Д.ОЮУНЧИМЭГ
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ зорилтын гуравны нэг нь биелэсэн тухай салбарын яамнаас мэдээлж байна.
Бүр тодруулбал, энэ сарын 15-ны байдлаар 393 мянга гаруй жуулчин ирсэн аж. Үүнийг дагаад эхний хагас жилийн байдлаар энэ салбарт ажиллаж буй компаниуд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ удаагийн татвар төлөлтийн дүнг өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад илт өссөн гэдгийг хэллээ.
Салбарын яамнаас “Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж аялал жуулчлалын салбар эдийн засагт чухал нөлөө авчирч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Цар тахал дэлхийн эдийн засгийг сөхрүүлсэн. Үүнийг даван туулахын тулд бүхий л улс орон ажиллаж байгаа. Манай улсын хувьд ч аль салбарыг түлхүү хөгжүүлж “мөнгө босгох” арга замыг хаа хаанаа эрэлхийлж буй энэ үед аялал жуулчлал “бай”-гаа оносон гэж болно. Учир нь олон улсын одууд манай улсыг зорин ирж байгаа нь ирэх жилүүдэд биднийг сонирхох жуулчдыг татах сурталчилгаа болж буй юм. Тухайлбал, Nuseir Yassin Монгол Улсын тухай контентоо Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн. Тэрбээр Дэлхийн алдарт контент бүтээгч, "Nas daily"-ийн үүсгэн байгуулагч. Цахим орчинд 70 гаруй сая дагагчтай. Энэхүү сурталчилгаанд олон улсын сая сая дагагчтай 20 гаруй контент бүтээгч оролцсон аж. “Nas Summit-2023” арга хэмжээ Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдсан юм.
Ямартай ч дэлхий даяар нүүдэлчин монголчууд онгон дагшин байгальтай орчин цагийн хөгжлөөс хоцордоггүй гэдгийг дэлхийд таниулах нь. Тэгвэл бид ирэх жилүүдэд нэг сая жуулчин авах бүхий л таатай орчныг бүрдүүлэх ажлыг одооноос хийх шаардлагатай. Ил задгай хог хаягдал, задгай “0”, тэнгэрт хадсан өндөр үнэ жуулчдыг үргээх вий гэдэг болгоомжлол бас бий.
Өнгөрсөн жилийн хугацаанд нийт 94.2 тэрбум төгрөг аялал жуулчлалын салбарынхан татварт төвлөрүүлжээ. Харин энэ оны эхний хагас жилд 63.6 тэрбум гэдэг хол давж биелэх дүн. Тэгэхээр хэдийгээр тавьсан зорилгын гуравны нэг хэсэг нь биелэсэн ч чамлахааргүй амжилт гэж болно. Бид илүү ч ихийг олох боломжтой. Үүний тулд төр бодлогоор хийхээ хийнэ. Харин хувь хүн, хувийн хэвшил ч өөрөөс шалтгаалах зүйлсээ хийх хэрэгтэй гэдгийг сануулъя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)