Бямбагэрэл БАЯРЖАВХЛАН
Цар тахал аялал жуулчлалын салбарын хэв маягийг өөрчилж, шинэ сэргэлтийг бий болгож эхэлсэн. Энэ хэрээр Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдыг татахад анхаарах болсон. Энэ ажил ч амжилттай хэрэгжиж есдүгээр сарын байдлаар манай улс 500 мянган жуулчин хүлээн авчээ. Манай улсад аялсан жуулчдын тоогоор ОХУ, БНСУ, БНХАУ тэргүүлж байна. Мөн аялал жуулчлалаас сая орчим ам.долларын орлого эдийн засагт оржээ. Эдгээр тоог сонсоход чихэнд чимэгтэй ч эсрэгээрээ сонсоод ч ичмээр зүйлс энэ салбарт олон байна.
Жуулчин хүлээн авахад хамгийн эхний тулгамддаг асуудал бол зам дэд бүтэц байдаг. Тодруулбал, энэ жил манай улсад аяллаар ирсэн 34 жуулчин зам тээврийн осолд өртсөн. Эдгээр ослуудын ихэнх нь дэд бүтэцтэй холбоотой. Энэ тухай аяллын автобусны жолооч Б.Батням “Авто замын эвдрэл нь осол гарах гол шалтгааны нэг гэж боддог. Жолооч хурдтай явж байх үед нүх таарахад огцом дарж бусад автомашинтай мөргөлдөх, замын хажуу руу унах зэрэг осол их гарч байгаа харагддаг. Замаа засчихвал осол гэмтэл бас буурах байх” гэсэн юм. Нэг сая жуулчин аваад нэжгээдийг нь осолдуулаад явуулж болохгүй. Тиймээс зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага үүссэнийг дээрх 34 тохиолдлоос харж болно хэмээн өмнөх дугаартаа бид хөндөж байсан.
Дараагийн асуудал бол зочид буудлын асуудал. Манай улсад ирж буй жуулчид ихэвчлэн хөдөө орон нутгаар явах сонирхолтой байдаг. Тэгвэл жуулчдын их очдог Тэрэлжийн бүс нутаг болон орон нутаг ихэвчлэн гэр буудлуудтай. Гэр буудлууд ихэвчлэн усанд орох боломжгүй, халаалт, дулаангүй, модон ортой, хуучны ногоон бүтээлэгтэй зочдоо угтдаг. Гэхдээ үнийн хувьд бусад улсын дөрвөн одтой буудалтай дүйцэхүйц үнэтэй. Энэ нь жуулчдын сэтгэлийг гонсойлгодог ажээ. Энэ тухай аяллын хөтөч Д.Сүнсрээ “Энэ зунжин Солонгосоос ирсэн жуулчдад хөтөч хийсэн. Бараг л 21 аймгаараа аялсан. Ингэхэд аялагчдын сэтгэлд таарсан амралтын газар таараагүй. Гэр буудал нэг хүний 150-300 мянган төгрөгийн үнэтэй. Гэвч өглөөний цайгүй, шөнөдөө халаалтгүй, цагаан хэрэглэл нь маш бохир байдаг. Ариун цэврийн байгууламжийн талаар яриад ч хэрэггүй. Мөн үйлчилгээний байгууллагуудын харилцаа хандлага, орчин маш муу” гэв.
Тэгвэл манай улсад амралтын газар болон үйлчилгээтэй холбоотой ямар хууль, дүрэм, журам стандарт байдаг юм бол гэдгийг судалсан юм. Ингэхэд аялал жуулчлалтай холбоотой 10 гаруй стандарт байв. Тодруулбал, Амралтын газар, жуулчны бааз, тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, бариста, бартендар, зөөгч, хөтөч, тайлбарлагч, зочин угтаж авах, үдэх зэрэг олон стандарт байлаа. Тэр ч бүү хэл зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийн харилцаа хандлагын нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журам гэж байсан юм.
Мөн гэр буудлуудад “Гэрийн стандарт” гэж тусдаа зүйл бий. Тус стандартад тусгаснаар жуулчдыг байршуулах монгол гэр зочид буудлын өрөөнөөс дутахгүй цэвэр цэмцгэр тохижилттой тав тухтай байх ёстой хэмээн тусгажээ. Бүр зочин хүлээж авахаас өмнө болон явсны дараа хэрхэн яаж цэвэрлэгээ хийх, чийгшил өгөх зэргийг ч зааж өгчээ. Гэвч эдгээр дүрэм журам цаасан дээр л хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Тэрэлжийн бүс нутгаар хэд хэдэн амралтын газар очиход шал нь халцарсан, өнгө алдсан даавуутай, гал түлдэг хэдэн навсгар гэр л угтаж байгаа юм. Үнийн хувьд 150-500 мянган төгрөгийн үнэтэй. Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлагын 4.8.1 Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээнд тавих шаардлагад “Зочин угтах, хүлээн авах, үдэх, мэдээлэл өгөх, зочдын тав тухыг хангасан хүлээлгийн хэсэгтэй байна. Мөн зочдын бүртгэл, захиалгын тогтолцоотой байна. Зочны хүлээн авах хэсэгт танхимд зочдын тээш хадгалах үйлчилгээ үзүүлнэ. Зочны хүлээн авах хэсэгт харилцаа холбооны хэрэгсэлтэй байна. Зочны хүлээн авах хэсэгт ус ундааны үйлчилгээ үзүүлнэ” зэрэг стандартыг мөрдөж буй нь маш цөөн байв.
Саяхан Солонгосын жуулчин Монгол Улсад аялах үеэрээ утас, камер зэргээ амралтын газар байрлаж байхдаа хулгайд алдаж олж авч чадаагүй тухайгаа youtube сувагтаа бичлэг болгож тавьсан байв. Тэгвэл энэ нь аялал жуулчлалын салбар бүх шатандаа мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгтэйг илэрхийлж буй юм. Энэ тухай Монгол аялал компанийн хөтөч Э.Тунгалагтуяа “Жуулчид буудалсан буудалдаа эд зүйлсээ орхиход амралтын газрын ажилчид түүнийг нь авчихдаг. Буцаж очоод хайхаар ямар ч эд зүйл үлдээгээгүй гэдэг. Мөн жуулчдаас шөнө монгол залуучууд архи, мөнгө нэхэх тохиолдол ч гарч байсан. Тэр бүү хэл зөөгчид хүртэл гарын мөнгө нэхдэг. Энэ нь үнэхээр хэцүү байдаг” гэсэн юм.
Зөвхөн ирэх жуулчдын тоонд анхаарах биш буудал, үйлчилгээний стандарт зэргийгээ хэр мөрдөгдөж байгааг шалгах цаг болсныг дээрх жишээнүүдээс харж болно. Ирэх жил стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхгүй бол нэг жилд нэг сая жуулчин гэдэг зүйл мөрөөдөл болох вий. Хэн дуртай нь голын эрэг, уулын аманд хэдэн гэр бариад тэрийгээ амралтын газар гэж нэрлэх биш стандартад нийцсэн олон улсын үйлчилгээг үзүүлэх цаг нэгэнт болжээ. Нэг үгээр төр төмөр нүүрээ харуулж аялал жуулчлалын салбараа аврах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)