Насантуяагийн ЖАРГАЛМАА
"Их-20"-ийн дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн нийслэл Дели хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн томоохон эдийн засагтай улсуудын удирдагчид энэ удаагийн уулзалтаар Украины дайны талаарх санал зөрөлдөөний шийдвэрлэх зөвшилцлийн баримт бичиг боловсруулж, Дэлхийн банк зэрэг байгууллагуудыг шинэчлэх асуудлыг урагшлуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нээлттэй хариуцлага
Энэ удаагийн "Их-20"-ийн уулзалтыг Хятадын удирдагч алгасаж буйгаа албан бусаар мэдээллэсэн. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэны зүгээс Хятадтай харилцах харилцаагаа сайнаар эргүүлэхээр хичээсээр байгаагаа илэрхийлсээр байлаа. Уулзалтын үеэр Жо Байдэн Хятадын ерөнхий сайд Ли Цянтай уулзжээ. Тэдний энэхүү уулзалт нь Индонезид болсон "Их 20"-ийн уулзалтын дараагаар орох хоёр улсын дээд хэмжээний уулзалтад тооцогдож байна. Жо Байдэн сэтгүүлчдэд хандан “Бидний зүгээс Хятадын төлөөлөгчидтэй үргэлжлүүлэн уулзсаар байх болно. Би өнөөдөр Энэтхэгт Хятадын ерөнхий сайдтай уулзалт хийлээ. Бид тогтвортой байдлын талаар ярилцсан" гэлээ. Дэлхий нийт хоёр том гүрний дунд өрнөж буй асуудалд анхаарал хандуулсаар байна. АНУ-ын эдийн засаг, инфляцийн асуудал голлох анхаарлын төвд байна. Ерөнхийлөгч Жо Байдэны хувьд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлыг чухал хэмээн ажиглагчид үзэж байна.
Украины дайны талаарх зөвшилцөл
Бямба гарагт "Их-20"-ийн гишүүн орнууд ОХУ-ыг дайнд буруутгахаас зайлсхийж “Удирдагчдын тунхаглал”-ыг баталлаа. Мөргөлдөөний улмаас хүн төрөлхтөнд учир болох зовлон зүдгүүрийг онцлон тэмдэглэж, газар нутгийг булаан авахын тулд хүч хэрэглэхгүй байхыг дэлхий нийтэд уриаллаа.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан сэтгүүлчдэд хэлэхдээ, “Дээд хэмжээний уулзалтын тунхаглал нь улс орнууд нутаг дэвсгэрээ олж авахын тулд хүч хэрэглэж, бусад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, улс төрийн тусгаар тогтнолыг зөрчиж болохгүй гэсэн зарчмыг баримталж байгаа нь маш сайн” гэлээ.
Туркын ерөнхийлөгч Эрдагон Хар тэнгис дэх үр тарианы хэлэлцээрт ОХУ-ыг татан оролцуулахаар ажиллаж байгаа гэдгээ онцолсон ч одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэдгээ тодотгож байлаа. Дипломатуудын үзэж буйгаар ОХУ-ыг илт буруушаалтыг хүлээн зөвшөөрөхгүй хэдий ч зөвшилцөлд хүрэх нь амжилттай үр дүнг авчрах боломжтой хэмээн үзэн байна. ОХУ-ын энэ түрэмгийлэл нь Их-20-ийн хамтын ажиллагааны суурийг ганхуулж болзошгүй гэх айдсыг дагуулсан хэвээр байгаа юм.
Африкийн холбооны гишүүнчлэл
Энэ удаагийн уулзалтаар нийт 55 орны гишүүнчлэл бүхий Африкийн холбоог Их-20-ийн байнгын гишүүнээр хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр хөгжиж буй улс орнуудад анхаарал хандуулж буйн баталгаа болж байна хэмээн үзэж байна. Өнөөг хүртэл Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Их-20-ийн бүрэлдэхүүнд байсан юм. Африкийн холбоо байнгын гишүүнчлэлтэй болсноор Их-7-ийн орнууд зонхилох үүрэг гүйцэтгэж ирсэн Их-20-ийн хүрээнд дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолой хүрэх боломжтой болж байгаа юм. АНУ, Энэтхэг, Саудын Арабын удирдагчид Ойрхи Дорнод болон Өмнөд Ази, улмаар Европыг холбосон төмөр зам, боомтыг холбох төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна. Энэ нь Их-20-ийн бүлэгт хөгжиж буй орнуудын нөлөөг бий болгож дэлхийн дэд бүтцэд шинэчлэл авчрах алхам болох юм.
Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Германы Олаф Шольц, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Японы улсын Фумио Кишида тэргүүтэй дэлхийн удирдагчид Энэтхэгийн тусгаар тогтнолын баатар Махатма Гандигийн хөшөөнд зочилж хүндэтгэл үзүүлжээ. АНУ-ын ерөнхийлөгч сүүлийн уулзалтанд оролцолгүй Вьетнам руу хөдөлжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн өсөлт
Дэлхийн удирдагчид 2030 гэхэд дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг дэлхийн хэмжээнд гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Нүүрсний эрчим хүчийг бууруулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн ч цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд оновчтой зорилтуудыг хараахан дэвшүүлж чадаагүй байна. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтод хүрэх, ногоон эрчим хүчний шилжилтийн төлбөрийг төлөхөд жилд 4 их наяд ам.доллар шаардлагатай гэж үзжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт энэ оны сүүлээр Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдах НҮБ-ын цаг уурын дээд хэмжээний уулзалтын өмнө тохиож буй юм.
Ерөнхий сайд Модигийн дараагийн нүүдэл
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн хувьд Их-20-ийн удирдлага нь Энэтхэгийг дипломат болон эдийн засгийн нөлөө бүхий гүрэн гэдгээ харуулах, дэлхийн хамгийн олон хүн амтай улс руу хөрөнгө оруулалт, худалдааны урсгалыг хөтлөх бүтэн жилийн боломж байлаа.
Ажиглагчдийн үзэж буйгаар Энэтхэгийн ирэх сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшихээр төлөвлөж байгаа Модигийн хувьд нэр хүндээ өсгөх мөрийн хөтөлбөрийг бататгаж өгч байгаа хэмээн үзэж байна. Энэ "Их-20"-ын уулзалтын үеэрх нийслэл даяар тархсан сурталчилгааны самбарууд дахь Модигийн дүр төрхөөс харагдаж байжээ. Түүний дэмжигчид дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь Энэтхэгт томоохон мөч ирснийг харууллаа хэмээн хэлж байна.
Швед улс НАТО-д элсэх нь Туркээс хамаарна
ОХУ-ын Украин дахь түрэмгийлэлийн дараагаар Швед болон Финлянд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан. Дөрөвдүгээр сард Финландын гишүүнчлэлийг зөвшөөрсөн бол Шведийн тендерийг Турк, Унгар хоёр хэвээр хадгалсаар байна. Учир нь Турк улсын зүгээс террорист байгууллага болох “Курдистан”-ыг Швед оргонуулж байна хэмээн буруутгаж байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Шведийн засгийн газар зургадугаар сард террорист бүлэглэлийн гишүүн байх, хориотой бүлэглэлүүдэд логистик болон санхүүгийн тусламж үзүүлэхийг хориглосон хуулийг баталсан. Олон сар гацаасны эцэст өнгөрөгч долдугаар сард Туркийн ерөнхийлөгч Эрдагон НАТО-д элсэх саналыг бие даан баталж чадахгүй хэмээж парламентад шилжүүлэхээр тохиролцсон.
Мөн Турк улс өнгөрөгч оны аравдугаар сард АНУ-аас 20 тэрбум ам.долларын үнэ бүхий “F-16 сөнөөгч онгоц”-ыг худалдан авахаар хэлэлцэж байгаа билээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Эрдагон, Байдэн нар “F-16 сөнөөгч онгоц”-ыг худалдаалах тухай асуудлыг ярилцсан ба АНУ-ын зүгээс Шведийг НАТО-д элсүүлэх асуудлыг онцолж байсан нь Туркийн ерөнхийлөгчийг бухимдуулж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм.
Үүний дараагаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Конгресстэй зөвшилцсөний үндсэн дээр “F-16 сөнөөгч онгоц”-ыг Туркт нийлүүлнэ гэдгийг хэллээ. Гэсэн хэдий ч худалдаж авах хугацаа болон Туркийн парламентын Шведэд ногоон гэрэл асаах нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)