Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын зургийн дугуйлангийн багш Л.Мөнхзаяатай ярилцлаа.

 

АНХ ТАВАН ШАВЬТАЙ Л БОЛНО ГЭЖ БОДДОГ БАЙСАН. ОДОО ТООГОО АЛДСАН

 

-Булган аймаг нүд баясгам сайхан байгальтай, амар амгалан нутаг юм. Болдогсон бол яг тантай адилхан энд л ирж амьдармаар санагдлаа?

-Үнэхээр сайхан нутаг шүү. Ялангуяа манай Хутаг-Өндөр сум. Хүн ард нь сайхан сэтгэлтэй, найрсаг гэж жигтэйхэн. Би энэ нутагт ирээд удаагүй мөртлөө яг л уугуул иргэн шиг нь болтлоо ээнэгшин дасаад байна. Анх ирэхэд бүх юм шинэ, содон санагдаж байсан бол одоо яг л миний төрсөн гэр шиг бүх зүйл нь дулаахан мэдрэмж. Ямар сайндаа саяхан хотоос ирсэн хүмүүст замчлаад жимсэнд явлаа шүү дээ. Тэгтлээ л амьдарч буй нутгийнхаа тухай мэдлэгтэй болсон байна.

-Амьдрахаар ирээд хэр удаж байгаа вэ. Аав ээж тань энэ нутгийн хүмүүс юм уу?

-Би уг нь Архангайд төрсөн. Аав минь Тариат, ээж Тамир сумынх. Гэхдээ их багадаа Улаанбаатар руу шилжсэн юм. Боловсролын их сургуулийн зураачийн ангийг төгсөөд, хэсэг хугацаанд ажиллаж байгаад Италийн урлагийн академид суралцаж, төгссөн. 2021 оны зун сургуулиа дүүргэж ирээд, есдүгээр сард нь цүнхтэй хувцсаа бариад энэ суманд ирснээс хойш өнөөг хүртэл ажиллаж, амьдарч байна.

-Таныг аялж явахдаа л энэ нутгийн сайханд татагдаад, Хутаг-Өндөрт ирж амьдрахаар шийдсэн гэж сонссон. Огцом, гэнэтийн шийдвэр гаргадаг хүн бололтой?

-Би Италид долоон жил найман сар сурахдаа дунд нь гурван удаа Монголд ирж байсан юм. 2018 онд яг зун ирж таараад гэрийнхэнтэйгээ Хөвсгөл рүү аялаад гарах болов оо. Хөвсгөл рүү явахад Булганы хойгуур дайрдаг шүү дээ. Машины арын суудалд унтаж явж байгаад гэнэт сэрээд харсан чинь их гоё байгаль харагдсан. Уул мод, горхи ус нь жигдэрсэн, яг л байгалийн үзэсгэлэн. Эргээд болоход миний сэрсэн газар Чагтын нуруу, Сахарын рашаан хавьцаа л байсан юм билээ. Нүд алдам тэр байгалийг хараад энд намар болж, мод шарлах үед ямар байх бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Энэ цагаас хойш сургуулиа төгсч ирээд хөдөө л амьдаръя гэж бодох болсон. Миний мэргэжил график дизайнер учраас хаанаас ч онлайнаар ажиллах боломжтой нь давуу тал болсон юм.

-Тэгэхээр 2018 оноос хойш гурван жил таны бодолд энэ сайхан байгаль хадаатай, урин дуудсаар байж ээ?

-Хүмүүс бодохдоо гадаадад сурч байгаа хүмүүс зөвхөн төрсөн нутгаа л санадаг гэж боддог. Гэтэл үгүй юм билээ. Монголоо тэр чигээр нь санадаг. Улаанбаатарынхаа шороог хүртэл санана. Онгоц Улаанбаатар руу ойртоход нүцгэн уулын дээгүүр нисдэг шүү дээ. Тэр уул хүртэл ямар үзэсгэлэнтэй харагддаг гээч. Бүр онгоцноос буугаад хүйтэн салхинд даарах хүртэл надад дулаахан, сайхан мэдрэмж юм шиг санагдаж байсан. Ингээд хотод ирэнгүүтээ Хутаг-Өндөрийн тухай судалж эхэлсэн. Гэтэл нэг найз маань надад “Чиний очиж амьдарна гээд байгаа Хутаг-Өндөрийн чинь тухай нэг эмэгтэй подкастаар ярьж өгч байна” гэдэг юм байна. Тэгэхээр нь сонслоо. Гэтэл тэр хүн нь одоо манай Хантайн багт өөртөө үйлчлэх зуслан ажиллуулж байгаа Ч.Батцэцэг байсан юм. Подкастыг нь сонссоноос хойш энэ нутаг руу улам тэмүүлэх болсон. Ч.Батцэцэгийн админыг нь хийдэг “Хөдөө амьдаръя” группт ороод Хутаг-Өндөрийнхэнтэй танилцаж эхэлсэн. Ингээд наймдугаар сарын 26-нд Монголд ирээд, тусгаарлалтад байх хугацаандаа Хутаг-Өндөрийн дунд сургуулийн цахим шууданг олоод “Би Италид сургууль төгссөн. Танай сумын сургуульд багшийн орон тоо байвал орох хүсэлтэй байна” гээд бичсэн. Гэтэл сургуулийн захирал Ариунаа надтай холбогдсон юм. Гэхдээ яг хүрээд ирнэ гэж хэн ч надад итгээгүй байх.

-Гэтэл та хүрээд ирлээ. Хэрхэн хүлээж авсан бэ?

-Би гэртээ долоо, Эрдэнэтэд долоо хоноод л шууд Хутаг-Өндөрт хүрээд ирсэн. Нэг ч хүн танихгүй, хаана ч амьдрахаа шийдээгүй хүн. Суманд ирэхээсээ өмнө амьдрах газар хайж яваад “Ариун” гээд амралтын газрыг олсон юм. Гэтэл өнөөх амралт маань тоггүй болж таарсан. Тог байхгүй бол би ажлаа хийж чадахгүй. Тухайн үед хаанаас ч юм Засаг даргын утасны дугаарыг олчихсон. Шууд залгасан чинь “Би суманд байхгүй, Их булаг дээр байна” гэхээр нь Их булаг руу гараад шидчихлээ. Уулзангуутаа “Би танай суманд ажиллах хүсэлтэй ирсэн. Гэтэл амьдрах байр олддоггүй. Та байр олоод өгөөч” гээд хэлчихсэн. Тэгсэн Засаг дарга сургуулийн жижүүр н.Батбилэг ах руу л залгасан юм шиг байна лээ. Ингээд очтол нөгөө ахын маань түрээслүүлэх өрөө их жижигхэн, шал ч байхгүй. Ах өөрөө хэдэн төгрөгөөр түрээслүүлэхээ ч мэддэггүй. Тэгэхээр нь “Та хэдэн төгрөгөөр түрээслэх юм бэ. Би танд 10 сараар нь өгчихье гэтэл ах “150 мянга” гэсэн. Тэгэхээр нь 1.5 сая төгрөгөө өгчихлөө. Би үнэхээр азтай. Учир нь 1.5 сая төгрөг чинь Италид бол миний нэг сар амьдрах л түрээсийн  төлбөр байхгүй юу. Ингээд 10 хоногийн дараа ирээд сургуулийн захиралтай уулзаж, ажилд орох болсон доо.

-Италид боловсрол эзэмшсэн охин нь хөдөө суманд ажиллана гэхэд гэрийнхэн тань шууд зөвшөөрсөн юм уу?

-Би чинь их дураараа. Багаасаа л өөрийнхөө хүслээр амьдраад сурчихсан. Тиймээс гэрийнхэн маань миний амьдралд оролцож, шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. Ингээд ямар хичээл заах, хэрхэн багшлах талаар ямар ч туршлагагүй би Хутаг-Өндөрийн дунд сургуулийн хаалгыг татсан юм даа. Гэтэл багш хүн чинь заах хичээлийн хөтөлбөртэй, 19 цагийн хичээл заах үүрэгтэй байдаг  юм билээ. Гэтэл надад 23 цаг өгчихсөн. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээр. Ядаж байхад 2-5 дугаар ангийнхан буюу бага ангийнханд түлхүү орно. Өдөржингөө хүүхдүүдтэйгээ бужигнана. Хажуугаар нь онлайнаар үндсэн ажлаа хийх ёстой. Би чинь одоог хүртэл “Мөнхийн үсэг” компанийн дизайнераар ажилладаг юм. Гэтэл сургуулийн ажлаа барахгүй байсан тул үндсэн ажил маань орхигдоод эхэлсэн. Ингээд гурван сарын дараа ерөөсөө больё гэж шийдээд захиралдаа хэлтэл “Энэ олон хүүхэд чамд хайртай болоод дасчихсан. Эдгээр хүүхдийн хүсэл мөрөөдөл, урам зоригийг яах вэ” гэсэн асуулт тавьсан. Би ч их бодсон. Үнэхээр тэр хөөрхөн хүүхдүүд миний хичээлийг хүсэж байхад ингээд орхиж болохгүй шүү дээ. Тэгээд л багшийн ажлаа орхиод үнэгүй дугуйлан ажиллуулахаар болсон юм.

-Одоо мэдээж олон шавьтай болсон байх. Зургийн дугуйлан ажиллуулаад ямар мэдрэмжийг авч байна?

-Би анх таван шавьтай болно л гэж төсөөлдөг байлаа. Гэтэл одоо тоогоо алдсан. Намайг гээд зориод ирж байгаа хүүхдүүдийг буцааж чаддаггүй. Одоо долоо хоногт хоёр удаа хичээл орж байгаа. Манай хүүхдүүд хавар хоёр удаа үзэсгэлэнгээ гаргадаг. Мөн Улаанбаатар хотод хоёр удаа үзэсгэлэнгээ гаргачихсан. Үүнээсээ их урам авлаа. Цав цагаан цаас шиг хүүхдийн сэтгэлд хамгийн гоё өнгөөр зураг зурж байна. Энэ ажил маань эргээд надад эрч хүч, урам зориг өгч, эдгээр хүүхдийн авьяасыг нээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь гүүр болохсон гэдэг хүслийг бадраах болсон. Дугуйлантай өдрөө төлбөр авдаг юм шиг л эрт гүйгээд очдог. Учир нь хүүхдүүд бүр эрт надаас түрүүлээд ирчихсэн хүлээж байдаг юм. Өмнө нь багшийн ажлыг ийм сайхан гэж би бодоогүй. Тиймээс би нэг ч удаа хичээлээ тасалж үзээгүй. Гэхдээ хүүхдүүддээ заавал энийг зур гэж шахдаггүй. Дугуйлан дээрээ юу ч хийж болно. Зарим нь баримлаар юм хийж байхад, нэг нь өөр дээрээ зураг зураад сууж байх жишээтэй. Хэдийгээр би энд ирээд задгай сэтгэдэг гэж дуудуулж байгаа ч дэлхий тэр чиг рүү л явж байна шүү дээ. Энэ жилээс би Урчуудын эвлэлд албан ёсоор элссэн. Урчуудын эвлэлийн захирал намайг их урамшуулсан. Бүр “Норфэй” галерейн хамт олонд манай хүүхдүүдийн зураг таалагдаж, цааш цаашдын үзэсгэлэнг маань үнэ төлбөргүй гаргаж өгөхөөр болсон. Багш хүний хувьд үүнээс илүү жаргал гэж байхгүй биз дээ. Энэ мэт уран зургийн дугуйлан минь өргөжин дэвжсээр байна.        

Л.Мөнхзаяагийн хамгийн сүүлийн бүтээл цэнхэр халим.  Тэрбээр цонхоороо харахад өхөөрдөм халим өөдөөс харж байгаасай гэж мөрөөдөж байснаа ийнхүү  ажил болгожээ.

ЭХЛЭЭД САН-ФРАНЦИСКОГИЙН АКАДЕМИЙГ МӨРӨӨДСӨН

 

-Та Италийн хамгийн алдартай урлагийн академийг дүүргэсэн. Тэр үеийн тухай дурсамж дэлгээч?

-Манай Перужиагийн академи 1573 онд байгуулагдсан. Италидаа хоёрдугаарт ордог. Дэлхийн олон алдартай уран бүтээлчид энэ сургуулиас төрсөн байдаг. Италид өнгөрүүлсэн он жилүүд миний хувьд хамгийн сайхан дурсамж. Дэлхийн соёлыг харж, нүд тайллаа. Хүсэж мөрөөдсөн зураачийн мэргэжлээ эзэмшлээ. Италичууд монгол гэж бараг мэдэхгүй. Миний сурч байсан хотод бараг монгол оюутан байгаагүй. Тиймээс Ази хүн харахаараа  л Хятад гэсэн төсөөлөлтэй байдаг байсан. Гэхдээ багш нар нь хэзээ ч Ази гэж нүүр буруулаагүй. Надад их сайхан хандаж, сургахын төлөө, уран бүтээлч болгож төгсгөхийн төлөө бүх хүчээ дайчилсан гэж би боддог. Би бакалавраа төгсөөд, үргэлжлүүлээд магистрт сурч байхдаа төгсөж амжилгүй эх орон руугаа буцсан юм. Учир нь ковид гараад, багш нар маань ч ихэнх нь тэтгэвэртээ суугаад, миний хувьд тэнд хоргодох зүйлгүй болчихсон юм шиг мэдрэмж төрөөд эхэлсэн. Тэгэхээр нь угаасаа бүх хичээлдээ суугаад мэдлэгээ олоод авчихсан юм чинь төгсөөгүй байсан ч яахав дээ гээд шууд өөрийгөө чөлөөлөөд, эх орон руугаа буцчихсан. Би сургуульдаа онц сурдаг оюутны нэг байсан гэдгээ хаана ч ичихгүй хэлдэг юм. Үнэн л юм чинь. Хэдийгээр анх очоод хэл муу байсан ч ур чадвараараа хэнийг ч дагуулахааргүй байсан. 

-Анх очоод зөндөө л бэрхшээлтэй тулгарсан байх. Тэр үед өөрийгөө хэрхэн хурцалдаг байв?

-Үнэндээ эхний хоёр жил чанга байсан. Хэрхэн хэлээ сайжруулах ёстойгоо мэдэхгүй, багш нарынхаа лекцийг ойлгохгүй үе олон байдаг байлаа. Ингээд гурав дахь жилээс л аргаа олж эхэлдэг юм билээ. Энэ үед өдгөө өөрийнхөө хамгийн сайн эзэмшсэн зураасан зургийн нэг төрлийг төгс эзэмшиж чадсан. Багш нар ч миний зургийг бусдаас ялгарах онцлогтой, нэг л өөр гээд намайгаа өөгшүүлчихсэн. Гэхдээ итали багш нарын сургах арга барил Монголоос тэс өөр. Намайг юу хүсэж байна, түүнийгээ л хий гэдэг байсан. Хэл муу учир лекцүүд дээрээ бага үнэлгээтэй ч, мэргэжлийн, ур чадварын хичээллүүд дээрээ хамгийн өндөр оноог авдаг байлаа. Дипломны дээд оноо 110 байх ёстой. Харин минийх 107 шүү дээ. Онц сурсныхаа хүчинд олон улсын тэтгэлэг авдаг, супер оюутан байлаа. Тухайн тэтгэлэгт нь сургалтын төлбөр, өдрийн хоёр хоолны мөнгө багтчихдаг. Харин багш нар маань магистртаа сур гээд шамдуулаад байсны учир нь надад Шилдэг оюутны тэтгэлэг өгөх гээд байсан юм билээ. Тэр нь нэг жилийн төлбөр буюу хоёр мянган евро байсан.

-Монголд урлагийн сургууль төгсөөд очсон учир хэлнээс бусдаар харьцангуй суурьтай байсан байх гэж бодож байна?

-Яг үнэндээ Монголд сурч байхдаа их баригдмал байсан юм билээ. Би ч биш бүх оюутан л тийм байдаг. Багш нартайгаа чөлөөтэй харилцахаас эмээдэг. Хамаг сайн зургаа л үзүүлэх гэж хичээнэ. Би анх очоод тийм л байсан. Гэхдээ монгол багш нараа би муулаагүй шүү. Хамаг суурь мэдлэгээ би Монголд эзэмшсэн. Италид очоод хамаг чадлаараа хичээж, хамгийн сайн болсон гэсэн зургаа тэврээд багш дээрээ очно. Гэтэл багш өөдөөс “Заяа энэ чи биш байна. Хамгийн муу болсон, хаях гэж байгаа зургаа аваад ир” гэхэд нь анх гайхдаг байлаа. Тэгэхээр нь баллаж сохолсон, өөрт бол сэтгэл дундуур болсон зургаа аваачаад үзүүлэхээр “Энэ л чи байна” гэдэг байсан. Тэгэхээр сургалтын арга барил тэнгэр газар шиг өөр байгаа биз.

-Таныг Италид сурсан он жилүүдийнхээ тухай ном бичсэн гэсэн. Таны хүсэл мөрөөдөл, аялал ямар цэгээс эхэлсэн юм бэ?

-Би өөрийнхөө Итали руу хэрхэн явсан, Италид сурсан он жилүүдийнхээ тухай “Биелсэн мөрөөдөл” гэсэн ном бичсэн. Тэр ном маань Италиас ирээд, Хутаг-Өндөрт бууж буйгаар төгсдөг. МУБИС-ийн хичээлийн А байрны хоёрдугаар давхарт сургалтын төлбөрөө төлөөгүйн улмаас хичээлдээ суух эрхээ хасуулсан шар охин шарандаа хэдэн дусал нулимс унагаад сургуулийн хонгилын цонхоор өөрийнхөө ирээдүйн тухай анх удаа гүн бодолд орсон үеэс миний аялал эхэлсэн гэж боддог. Би багын л өөртэйгөө ярьж, тэмцэлдэж, шаардлага тавьдаг шазруун охин байсан. Яг хэзээнээс гэдгээ мэддэггүй ч ухаан орсон цагаасаа л миний ганц хийж чаддаг зүйл нь зураг зурж өөрийгөө илэрхийлэх. Ингээд энэ чадварынхаа хүчинд Монголд дүрслэх урлагийн сургуульд элссэн юм. Гэхдээ яагаад ч юм миний дотор заавал гадаадад очиж сурна гэсэн хүсэл тэмүүлэл байсан нь намайг Италид аваачсан. Англи хэлдээ тааруу, онц сураад гийгүүлсэн зүйлгүй, олон хүүхэдтэй, эгэл жирийн айлын охин надад үнэндээ гадаадад сурна гэдэг холын мөрөөдөл байсан цаг саяхан. Сургуулиа төгсөөд олон жил болчихсон, ажил гэр гэсэн амьдралаар амьдарч байсан надад “Аав ээж минь баян байсан бол гоё оо” гэсэн бодол байнга орж ирдэг байсныг нуухгүй. Гэхдээ би хоёр идүүлж, хоосон хонуулаагүй, халуун дулаан гэр бүлд намайг өсгөж, өөрөө амьдралаа шийдэх боломж олгож, намайг одоо ч үргэлж дэмждэг аав, ээждээ үргэлж талархаж явдаг юм.

-Холын мөрөөдлөө ойр болгож, алс хол Италийн онгоцны буудалд буух хүртлээ та ямар замыг туулсан бэ?

-Анх танил ахаасаа Сан Францискогийн урлагийн академийн тухай сонссон юм. Ерөөсөө л АНУ-д очиж суръя гээд хэлээ сайжруулахаар хичээж эхэлсэн. Гэвч би хэл сурахдаа үнэхээр авьяасгүй юм шиг байна лээ. Гэхдээ яадаг ч байсан сургуультайгаа холбоо тогтооё гээд тэтгэлгээр сурмаар байгаа тухайгаа и-мэйл бичсэн чинь “Манай сургуулиас тэтгэлэг олгодоггүй. Чи орон нутгаас тэтгэлэг хай. Ур чадвар чинь сайн, өөртөө итгэлтэй байгаа бол эхний жилийн төлбөр болох 36 мянган ам. доллар төлөөд сургуульдаа ор. Хоёр дахь жилээс онц сурах юм уу, уралдаан тэмцээнд амжилттай оролцвол шагнал нь хичээлийн улирлын төлбөр байдаг” гэсэн хариу ирсэн юм. Шууд 36 мянган ам.доллар гэдгийг нь сонсоод сэтгэлээр уначихсан. Надад хурааж цуглуулсан мөнгө байхгүй, өнөө маргаашаа л болгож явсан хүн шүү дээ. Олон өдөр ганцаараа сууж бодсон. Тухайн үед эгчийндээ амьдардаг байсан тул чимээ гарахад бодол замхраад болдоггүй. Тэгэхээр нь гараад алхлаа. Хөгжим бүжгийн коллежийн урдуур алхсаар нэг л мэдэхэд “Орчлон” сургуулийн урд ирчихсэн байсан. Тэр өдрийг, тэр замыг би хэзээ ч мартдаггүй. Гэнэт би чинь зураач шүү дээ. Олон хүний итгэлийг олчихсон, гайгүй сайн ажилтан. Тэгэхээр үзэсгэлэнгээ гаргаад, зургаа зараад мөнгө олъё гэсэн санаа орж ирсэн юм. Ингээд эгчийнхээ гэрийг бараг өөрийнхөө урлан болгосон. Миний нэг давуу тал нь би их хурдан сэтгэж, хурдан хийдэг.

-Тэгж хурдан сэтгэж, төлөвлөснөө ажил хэрэг болгоход юу нөлөөлсөн бэ?

-Би өдөр шөнөгүй л зургаа зурах болсон. Англи хэлний хичээлээ ч хаялаа. Хааяа толгойгоо сэргээхээр гарч алхдаг юм. Гэтэл нэг мэдсэн Улсын их дэлгүүрийн өмнө ирчихсэн байна. Шууд номын тасаг руу нь яваад очтол нэг л танил эгчийн зурагтай ном нүдэнд туссан юм. Тэр нь Ц.Оюунгэрэл эгчийн “Америкт сурсан тэмдэглэл”. Яасан нүдэнд дулаахан эгч вэ гэж бодоод шүүрч аваад касс руу очсон. Энэ номноос би юу хийх ёстойгоо ойлгосон юм. Ингээд нэг өдөр Занабазарын музейд гарсан Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэнг үзээд явж байтал нөгөө ном бичсэн эгч нөхөртэйгөө явж байна шүү. Шууд явж очоод “Эгчээ би гадаадад сурах мөрөөдөлтэй. Таны номыг уншсан Зөвлөгөө авч болох уу” гээд асуусан юм. Гэтэл Ц.Оюунгэрэл эгч “Болно, болно. Гэхдээ одоо биш. Залгаарай” гээд надад утасны дугаараа өгсөн. Ингээд хоёр хоногийн дараа буюу нэг дэх өдрийн цайны цагаар 9911... гэж хийгээд л залгасан, Утсаа авдаггүй ээ. Орой нь интернэтээс и-мэйл хаягийг нь олж байгаад өөрийнхөө тухай бичсэн.

-Танд хариу ирсэн үү. Ц.Оюунгэрэл эгч танд яг ямар зөвлөгөө өгсөн юм бэ?

-И-мэйл бичсэнээс хойш нэг сар өнгөрлөө. Би ч ажилдаа улайраад мартчихаж. Гэтэл нэг орой танихгүй дугаар залгаж байна шүү. Автал “Байна уу. Ц.Оюунгэрэл байна аа” гэхэд нь би “Ямар Ц.Оюунгэрэл билээ” гэж мангартсан юм даа. Ингэж би анх Ц.Оюунгэрэл эгчтэй танилцаж, зөвлөгөө авч, эгч дүүсийн харилцаатай болсноор өөртөө улам итгэлтэй болсон. Эгч хаана, хаана ямар үзэсгэлэн үзэж байсан тухайгаа, зургийн минь талаар, гадаад явах мөнгөө хэрхэн олох тухай үнэтэй зөвлөгөөг надад өгсөн юм аа. Ийхүү долоон сар хичээсний эцэст анхныхаа “Анхны алхам” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд гаргасан. Нөгөө л 36 мянган ам.доллар. Үзэсгэлэндээ зориулаад яг 36 зураг зурчихсан. Нэгийг нь мянган доллараар зарна гээд төлөвлөчихсөн. Зарим миний дотны гэж бодож явсан эгч нар миний энэ төлөвлөгөөг сонсоод “Хэн чиний зургийг мянган доллараар авах юм бэ” гэж шоолж байсан удаа бий. Гэхдээ тэр эгчид хэлэхэд би чадсан юм шүү. Энэ үзэсгэлэнгээсээ би 12 мянган доллар буюу сургалтынхаа төлбөрийн талын талыг босгож чадсан. Дахиад мөнгө олох хэрэгтэй. Яаж олох вэ гэж бодож суухдаа урьд нь хамт ажилладаг байсан охин Итали руу сурахаар явсныг санаад холбоо барьсан юм.

 

“ИТАЛИ БОЛ УРЛАГИЙН ЦӨМ, ОХЬ, ОРГИЛ”

 

-Энэ үеэс таны АНУ-д сурах мөрөөдөл Итали руу таныг хөтөлсөн юм уу?

-Анхнаасаа Итали бол хаа холын, ид шидийн бөгөөд тэнд сурна гэж төсөөлж ч чадахааргүй хол санагддаг байсан юм. Тиймээс л АНУ-г мөрөөдсөн. АНУ чинь Италитай арай ойр. Найз охиноосоо асууж сураглатал болмоор санагдаж эхэлсэн. Итали чинь дэлхийн урлагийн цөм, охь, оргил нь шүү дээ. Ингээд “Монгол-Италийн төв”-ийг зорьж, зуучлуулахаар болсон юм. Үнэхээр азтай. Тухайн үед Монголд Италийн Элчин сайдын яам байгаагүй. Тиймээс визээ Бээжингээс авдаг байлаа. Миний визний асуудал их хурдан бүтсэн. Яагаад ч юм эргээд бодоход нөгөө “Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэдэг шиг миний төлөвлөсөн бүхэн хурдан бүтэж, намайг дандаа сайн сайхан хүмүүс хүрээлсээр өнөөдрийг хүрчээ.

-Хүсэж, мөрөөдсөн Италидаа буулаа. Өөрийгөө урлагийн их уурхайд хөл тавьж байна гэж бодоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-“Монгол-Италийн төвд” анх очсоноос хойш сар хүрэхгүй хугацаанд буюу 2014 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Италид буусан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Нэгдүгээр сард Монголд ямар байдаг билээ дээ. Гэтэл бүгчим агаар, яг л хагас амьсгаа аваад байх шиг мэдрэмж төрсөн. Итали хэл нойл, бүдэг бадаг англи хэлтэй. Тосох хүн ч байхгүй харь орны буудалд буусан ч миний нүүрэнд зөвхөн инээмсэглэл л тодорч явсан. “Монгол-Италийн төв”-өөс А4-ийн цаасан дээр хэрэгтэй хэдэн үг, өгүүлбэрийг Италиар бичээд атгуулчихсан. Тэр үед надад цээж дүүрэн хүсэл эрмэлзлэл, баахан зоригоос өөр юу ч байгаагүй. Ядаж байхад онгоцноосоо шөнө буусан. Перужиаруу явах автобус нь өглөө ирнэ. Гэхдээ би өглөө гэхэд үнэгүй интернэттэй газар олоод гэрийнхэн рүүгээ холбоо барьчихсан, автобусны буудал дээрх Хятадуудтай танилцаад найз болчихсон додьгор амьтан сууж байсан юм даа. Өглөө автобус ирэхэд “Өглөөний мэнд. Энэ Перужиа явах автобус мөн үү. Намайг Перужиад буулгаарай” гэж бичсэн цаасаа жолоочийн өмнө барьтал жолооч инээмсэглээд “Суу, суу. Надад итгэж болно” гэж хэлсэн. Ингээд дөрвөн цаг явсны эцэст хүсэн хүлээсэн сургуулийнхаа өмнө буусан. Намайг анх зуучилж өгсөн н.Цэлмэгийн итали багш Силвестрини тосож авч билээ.

-Таны түүхийг сонсоход яг л адал явдалт кино үзэж байгаа юм шиг дүр зураг тань нүдэнд харагдаад байх юм?

-Нээрээ яг кино шиг байгаа биз. Одоо ч адал явдалт амьдралын минь дараагийн ангиуд үргэлжилсээр байна. Италичууд их сайхан сэтгэлтэй, халуун цустай, дэврүүн хүмүүс байдаг юм. Ямар ч үед хүнд туслахаас төвөгшөөдөггүй. Надтай таарсан хүн бүхэн сайхан сэтгэлээр тусладаг байсан. Өрөөндөө гурван Вьетнамтай хамт амьдардаг байлаа. Ингээд хамаг бичиг баримтаа амжилттай бүрдүүлээд сургуульдаа очсон. Нээрээ нэг онигоотой юм болсон нь хүмүүс миний тухай “Оюутны байранд нэг дохиогоор ярьдаг охин ирчихсэн байна лээ” гэж ярьдаг байсан гэсэн шүү. Энэ мэт хүсэл мөрөөдлийнхөө төлөө таг харанхуйгаас тэмтчисээр Италид ирсэн учраас би манай хотод ирж байгаа монгол хүүхэд бүрт нэг цент ч авахгүйгээр туслахыг хичээдэг болсон. Бусад хотод тарифтай байдаг юм билээ.  Өөрөө анх их өлссөн учир эхлээд хоол хийж өгдөг. Ингээд сургуульд нь аваачиж бүртгүүлээд, оршин суух бичгийг нь өөрийн гараар бичиж өгөөд хариуд нь “Дараа жил ирэх хүүхдэд яг эгч шигээ туслаарай” гэж захидаг байсан. Даанч туслах нь их ховор байдаг юм шиг байна лээ. Тиймээс манай хотын монголчууд надад их сайн.

-Таныг сурч байхад хэдэн монгол оюутан ирж байв. Ер нь Италид монголчууд хэр элбэг байдаг юм бол?

-Манай хотод их цөөхөн ирдэг байсан. Долоон жилийн хугацаанд 20 болж үзээгүй юм байна. Жилд нэг, хоёр л ирнэ. Хамгийн ихдээ таваараа ирж байсан юм байна. Харин хөвгүүд их ирдэггүй. Дандаа л охид үлдэнэ. Бүгдтэй нь эгч дүүс болсон доо. Италийн бусад хотуудаар мэр сэр байдаг л байх. Гэхдээ их олноороо биш ээ.

-Мэдээж оюутан хүнд мөнгө хэрэгтэй. Цагийн ажил хийдэг байв уу?

-Манай оюутнууд чөлөөт цагаараа цагийн ажил хийдэг байсан. Би болохоор Монголоос захиалгын ажил авч хийгээд, хэрэглээний мөнгөө зохицуулчихдаг байлаа. Тэнд амьдардаг н.Солонго гээд найз маань Хятад ресторанд ажилладаг байсан юм. Амралтын өдрүүдэд ачаалал нэмэгдчихдэг гээд намайг туслаад өгөөч гэхээр нь зургаан өдөр очиж ажилласан юм. Ядаж байхад би аймар хурдан. Давуу тал нь ямар ч ажил хийсэн будилаад байдаггүй. Өнөөх ширээнүүдийг нь гялс цэвэрлээд л, хоолнуудаа хурдан хурдан зөөгөөд дуусгачихдаг байсан. Гэтэл тэр рестораных нь дарга намайг оройн цагаар ажиллаач, өндөр цалин өгье гэж гуйж байсан удаатай.

-Итали бол урлагийн уурхай. Тэнд төгсөөд ирсэн таныг Монголын урлагийн байгууллагууд булаацалдаад л авна даа. Эргээд Улаанбаатар руу очих бодол байгаа юу?

-Би Булганы Хутаг-Өндөр суманд суурьшиж удаан амьдрах зорилготой ирсэн. Гэхдээ хот руу байнга л ирж, очдог. Хүүхдүүдийнхээ үзэсгэлэнг ч хотод гаргалаа. Би зүгээр л өөрийгөө амьдралынхаа төлөө тэмцэж чадсан хүн гэж боддог. Хүсэн хүсээгүй ээж, аав минь надад бэлэн мөнгө өгөх боломжгүй юм чинь өөрөө л хичээе гэсэн бодлоор хөдөлмөрлөсөөр Италид сурах боломжоо нээж чадсан. Өнөөдөр яг над шиг хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэрхэн анхны алхамаа хийхээ мэдэхгүй байгаа олон хүүхэд бий. Би тэдгээр хүүхдэд урам өгч, өөрөө хичээвэл болдог юм гэсэн сэдлийг төрүүлэх юмсан гэсэн хүслээр танд өөрийнхөө түүхийг ярьж байна. Миний зургийг авч, намайг 12 мянган доллартай болгосон хүмүүс нь байнга надад захиалга өгдөг байсан үнэнч үйлчлүүлэгч нар минь л байсан юм. Учир нь би тэр хүмүүсийн итгэлийг нэг ч удаа алдаж үзээгүй, ажлаа цаг тухайд нь чанартай хийж өгдөг байсан учир надад итгэж, дэмжсэн байх гэж боддог. Үзэсгэлэнгээ гаргаад дөрөвхөн хоногийн дараа гэхэд би хэзээ ч барьж үзээгүй их мөнгөө атгаад, Италид очиж сурна гэсэн итгэл дүүрэн зогсож байсан.

-Таны зорьсон бүхэн нээх саадгүй бүтчих юм. Үнэхээр аз, од гийсэн сайхан энергитэй бүсгүй бололтой?

-Дуучин С.Батсүх дуулснаар “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” юм билээ. Би хэзээ ч хэн нэгэнд хар буруу санаж явсангүй. Хийх ажилдаа сэтгэлээ зориулж, чанартай бүтээл хийхсэн гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүрсэн минь надад эерэгээр нөлөөлсөн юм болов уу. Ер нь бидний хүн болж төрсний нэг шалтгаан нь хүн хүндээ туслах шүү дээ. Би хаана ч очсон бусадтай мэндтэй явж, чадах зүйл байвал туслахсан гэж хүсдэг хүн. Энэ бодлынхоо хүчээр ч юмуу үргэлж сайхан хүмүүстэй учрах юм.

-Таны зургийн авьяас хэнээс өвлөгдсөн юм бол. Танай гэр бүлд таниас өөр зурдаг хүн бий юу?

-Манайхан дунд надаас өөр зурдаг хүн байхгүй. Харин аав минь их гарын дүйтэй хүн байсан. Аавыгаа л дуурайсан юм болов уу.

-Та их гоё, тохилог  байшинтай юм. Хутаг-Өндөр суманд ирээд өөрийн хүссэнээрээ, тухтай амьдарч чадаж байна уу?

-Би энэ байшинг өнгөрсөн жил бариулсан юм. Нөгөө Батбилэг ахынхаа хөлсний байрнаас гарах хугацаа дөхөж байх үед манай суманд хэсэг залуучууд ирж байшин барьж байхтай таарсан юм. Тэгсэн чинь сургуулийн захирал маань энэ залуусаар байшин бариулчих гэж зөвлөхөөр нь очоод үнийг нь асуутал 32 сая гэсэн. Би ч цалингийн зээл аваад бариулчихна гэсэн бодолтой хөөцөлдсөн чинь 12 сая төгрөг л гардаг юм даа. Тэгэхээр нь “Мөнхийн үсэг” болон үйлчлүүлэгчдээсээ ажлын хөлсөө урьдчилж аваад зохицуулсан даа. Барилгачид маань ч их хурдан барьсан, би ч Улаанбаатараас материалыг сайн татсан. Би үүнийг нэг их олон хүнд ярьдаггүй юм. Миний Хутаг-Өндөр суманд амьдрах болсон гол шалтгааны нэг нь манай сургуулийн захирал юм. Үнэхээр ямар ч үед намайг дэмждэг, тусладаг их сайн хүн бий. Энэ байшинг босгоход хамгийн их тусласан хүн. Анх байшин барих модоо сонгохоор явж байхдаа би юу ч мэдэхгүй. Тэр хавиар эрвээхэй хөөж, зургийг нь дарахаар хөөгөөстэй. Захирал л бүх ажлыг зохицуулж, нугалж өгсөн дөө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 188 (7173)