Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 
Д.Сумьяа

Түүнийг Д.Сумьяа гэдэг. Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд оролцохоор Архангай аймгаас иржээ. Тэрбээр “Таван тансаг” идээ буюу ааруул, айраг, шар тос, шимийн архи, цагаан тос боловсруулан худалдаалдаг ажээ. Энэ тухайгаа “Энэ жилийн үзэсгэлэн худалдаа өргөн цар хүрээтэй болж байна. Орон нутгийн иргэн олноор ирсэн харагдаж байна. “Намрын ногоон” өдрүүд арга хэмжээнд оролцсоноор өөрийн бүтээгдэхүүнээ таниулахаас гадна, худалдан борлуулж байна. Энэ жил худалдан авалт сайн байна. Би эхний дөрөв хоногт 300 гаруй бүтээдэхүүн борлууллаа” гэсэн юм. Худалдаачдад зориулсан асруудаар явж үзвэл дотоодын үйлдвэрийн төрөл бүрийн бүтээгдэхүүн харагдана. Гэхдээ энэ жилийн хувьд нэг онцлог нь худалдаа эрхлэгчид сав баглаа боодлын хувьд шинэлэг бөгөөд стандартад нийцүүлсэн харагдаж байлаа. Тодруулбал, ааруулаа бор цаасан уутанд хийж хаяг шошго наасан байхаас гадна QR кодыг суулгаж өгсөн байв. Зөгийн бал болон айраг, шимийн архи зэрэг шингэн бүтээгдэхүүнүүдийг шилэн саванд хийсэн байх нь ариун цэвэр болон өнгө үзэмж сайтай харагдаж байсан юм. Иргэд ч үүнийг таатай хүлээж авч байлаа. Зөгийн бал худалдан авч буй иргэн Т.Ариунаа энэ талаар “Дотоодын цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнүүд сав боодлын хувьд сайжирсан байна. Мөн маш цэвэр цэмцгэр болжээ. Миний худалдан авч буй зөгийн бал гэхэд загварлаг, минимал шилтэй байна. Энэ нь надад таалагдсан учраас худалдан авалт хийж байна” гэв. Харин өдөрлөгийн зохион байгуулалтын талаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Энэ жилийн намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд 500 гаруй иргэн аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. 21 аймгийн бүх сум, дүүргээс иргэдийг оролцуулснаараа онцлог болж байна. Мөн дөрвөн өдрийг зүүн, баруун, хойд, төв гэсэн бүсийн нэрэмжит өдөр болгон зарласан. Энэ хүрээнд урлагийн тоглолт хийж байна. Мөн нэг суурин нэг, бүтээгдэхүүн гээд 21 аймгаасаа шилдэг бүтээгдэхүүн тодруулж шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгуулж байна” гэсэн юм.

Бараа бүтээгдэхүүний хувьд үнийн хувьд хямд байлаа. Төмс 800-1500, Лууван 1200, аньс 18000-20000, тарвас 1500, ааруул 1кг 24000 зөгийн бал 10000-45000,  эсгий тавчиг 35-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан юм.

 

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.5 хувиар буурлаа

 

Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.  Тодруулбал, хонины махны үнэ /ястай/ 12.614 төгрөг болж өмнөх долоо хоногоос 1.2 хувиар, үхрийн ястай мах 0.5 хувь буурсан байна. Харин төмс кг нь 1406 төгрөг болж 1.2 хувь, элсэн чихэр 25.7 хувиар үнэ нь өссөн байна.

 

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын шинэ ерөнхийлөгч тамга, тэмдгээ хүлээн авав

 

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн нэг чухал үйл явдал бол Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ээлжит XXI Их хурал болж Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчөө сонгосон юм. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл анхны хуралдаанаа хийж, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар Т.Дүүрэнг улираан томиллоо. Мөн МҮХАҮТ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Энхтүвшин өмнөх ерөнхийлөгч О.Амартүвшингаас тамга тэмдгээ хүлээн авч ажилдаа оров. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Их хурлаар танхимын 25 тэргүүлэгчийг сонгосон юм. МҮХАҮТ-ын тэргүүлэгчид дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн хурал хооронд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)