З.БАТЦЭЦЭГ
Зургадугаар сарын 21-нд Грета Гервигийн найруулсан "Барби" постмодерн инээдмийн кино дэлхий даяар нээлтээ хийлээ. Киноны гол дүрд Марго Робби, Кенийн дүрд Райан Гослинг тогложээ. Time Out нь Барби хүүхэлдэйг хэрхэн бүтээгдсэн, түүний өөрчлөлт, мөн кино бүтээгчид түүнийг дэлгэцэн дээр хэрхэн амилуулж байсныг эргэн дурсаж байна.
Домог бүтсэн түүх
1955 он. Маттел тоглоомын компанийг үүсгэн байгуулагч Рут, Эллиот Хандлер нарын охин арван настай Барбара найзуудынхаа хамт хавтгай картонон хүүхэлдэйндээ зориулж янз бүрийн загварын хувцас зохион бүтээж байв. Уг нь их энгийн, даашинзаа зураад, хайчлаад, өмсгөнө. Гэвч ийм хавтгай картонон дүрсийг хаана ч тавьж болохгүй, хувцаслаж болохгүй байв.
1950-иад онд Америкийн тоглоомын зах зээлд бүх төрлийн хүүхэлдэй ноёрхдог байсан. Дандаа асрах шаардлагатай нялх хүүхдийн төрхтэй хүүхэлдэйнүүд. Ийм тоглоомоор охид хүүхэлдэйг бүүвэйлж унтуулж тоглохоос өөр аргагүй. Анхны хайр, шинэ ажил, хурим зэрэг төсөөлж тоглосноор хүүхэд "насанд хүрсэн" амьдралд бэлтгэгдэж байдаг. Бяцхан хүүхэлдэй, цаасан хүүхэлдэйгээр ингэж төсөөлж тоглох боломжгүй байв.
“Барби гархаас өмнө бяцхан охидод зориулсан олон хүүхэлдэй Baby doll, Kewpie, живхтэй хүүхэлдэй гэх мэт олон төрлийн хүүхэлдэй байсан. Эдгээр хүүхэлдэй нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, ээж болох, охидыг ирээдүйд ээж, гэрийн эзэгтэй л болно гэсэн санааг мөнхжүүлсэн” гэж Барбигийн хамгийн том дуудлага худалдааны төвийн эзэн Сэнди Холдер хэлэв.
Рут Хэндлер охиноо хараад охидод насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дүрсэлсэн том хүүхэлдэй хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эллиот эхнэрийхээ санаачлагад эргэлзэж байв. Ийм тоглоомууд аль хэдийн зах зээлд байгаа боловч тийм ч алдартай байгаагүй. Барбигийн өмнөх хувилбар нь Германы насанд хүрэгчдийн комик киноны баатар Билд Лилли байв. Уг хүүхэлдэйг 1952 онд худалдаанд гаргасан бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан тул тамхины дэлгүүр, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд зардаг байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд сургуулийн ахлах ангийн охид түүнийг сонирхож эхэлсэн байв. 3-аас 14 насны охидод зориулсан тоглоомоо бүтээх талаар бодохдоо Рут үүнийг бас анзаарчээ.
Энэ санаа нь маш амжилттай болсон. Рут Bild Lilly-ийн загварыг ирээдүйн хүүхэлдэйний загвар болгон ашиглажээ. Барби нь амьдралынхаа зам мөрийг хайж байгаа охид, охидын эрх чөлөө, боломжийн бэлэг тэмдэг болсон:
"Бид шинэ хүүхэлдэй зохион бүтээхдээ охиныхоо нэрээр нэрлэнэ гэдгээ мэдэж байсан. Тэр бидэнд урам зориг өгсөн. Хүүхэлдэйг бүтээхэд гурван жил зарцуулсан. 1959 онд бид үүнийг гаргасан. Энэ бол гайхалтай жил байсан. Ээж, охид эдгээр хүүхэлдэй, хувцасыг нь маш хурдан худалдаж авч байсан тул амжилтанд тэр даруйдаа хүрсэн". Гэсэн хэдий ч Рут агшин зуурын амжилтын тухай ярихдаа бага зэрэг дэгсдүүлсэн. Нью-Йоркийн үзэсгэлэнгийн үеэр Барби хар, цагаан судалтай усны хувцас, өндөр өсгийт, нарны шилтэй гарч ирсэн бөгөөд бөөний болон жижиглэнгийн худалдаачид шинэ хүүхэлдэйг огт үнэлээгүй ба зөвхөн "турших" зорилгоор цөөнийг худалдаж авсан байна. Үзэсгэлэнд оролцогчид Барбигийн эмэгтэйлэг дүр төрхөөс нь айж эмээж байсан. Ерөнхийдөө дэлгүүрийн эзэд Рутийн урам зоригийг хуваалцаагүй нь илт байв. Эхний долоо хоногтоо Америкийн дэлгүүрүүдийн лангуунаас Барби бүгд зарагдахад тэд үнэхээр их гайхацгаажээ.
1959 онд нийтдээ 300 мянга гаруй барби, түүнээс ч олон хувцас зарагдсан байна. Хүүхэлдэйний жижиглэнгийн үнэ ердөө гурван ам.доллар байв. Түүний хувцасны шүүгээ болон дагалдах хэрэгслийн үнэ ижил байсан.
Поп соёлын бусад үзэгдлийн нэгэн адил Барби олон өөрчлөлтийг туулсан. Түүний гадаад төрх өөрчлөгдөж, орчин нь өөрчлөгдөж, амьдралынхаа 64 жилийн хугацаанд хэчнээн олон мэргэжлийг эзэмшсэн гээч! Зөвхөн ганц л зүйл өөрчлөгдөөгүй. Тэр үргэлж 19 настай.
Энэ хүүхэлдэй нь 1960-аад онд Random House-аас гаргасан гайхалтай маркетингийн сурталчилгаан дээр суурилсан намтартай. Барбигийн бүтэн нэр нь Барбара Миллисент Робертс бөгөөд тэрээр найз залуу Кентэй (1961 онд худалдаанд гарч ирсэн) Рут Хандлерын хүү Кеннетийн нэрээр нэрлэгдсэн. 64 жилийн турш тэд дараагийн алхамаа хийж, гэрлэж, хүүхэдтэй болохыг зүрхэлсэнгүй. Барбигийн гэр бүл Америкийн дундаж давхаргад багтдаг. Аав Жорж инженер, ээж Маргарет бол гэрийн эзэгтэй. Төрөлх Висконсин муждаа ахлах сургуулиа төгсөөд хөөрхөн охин загварын агентлагт ажилд оржээ. Тиймээс түүний анхны дүр төрх нь загварлаг хар цагаан усны хувцас юм.
Барби амьдралынхаа эхэн үед загвар зохион бүтээгч, балетчин, дуучин, онгоцны үйлчлэгч, сувилагч болжээ. Энэ бол зөвхөн 1961 он! Дараа нь охины боловсролд зориулсан тусгай багц гарч ирсэн бөгөөд 1965 онд тэрээр сансрын нисгэгч болж, Нейл Армстронгоос гурван жилийн өмнө саран дээр газарджээ. Барби амьдралынхаа 64 жилийн хугацаанд сансрын салбар, цэргийн салбараас эхлээд элит спорт, Америкийн томоохон улс төр хүртэл 200 гаруй мэргэжлийг өөрчилсөн. Олон ертөнц дэх ийм хөдөлгөөн бүрийг том хэмжээний сурталчилгааны кампанит ажил, ном, хүүхэлдэйн киноны хэлбэрээр нэмэлт материалууд дагалддаг байв.
“Барби бол бяцхан охидод хүүхэлдэйгээр дамжуулан хүссэн хүнээрээ байж чадна гэдгийг харуулах явдал байв. Барби эмэгтэй хүнд сонголт байдаг гэдгийг үргэлж илэрхийлсээр ирсэн” гэж Рут Хэндлер нэг бус удаа хэлж байжээ.
XXI зуунд Барбиг томоохон өөрчлөлтүүд хүлээж байв. Шинэ зууны эхээр хүүхэлдэйний тухай ном гаргадаг хэвлэлийн газар өөрчлөгдсөн. Random House-ын оронд Golden Books орж ирээд шууд л жижиг хувьсгал хийсэн. 2004 онд Барби Кентэй салж, өөр найз залуу болох Австралийн серфчин Блэйнтэй болжээ. Худалдан авагчид үүнийг үнэлээгүй бөгөөд долоон жилийн дараа Кен буцаж ирэв. Түүгээр ч барахгүй буцах тухайгаа сүр дуулиантайгаар сурталчилсан. Асар том сурталчилгааны самбар дээр Кенийн Барбиг өөрт нь эргэж ирэхийг хүссэн зурагт: “Барби, чи бол миний цорын ганц хүүхэлдэй. Бид хуванцараар хийгдсэн байж болох ч бидний мэдрэмж жинхэнэ юм!
Цаг хугацаа өнгөрөхөд Барбигийн биеийн харьцаа ч өөрчлөгдсөн. Эмч, сэтгүүлчид хүүхэлдэйг шүүмжилж эхлэв. Юуны өмнө тэрээр хоолны дуршилгүй болох, булими өвчний тархалтад нөлөөлж байв. Зарим охид түүнийг гоо сайхны идеал гэж үзэж, ийм стандартыг биелүүлэхийг хичээдэг байв. Сэтгэл судлалд "Барби синдром" гэсэн тусгай нэр томъёо байдаг бөгөөд энэ нь эрдэмтдийн үзэж байгаагаар гадаад үзэмжийн тодорхой зорилгод хүрэхийн тулд эрс арга (хоолны дэглэм, мэс засал, өөх соруулах гэх мэт) ашигладаг эмэгтэйчүүдийг тодорхойлдог.
Шүүмжлэлийн үр дүнд Барби илүү бодитой болсон. Зарим жижиглэн худалдааны сүлжээнүүд хүүхэлдэйний өндөр, бяцхан, муруй хэлбэртэй хувилбаруудыг зардаг байв. Хэсэг хугацааны өмнө Африк-Америк, Испани, Ази эмэгтэйчүүд зэрэг янз бүрийн үндэстэн барби бий болсон.
Маттел хүүхэлдэйг өөрчлөх, шинэчлэх оролдлого хийсэн ч (Wi-Fi, микрофонтой хувилбар, мөн хүүхдийн дэлгэцтэй хүүхэлдэй ч байсан) сүүлийн 10 жилийн хугацаанд Барбигийн борлуулалт огцом буурчээ. Хэрэв дэлхийд өмнө секунд тутамд гурван тоглоом зарагддаг байсан бол өнөөдөр Маттел ийм үзүүлэлтийг мөрөөдөж сууна.
Барби кинонд
2000-аад оны эхэн үе хүртэл хүүхэлдэй оршин тогтносноос хойш 40 жилийн турш энэ нь бараг том, жижиг дэлгэцээр гараагүй, зөвхөн зарим кинонд дурдагддаг байсан нь гайхмаар юм. Зарим талаараа 2001 онд Братз хүүхэлдэй дэлгүүрийн лангуун дээр гарч ирэн, аажмаар Барбигаас зах зээлийн томоохон хувийг авч эхлэхэд яг ийм зүйл тохиолдсон юм. Маттелийн боссууд тэр дороо барьж авав. Тус компани Барбигийн тухай хүүхэлдэйн киног гаргах санааг гаргаж, дүрсийг дахин бодож, нэмэлтээр алдаршуулж, бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлэв.
Хүүхэлдэйн киноны анхдагч нь Хоффманы "Цөмөөхэй ба хулганы хаан" өгүүллэгээс сэдэвлэсэн "Барби ба Цөмөөхэй" (2001) хүүхэлдэйн кино юм. Барби өгүүлэгчийн дүрд тоглодог. Өрнөлийн дагуу түүний дүү Келли тайзны айдастай байгаа тул Барби түүнийг баярлуулж, хараалыг арилгахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа илбэчин охин Кларагийн түүхийг ярихаар шийджээ.
Цувралын бусад зарим хүүхэлдэйн кинонууд ижил төстэй байдлаар бүтээгдэх болно. "Барби ба Цөмөөхэйг"-ийг бүтээгчид материалд мэдрэмжтэй хандаж, компьютерийн анимэйшн төгс бус байсан ч бүхнээ зориулж байсан нь сонирхолтой юм. П.И.Чайковскийн хөгжмийг Лондонгийн симфони найрал хөгжим тусгайлан бичиж, бүжгийг Нью-Йоркийн балетын гоцлол бүжигчид хөдөлгөөнт дүрс бичлэгийн технологи ашиглан хийжээ. Энэ нь анх DVD болон телевизэд зориулж бүтээсэн материалтай маш нарийн ажил болсон юм.
Дараах цуврал хүүхэлдэйн кинонуудыг мөн сонгодог бүтээлээс сэдэвлэсэн. Жишээлбэл, Барби ба Луу (2002) нь ах дүү Гриммийн үлгэр Рапунзелийг дүрсэлсэн."Барби ба Хунт нуур" (2003).” Барби: Гүнж ба ядуу бүсгүй” (2004) мюзикл нь Марк Твений сонгодог зохиолоор хийгдсэн.
Сонгодог уран зохиол, балетаас холдон, үлгэрийн уран зөгнөлт ертөнц шилжиж эхлэв. Fairytopia улсын далавчгүй дагина Элина (мэдээж Барбитай төстэй) тухай гурвалсан зохиолоор бүтээжээ.
Марго Роббигийн Барбид тоглох урт зам
2010 онд цувралд дэлхийн хэмжээний өөрчлөлт гарсан. Гүнжүүдийн тухай түүхүүд орчин үеийн асуудал, сэдвийг хөндсөн хүүхэлдэйн кино гарч эхлэв. Ийнхүү хоёр дахь үе шат эхэллээ. Янз бүрийн улс орны Барбитай төстэй хүмүүс серфинг хийх тэмцээнд оролцож, кинонд тоглож, концерт, бүжгийн шоунд оролцдог. Олон жилийн турш сурталчилгаа, номонд бүтээгдсэн түүний намтар аажмаар дэлгэц рүү шилжиж байна. Хүүхэлдэйний тухай цуврал кино нийтдээ 41 кинотой бөгөөд 42 дахь нь шинээр нэмэгдэх гэж байна.
Нөгөөтэйгүүр, поп соёлын үзэгдлийн хувьд Барбигийн кино зураглал тийм ч их биш юм. Өнөөдөр түүний нэр олон нийтийн нэр болж, дуу, кинонд аль хэдийн бий болсон дүр төрх болгон ашигладаг бөгөөд дэлхийн хэмжээнд нэг ч найруулагч энэ дүрийг гаргахаар зориглоогүй байна. Магадгүй Грета Гервиг байдлыг өөрчлөх боломжтой. Түүний энэ ажил Барбигийн уран сайхны кинон дахь дебют байх болно. Марго Робби, Райан Гослинг нар бүх ярилцлагадаа постмодерн инээдмийн төрөл нь гэнэтийн зүйлээр дүүрэн бөгөөд гол зорилго нь үзэгчдийн хүлээлтийг хууран мэхэлж, "юун тухай гэдгийг мэдэхгүй хэрнээ үзэхийг хүсч байгааг" харуулах явдал гэдгийг онцлов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7147)