Б.НАНДИН

 

"Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн зохицуулагч Н.Баяртогтохтой ярилцлаа. Тус төслийн хүрээнд хуучин гэгдэх угсармал орон сууц, сургууль цэцэрлэгийн барилгын дулааны алдагдлыг буруулах ажил хийгдэж буй юм.

 

-Монгол орны хувьд дийлэнхи бүтээн байгуулалт дулааны улиралд хийгддэг онцлогтой байдаг. “Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хувьд энэ зун, намар ямар ажлууд хийж байна вэ?

-Манай төсөл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. 2019 онд нэгдүгээр шат дууссан. 2020 оны эхээр хоёрдугаар үе шат маань УИХ-аар батлагдаж, энэ жил буюу 2023 оны 12-р сарын 31-ний өдөр уг төсөл маань дуусах юм. Төслийн гол зорилго нь эрчим хүчний хэмнэлт бий болгох. Хуучин нийгмийн үед баригдсан орон сууцны барилгууд, сургууль, цэцэрлэгүүд дулаан алдагдал маш ихтэй байдаг. Тэр хэрээрээ айл өрхүүд, сурагч-хүүхдүүд маань тав тухгүй орчинд оршин сууж, хичээллэх нь элбэг. Мөн цаашлаад дулаан алдагдал ихтэй байрыг хүйтэн байлгахгүйн тулд их хэмжээний эрчим хүч зарцуулах шаардлагатай болдог. Энэ асуудлыг орчин үеийн шийдлээр шийдэж, эрчим хүчний хэмнэлттэй болгон, ногоон буюу байгальд ээлтэй болгоё гэдэг гол зорилгыг санхүүжүүлэгч байгууллага буюу Дэлхийн банкны зүгээс тавьсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ч үүнийг маш их дэмжиж ажилласны хүрээнд төсөл маань амжилттай хэрэгжиж байна.

2023 онд манай төсөл өмнөх жилүүдэд хийгдсэн ажлаа нэг дахин нугалсан хэмжээний ажлуудыг хийж байна. Одоогоор Ерөнхий боловсролын гурван сургууль, дөрвөн цэцэрлэгийн дулаан хамгаалах ажлыг хийж гүйцэтгээд, хүлээлгэж өгөх шатанд явж байна. 17, 18 тооны орон сууцны дулаан хамгаалах ажил хийж гүйцэтгэж байгаагаас зарим нь бүрэн дуусаад, комисс ажиллаад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Заримынх нь ажил ид явагдаж байна. Мөн зөвхөн дулаан хамгаалалтын ажлаар зогсохгүй өнгөрсөн онд анх удаа Чингэлтэй дүүргийн 83-р цэцэрлэгт сэргээгдэх эрчим хүч ашиглаад, газрын гүний дулаанаар халаах технологийг амжилттай суурилууллаа. Энэ технологи нь нүүрс болон өөр ямар нэгэн хатуу түлш ашигладаггүй, энгийн цахилгаан халаагуураас гурав дахин бага эрчим хүч зарцуулдаг давуу талтай. Дэлхийн банкны зүгээс Монголд тус технологитой холбоотой эрхзүйн орчин ямар байгаа талаар сонирхоход манайд энэ талаарх ямар ч стандарт байгаагүй. Тийм учраас 83-р цэцэрлэг дээр хэрэгжүүлсэн газрын гүний дулаанаар халаах ажлын үр дүнд энэ технологийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой юм байна гэж үзсэн. Тиймээс эрхзүйн орчныг нь давхар бүрдүүлье гэдэг зорилго тавьж, Дэлхийн банк болон “Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн баг хамтарч ажилласны үр дүнд энэ жил олон улсын газрын гүний дулаанаар халаах стандартыг Монголын хөрсөн дээр буулгах ажлыг эхэллээ. Ингэхдээ  өөрийн орны цаг агаар болон бусад шалгуурт таарсан нөхцөлөөр хөрвүүлэн буулгах ажил ид дундаа явж байна. Мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг авах зорилгоор хэлэлцүүлэг явуулж байгаа. 2023 оны аравдугаар сар гэхэд энэ стандарт маань батлагдаад, Монгол Улсад анх удаа газрын гүний дулааны системээр халаалтыг шийдэх стандарт боловсруулагдан, эх орныхоо стандартад нэгэн шинэ, ашиг тустай стандарт нэмэх ажил хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 100 мегаваттаас дээш хэмжээтэй уурын зуухнууд түүхий нүүрс түлж байгаа. Түүхий нүүрсийг түлэхгүй байх ямар арга зам байгаа талаар төслийн баг Нийслэлийн захирагчийн албатай хамтран судалгаа хийн, төвийн дулаанд холбох боломжтой хоёр байршил дээр дутагдалтай байгаа тодорхой хэмжээний санхүүжилтийг Дэлхийн банкнаас шийдэж өгөхөөр болсон. Энэ дагуу хоёр уурын зуухыг буулгаж, төвийн дулаанд холбох ажил хийгдэж байна. “Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” маань зөвхөн сургууль, цэцэрлэг, орон сууц гэхгүйгээр нийгмийн зорилтот бүлэг буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх "Хүүхэд залуучуудын хөгжлийн тусгай цогцолбор”-ын барилгын дулаан хамгаалах ажлыг хийж байна. Уг цогцолбор нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин болон эцэг эх, асран хамгаалагч нь орхиод явсан зэрэг нийгмийн туслалцаа дэмжлэг шаардлагатай олон хүүхдүүдийг байршуулж, хичээл сургалт явуулдаг тусгай цогцолбор юм. Дэлхийн банктай хамтраад нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолборын хоёр обьектын дулаан хамгаалалтын ажлыг эхлүүлсэн. Одоогоор уг ажлын гүйцэтгэл 70 хувьтай, амжилттай явж байна. Түүнчлэн СЭМҮТ-ийн  өвчтнүүд хэвтэн эмчлүүлдэг гол барилгын дулаан хамгаалах ажлыг хийж, ая тухтай орчныг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна. Энэ мэтээр төсөл маань 2023 ондоо өмнөх жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хоёр дахин өндөр ачаалалтайгаар, төсөл дуусахаас өмнө Дэлхийн банкнаас шийдэж өгч буй санхүүжилтийг иргэддээ, нийгэмдээ бүрэн хүргэе гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа.

-Улаанбаатар хотын хэмжээнд хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдагдал шүдний өвчин болоод байгаа. Төслийн хүрээнд дулаан хамгаалах ажил хийгдсэн орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга байгууламжууд цаашдаа хэдэн жил дулаан алдагдалтанд санаа зовохгүй байх боломжтой вэ?

-Төслийн багийнхан маань дулаан хамгаалах ажил хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүмүүсийн удирдамж, зөвлөгөөг авч хийдэг. Бидний хамтарч ажилладаг гол байгууллага бол ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв. Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв маань Монгол гэрээс эхлээд гэр хорооллын байшин, угсармал орон сууц, сургууль, цэцэрлэг гээд бүх төрлийн барилга байгууламжийн дулаан алдагдалтыг бууруулах тал дээр судалгаа хийдэг. Төслийн хийж байгаа дулаан хамгаалах технологи бол Монгол Улсад бараг бүх барилгуудад хэрэглэгдэж байгаа технологи шүү дээ. Тус төвийн өгч байгаа зөвлөмжөөс харахад уг технологиор стандартын дагуу дулаан хамгаалах ажил хийгдсэн тохиолдолд багадаа 15-20 жил, байгалийн давагдашгүй хүчин зүйл болон ашиглалтын буруу үйл ажиллагаа нөлөөлөхгүй бол насан туршдаа ч санаа зовохгүй байх боломжтой. Ер нь 15-20 жилийн хугацаанд дулаан алдагдалтын талаар санаа зовохгүй байж болно гэдэг технологийн шийдэл гаргаж өгсөн. Гэр хорооллын айлуудын байшин сууцны дулаалга дээр байшин бүрт тухайлсан технологийн зөвлөмж гаргаж өгдөг. Тоосго, дүнз, палк, эсвэл блокон байшин бол ямар технологи тохирох вэ зэргээр холимог технологи буюу эрдэс хөвөн, базальт хөвөн, EPS, XPS гэх зэрэг тухайн барилга, сууцны бүтцэд хамгийн нийцтэй, чанартай материалиудыг ашиглаж дулаан хамгаалах ажлыг хийж, гүйцэтгэж байна.

-Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ хичнээн орон сууц, барилга байгууламжинд дулаан хамгаалалтын ажил хийх шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа байдаг юм бол?

-Нийслэлээс хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 1072 угсармал орон сууц байгаа гэсэн тоо гарсан. Тун сонирхолтой нь Улаанбаатар хотод байгаа 1072 угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулж чадвал үүнээс гарах эрчим хүчний хэмнэлт нь дахин нэг цахилгаан станц бариад, тэр цахилгаан станцын үйлдвэрлэх хэмжээний эрчим хүчийг хэмнэх эдийн засгийн хэмнэлт бий болгож чадна гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, бид маш их хэмжээний эрчим хүчийг алдаад байна аа гэсэн үг. Манай төслийн хувьд аль болох олон орон сууц, сургууль цэцэрлэгийг хамруулах юмсан гэдэг бодолтой байдаг ч санхүүжилт хязгаартай. Ямартай ч төслийн хүрээнд одоогоор 37 угсармал орон сууц, 31 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан хамгаалах ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэ бол бага тоо биш юм. Манай төсөл маань Улаанбаатар хотын эрчим хүчний хэмнэлтэд чамгүй хувь нэмэр оруулж байгаа төсөл гэдэгтэй санал нийлэх байх. 2016 оноос төсөл эхэлснээс хойш олон олон ижил зорилготой төслүүд бидний ардаас гарч ирсэн байна. Герман улсын JIZ төсөл урьд нь дулаан хамгаалах талаар ажиллаж байсан. Үүнийгээ улам өргөжүүлж НАМА төсөл буюу угсармал орон сууцны дулаан хамгаалах том хэмжээний төслийг нийслэлтэй хамтраад эхлүүлж байна. Мөн “Дулаан шийдэл” гэдэг төсөл байна. Энэ мэтээр олон улсын цөөнгүй байгууллага Улаанбаатар хотын угсармал орон сууцнууд болон айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах ажлыг хийж байна. Нийгэмд ач тустай, эдийн засгийн хэмнэлт бий болгох эдгээр олон ажлын түүчээ болоод явж байгаадаа  "Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн хамт олон маш их баяртай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)