрээнд БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан  20 оюутанд шилдэг оюутнуудыг тэтгэлэг  батламжийг "Grand tour-2023" аялал жуулчлалын Улсын уралдааны Эрдэм шинжилгээний хурлын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулж өгсөн юм.  Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад ийнхүү тэтгэлэг олгодог уламжлалтай. Өнгөрсөн жил арван  оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.  Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг Монгол Улсын засгийн газраас зарласан “Монголд зочлох жил 2023-2025” хүрээнд аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын сурлага, авьяас чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, салбарт шинээр бэлтгэгдэж буй хүний нөөцийг чадавхжуулж буй үр дүнтэй ажил болжээ. БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт СУИС-ийн оюутан М.Төгсбаясгалан, А.Даваа-Эрдэнэ, Ц.Энхжин, ХААИС-ийн оюутан  Б.Хосбаяр, Б.Мөнхцэцэг, “Хангай” дээд сургуулийн  оюутан М.Мөнххүлэг, Ц.Цогт-Эрдэнэ,  ОУУБИС-ийн оюутан Ц.Цовоо, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан, Н.Сувд, Их Засаг ОУИС-ийн шинэ элсэгч О.Энхжин, СЭЗИС-ийн шинэ элсэгч А.Амар, ИЗИС-ийн оюутан Т.Мөнхнасан,  МУБИС-ийн оюутан О.Анударь, Т.Халиунаа, ШУТИС-ийн оюутан Б.Амартайван, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан О.Солонго, МУБИС-ийн оюутан Б.Мөнхгэрэл, “Хангай” МСҮТ-ийн оюутан Х.Ариунаа,  МУИС-Ховд салбар сургуулийн  оюутан М.Айгерим нар тус тус шалгарсан юм. Цаашид салбарын мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод дадлагажуулах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын контент бүтээгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэргээр дэмжин ажиллахаар болж байна. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх, авьяас чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжиж, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлхэд хувь нэмэр болж буйг оюутан залуус онцолж, талархал илэрхийллээ.

400 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 130 гаруй оюутан хамрагдлаа

 

Энэ өдрийг угтсан  бас нэг томоохон ажлын нэг нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг  компаниудын дэмжлэгээр  400  сая  төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж 130  гаруй оюутанд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгосон явдал байлаа. Тэдгээрээс  МҮИС-ийн Аялал жуулчлалын ангийн II дамжааны оюутан Ж.Энхжаргал, МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын IV дамжааны оюутан Ц.Эрдос нарыг онцолж гадаадад аялах эрхийн бичиг гардуулсан юм. Шилдэг хоёр оюутанд  оролцогчийн шагнал болох гадаадад 100 хувь хөнгөлөлттэй аялах эрхийн бичгийг Сүхбаатарын талбайд болсон Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй арга хэмжээний  үеэр өр  гардуулж өгсөн юм.  Шилдэг дадлагажигч  хоёр оюутныг “Нью жуулчин турс” ХХК болон “Шинэ соёл тэлмэн” ХХК-иас шагнаж урамшуулж байгаа гэлээ. Түүнчлэн  XXI удаагийн "GRAND TOUR-2023" аялал жуулчлалын Улсын олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж аялал жуулчлалын боловсрол, хүний нөөцөд хөрөнгө оруулалт хийж буй Mongolian Secret History camp/ “Монголын нууц товчоо” хамт олонд талархал илэрхийлж байсныг дурдъя. Энэ үер хоёр шилдэг оюутны сэтгэгдлийг  хуваалцсан юм.

 

Ж.Энхжаргал: Зөвхөн долдугаар сард гэхэд 60 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн сурталчилж борлуулсан

-Би зуныхаа амралтаар 400 сая төгрөг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Хустай”-н баазад ажиллаж маш их зүйлийг сурч мэдсэн. Гадаадын жуулчид сэтгэл зүйгээ шууд илэрхийлдэг онцлогтой юм билээ. Манай баазад миний ажиллах хугацаанд буюу тавдугаар сарын30-наас наймдугаар сарын 30 хооронд гадаадын 9600, дотоодын 6800, хөтөч жолооч 3000 гаруй  нийт 20 орчим мянган жуулчин ирсэн. Би сувинерийн шоп-д борлуулагчаар ажилласан. Нутгийн иргэдийн хийсэн болон эсгий эдлэл болон монголын брэнд болсон ноос, ноолууран бүтээгдэхүүнийг манай баазаар дайран өнгөрдөг жуулчдад  сурталчилан таниулснаар өдөрт хамгийн багадаа нэг сая 500 мянган төгрөгийн борлуулалт хийдэг байсан. Долдугаар сарын дүнгээр 60 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж таниулсан.  Энэ бүгдийг тайландаа тусгаж танилцуулснаар гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулсандаа баяртай байна. Над шиг олон оюутан аялал жуулчлалын салбарт ирж мэргэжилтнээр суралцаасай гэж үеийнхэндээ уриалж байна.  

 

Ц.Эрдос: Аялалын маршрут гаргах, газрын зураг уншиж сурсан

-Би зуны гурван сарын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж  “Нью жуулчин турс”жуулчны баазад дадлагажигчаар ажиллаж менежер болон тусгай хөтөлбөрийн дагуу аялалын хөтөчийн туслахаар  ажилласан. Ингэхдээ аяллын маршрут хэрхэн гаргах, завь, усан, адал явдалт, уулын аялалд оролцож их зүйлийг сурсан. Энд сурсан зүйлээрээ тайлан үзэсгэлэн гаргаж 134 оюутнаас шалгарч гадаадад аялах эрхийн бичгийн шашнал дардаж байгаадаа туйлын баяртай байна.

 

Фото: 400 сая төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэн 100 гаруй оюутан цалинтай ажиллан сургалтын төлбөрөө төлжээ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 193 (7178)