Доржийн ОЮУНЧИМЭГ
Өвөрмонголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Үзэсгэлэн худалдаа UG Arena-д гурван өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөх юм. Үзэсгэлэнг БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны ӨМӨЗО-ы салбар хороо, Монгол Хятадын худалдааг дэмжих холбоо хамтран байгуулжээ.
Зогсоол дүүрэн машин. “Өчигдөр л ирдэг байж. Тоног төхөөрөмж, том том бараанууд нь л үлдсэн байна тээ” хэмээн хоорондоо ярилцах залуус зөрж өнгөрөв. Учрыг сайн ухалгүй дотогш орж урсдаг шатаар гурван давхар болж байгаа үзэсгэлэнгийн танхимд хүрлээ. Ихэнх асар нь хоосон лангуутай байгаа харагдав. Ойролцоох хүмүүсээс лавлахад өчигдөр нээлтийн дараа хүнсний бараа бүтээгдэхүүн болоод эм, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн нүд ирмэх зуурт л зарагдсан гэв.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ӨМӨЗО-ы 12 аймгийн үйлдвэрлэгчид 100 орчим бараа бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Энд өөрийн нутгийн онцлог, содон бас эко бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа талаараа Хянган аймгийн үйлдвэрлэгчид хэлж байлаа.
Үзэсгэлэнгийн танхимын үүдэнд том оврын техник болон барилгын материал, эрчим хүчний тоног төхөөрөмж, био эм, эмийн бүтээгдэхүүнтэй асар байрлана. Өвөрмонгол болоод хятад эм ургамлын гаралтай, тан байдлаар хүмүүст илүү хүрдэг учраас аль хэдийнэ борлуулаад дууссан тухай худалдагч нь хэлэв. Харин дотогш явахад гоёл чимэглэл, цай, аяга, ваар зэрэг бүтээгдэхүүнээ борлуулж байна. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд хүмүүсийн хэлж заншсанаар хүнс, гэр ахуйн барааны сонголт цөөн байсныг худалдан авагчид онцолсон юм. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний буюу гэр ахуй, хүнс, хувцас хэрэглэл гээд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн илүү эрэлттэй байжээ.
Оюунт брэндийн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэжээ. Энэ талаар тус брэндийн Монгол дахь төлөөлөгч Цэцэгдарь “Монгол бичгийн түгээн дэлгэрүүлэх зорилготой бүтээгдэхүүн. Хүүхдүүдийг монгол уламжлалт тоглоомоор тоглохдоо монгол бичгээ сурахад нь дөхөм байдлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн ухаалаг тоглоомууд ч бий" гэв. Хүүхдийн тоглоомыг хүмүүс нэлээдгүй сонирхож, борлуулалт сайн байсан талаар хэллээ. Өвөрмонголын Хөх хотод байрлах Олуул компанийн Оюунт брэнд нь нийслэлд борлуулагдаж эхэлжээ.
Өвөрмонголын Ордос хотод байрлах “Цолмон” компанийн төлөөлөгч Одонгова “Энэ үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Хүмүүс манай бараа бүтээгдэхүүнийг ихээр сонирхож байна. Бид шар тосоор уруулын будаг, гарын тос үйлдвэрлэдэг. Химийн найрлагагүй эко бүтээгдэхүүн учраас хүмүүст их таалагдаж байгаа нь анзаарагдсан” хэмээн нийт худалдан авагчиддаа талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
"Энэ удаагийн үзэсгэлэн зохион байгуулалт сайтай байна. Бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байгааг хүмүүс хэлж байгаа. Манай асарын хувьд соёлын бараа болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн борлуулдаг. Мөн соёл урлагийн том хэмжээний тоглолтыг зохион байгуулдаг. Тухайлбал, Монголын урлагийнхан Хөх хотод тоглолт зохион байгуулая гэвэл бид бүхий л талын ажлыг нь зохион байгуулдаг туршлагатай” хэмээн тус компанийн төлөөлөгчид орчуулга хийж буй Хурнаа бүсгүй хэлсэн юм.
Үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийсэн. Үдээс хойш гэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн аль хэдийнэ борлуулагдаад дууссан байжээ. Харин энэ сарын эхээр Өвөрмонголын Хөх хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн экспод манай үйлдвэрлэгчид зорьж очсон. Гэхдээ тэд хэт өндөр үнэтэй, сонин содон зүйлгүй байсныг үзэсгэлэнг үзсэн гадны төлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан хэлж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 192 (7177)