Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Банкны салбарын реформын хүрээнд арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болж хувьцаагаа арилжсан. Өнөөдрийн байдлаар ихэнх банкуудын хувьцааны үнэ анх гарсан үнээсээ буурчээ. Тодруулбал, Голомтбанкны хувьцаа анх 1285 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 849 төгрөг, Төрийн банк 590 төгрөгөөр гарч 488 төгрөг болжээ. Харин Хаанбанк анх 959 төгрөгөөр нэгж хувьцаагаа  санал болгож байсан бол өнөөдөр 1059 төгрөг болж өсчээ. Тэгвэл эдийн засагчид банкны салбарын IPO- г хувьцааг хэрхэн харж байгаа талаар тэдний байр суурийг хүргэж байна.

 

Эдийн засагч Г.Батжаргал: IPO-оос IPO руу үсэрч богино хугацаанд зараад сүүлдээ бүгд алдагдал хүлээгээд гарч байна

-Хөрөнгийн зах зээлд оролцогч талууд олон, зохицуулалт өндөр тул эдгээр уналтыг нэг шалтгаан эсвэл нэг субъекттэй холбох аргагүй юм. IPO-г хувьцаагаа зарж байгаа компани, авч буй иргэн хоёрын харилцаа гэж ойлгож болохгүй. Хөрөнгийн зах зээлд хамгийн том оролцогч нь Хөрөнгө оруулалтын банк, Хөрөнгө оруулалтын сан, Урт хугацааны хуримтлалын сан, Даатгалын компаниуд буюу Institutional Investor  байгууллагууд чухал үүрэгтэй. Эдгээр нь урт хугацааны эх үүсвэрийг хуримтлуулж, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж өгөөж хүртдэг. Манайд хөрөнгө оруулалтын банк алга, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан нь алдагдалтай байгаагаас гадна 100 хувь төрийн өмч болохоор энэ зах зээл өндийх боломж байхгүй. Зарим мэргэжил нэгтнүүд маань Нийгмийн даатгалд реформ хийх зөв санаачлаг гаргадаг ч төр түүнийг шийддэггүй. Нэг үгээр Монголд урт хугацааны санхүүгийн эх үүсвэр байхгүй. Байгаа хэдэн төгрөгөө өөр хоорондоо богино хугацаанд шилжүүлээд байна гэсэн үг.

Хөрөнгө оруулагчид сүүлийн үеийн IPO-д оролцохдоо койн шиг богино хугацаанд мөнгөө оруулаад өндөр хувь хүртэх гэсэн бодолтой хүмүүс нэг IPO-оос нөгөө IPO руу үсэрч богино хугацаанд зараад сүүлдээ бүгд алдагдал хүлээгээд гарч байна. Мөн иргэд хөрөнгө оруулалтын тухай ойлголт муутайгаас гадна тухайн байгууллага ирээдүйд ямар үнэ цэнтэй байхыг мэдэхгүй байна.

Цаашид яаралтай Market maker буюу хувьцааны хөрвөх чадварыг хангаж байгууллагыг зах зээлд нэвтрүүлэхгүй бол сайн компаниудын үнэ буурах үзэгдэл давтагдаад байх шинжтэй байна. Мөн Short sell буюу хувьцааны ханшийн уналтаас арилжааны ашиг олдог бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй бол жижиг хөрөнгө оруулагч нар зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс ашиг хүртэнэ гэсэн сэтгэл зүйтэй болж дөнгөж ханш өсөнгүүт бүгд зараад ханшаа унагаад байна. Мөнгөний, хөрөнгийн, даатгалын, төсвийн гэх мэт санхүүгийн зах зээлийн бүх төрлүүд хамт хөгжиж, хоорондоо уялдаж байж эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэдийг ойлгох хэрэгтэй.

 

Эдийн засагч Б.Өлзийбаяр: Хувьцаа бол койн биш

-2022 онд хийсэн хамгийн том ажлуудын нэг бол системийн таван банкны IPO байсан. Төрийн банк салхийг хагалж, Хасбанк сүүл мушгисан. Энэ нь зах зээлийн идэвхжилд шууд нөлөө үзүүлсэн юм. Банк IPO хийхэд нэг чухал зүйл бий. Олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан, үнэнч хэрэглэгчидтэй аж ахуйн нэгж бол банк юм. Тэгэхээр үнэнч хэрэглэгчид нь олон жил үйлчлүүлсэн байгууллагынхаа хувьцааг нь итгэж худалдан авна. Өөрөөр хэлбэл банкууд хөрөнгийн зах зээл рүү орж ирэхдээ шинэ бүтээгдэхүүн гаргахаас гадна хөрөнгө оруулагчдын тоог нэмсэн гэх хоёр давуу талыг үүсгэсэн.

Хувьцааны үнэ ханш унасан нь нэгдүгээрт, үнэт цаас гаргагчид үнэлгээн дээр анхаарах ёстойг харуулж буй юм. Зах зээлийнхээ онцлогтой уялдуулж үнэлгээгээ гаргах ёстой. IPO хийнэ гэдэг нь компанийн хувьд түүхэн дээд амжилт. Үйл ажиллагааныхаа дээд цэгт хүрсэн үедээ IPO хийх ёстой байдаг юм л даа. Хөгжсөн гадаадын зах зээлд Хөрөнгө оруулалтын, Тэтгэврийн гэх мэт сангууд энэ зах зээлд хамтран оролцдог. Манай зах зээл сүүлийн хэдэн жилд л хөгжиж, бойжиж байна. Жижиг зах зээлтэй, хөрөнгө оруулагчгүй, сангууд нь идэвхгүй, алдагдалтай, данс нь улайсан гэх мэт хуримтлалгүй улс орон шүү дээ, манайх. Тиймээс эдгээрийг бодолцож компаниуд үнэлгээгээ гаргах ёстой.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын төлөв байдал. Монголчууд урт хугацаанд хөрөнгө оруулдаггүй. Мэргэжлийн сангууд ч байхгүй. Хувь хүмүүс богино хугацааны тоглолт хийдэг. Энэ нь санхүүгийн мэдлэггүй, мэдээлэлгүй, боловсролгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй, богино хугацаанд ашиг хийхийг эрмэлздэг зэрэг байдал нөлөөлдөг юм. Хувьцаа койн биш. Үүнийг ойлгох хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн салбар нэлээдгүй хөгжиж байна. Гэвч монголчууд бид хөрөнгө оруулалтын талаар мэдээ, мэдээлэл муутай, богино хугацаанд ашиг хийх сонирхлоосоо болж алдагдал хүлээх  болжээ. Тиймээс хөрөнгө оруулахаар сонирхож буй бол эрсдэл болон өөрийн санхүүгийн чадамждаа тааруулан урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь ашигтай гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)