Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхий нийтэд тохиох боллоо. Тэгвэл байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хохирсон иргэдийн хохирлыг улс орнууд хэрхэн барагдуулдаг талаар энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцолж байна.
Монгол Улс амь насаа алдсан иргэнд хоёр өрөө байр олгов
Өнгөрсөн долдугаар сараас хойш нийслэлд хэд хэдэн удаа үер боллоо. Үерээс үүдэлтэй орон сууц, байшин, барилга, авто машин тэр ч бүү хэл 10 сартай нярай, хоёр залуу амиа алдсан.
Тэгвэл ослын улмаас амь эрдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн юм. Түүнчлэн үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэжээ. Тус ажилд хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг Нийслэлийн онцгой комиссоос анхааруулж байсан юм.
БНСУ-д даатгалын компани хохирол барагдуулдаг
Өмнөд Солонгос улсад өнгөрсөн долдугаар сарын 17-нд олон хоног бороо орсны улмаас гамшиг нүүрлэсэн. Тус үерийн үеэр 22 хүн амиа алдсан нь тогтоогджээ. Хамгийн их хохиролтой бүс нутаг нь уулсын дунд оршдог Умард Гёнсан муж бөгөөд Умард Чунчон мужийн Чонжү хотын газар доорх хонгилд 19 хүн автомашинтайгаа живснийг аварсан байна. Тэгвэл Солонгост байгалийн гамшигт үзэгдлээс болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хохирлыг даатгалаас барагдуулдаг байна. Тодруулбал, Байгалийн гамшгийн үед төрөөс мөнгөн тэтгэмж, тусламж дэмжлэг үзүүлдэггүй байна. Солонгост даатгал өндөр хөгжсөн байдаг бөгөөд иргэд нь эд хөрөнгө, амь нас, автомашин, эд эрхтнээ хүртэл даатгуулсан байдаг ажээ. Энэ тухай Солонгос улсад амьдардаг Монгол Улсын иргэн Б.Өлзийжаргал “Солонгос улсын иргэдийн 95 хувь нь даатгалд хамрагдсан байдаг гэсэн судалгаа байдаг. Гадаадын иргэд бид ч гэсэн амь нас, эрүүл мэндээ даатгуулдаг. Эрсдэл учрахад даатгалаас нөхөн төлбөр олгодог нь санхүүгийн асуудлыг хөнгөвчилж өгдөг. Өнгөрсөн сард үерээр нас барсан иргэний ар гэрт даатгалаас 200 сая вон олгосон гэх мэдээ гарч байсан” гэв.
БНХАУ-д төрөөс нөхөн олговор олгожээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн сард үерийн улмаас 20 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Тус хүчтэй аадар бороо нь Доксури хар салхинаас үүдэлтэй аж. Тэгвэл тус үерт Бээжинд 11, Хэбэй мужид есөн хүн амиа алдсан гэж “Синьхуа”-аас мэдээлсэн юм. Мөн энэ үеэр Бээжинд 27, Хэбэйд зургаан хүн сураггүй алга болж байсан юм. Алга бологсдын 13 нь Ментугоу хотод, бусад нь Чанпин, Фангшан дүүргийнх байжээ. Тэгвэл БНХАУ байгалийн гамшгаас үүдэлтэй нас барж, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүст төрөөс ар гэрийнхэнд нь нөхөн олговор өгч дахин ийм гай зовлон давтагдахгүй байх үерийн стратеги гаргахыг үүрэг болгожээ. Үүний дагуу Үерийн "менежмэнт"-ийн стратегийн менежментийг боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр үерийн усыг дахин ашиглаж хотжилтоос үүдэлтэй усны хомсдолыг арилгах юм. Мөн Хятад улс үер болон түүний сөрөг нөлөөллийг багасгах төдийгүй эдгээр жинхэнэ байгалийн гамшгаас ашиг олох стратегийн сайн жишээ юм.
Уур амьсгалын өөрлчлөлттэй холбоотойгоор Азийн улсуудад үер болж буйг дээр онцолсон. Тэгвэл манай улс шиг хотын буруу төлөвлөлт, ус дамжуулах хоолойгүйгээс болж иргэд нь хохирсон тохиолдол байхгүй байлаа.
Сонирхуулахад, Нийслэлийн газрын албанаас үерийн далан бараадан амьдарч буй айлуудыг Хан-Уул дүүргийн XIII хороон дахь шинэ суурьшлын бүс рүү үнэгүй нүүлгэхээр болсон. Шинэ суурьшлын бүсэд суурьших хүсэлтэй айлууд дүүргийнхээ Засаг даргад өргөдөл гаргаснаар нүүх зардлыг нь олгох гэнэ. Тодруулбал, Дүүргүүдийн газрын албанаас зөвшөөрөлгүй газарт буусан айлуудад нүүхийг шаардсан бичиг жил бүр өгдөг ч иргэд шаардлагыг нь биелүүлдэггүй. Ойрдоо дуу цахилгаантай аадар бороо их орох төлөвтэй байгаа учраас зөвшөөрөлгүй газар буусан айлуудыг шинэ суурьшлын бүс рүү нүүж, эд хөрөнгө амь насаа хамгаалахыг Нийслэлийн газрын албанаас сэрэмжлүүлэв. Гэвч шинэ суурьшлын бүсэд одоогоор нүүж очсон айл байхгүй гэдгийг албаныхан хэлж байлаа. Үерийн ам сахиж буун үерт өртөж улсаас тэтгэмж авдаг жишиг тогтох вий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 165 (7150)