Доржийн ОЮУНЧИМЭГ

Мартагдсан утаа амь орж утааг бууруулах элдэв төлөвлөгөө, санхүүжилтийн талаар ярилцаж эхлэв. Утааг бууруулах шилдэг арга нь үнэндээ яндангүй болох. Бүр тодруулбал, элдэв чамин нэртэй түлш түлэх нь утаагүй болохгүй гэдгийг цаг хугацаа харуулсан. Мод, нүүрс тэр ч бүү хэл өөр түлш болох бүхий л зүйлс их, бага хэмжээгээр утаа гаргаж байгаа юм. Түүнчлэн авто машинаас ялгарах утаа ч орчныг бохирдуулж байгааг ярьсаар ирсэн. Тэгвэл нийслэлчүүд утааны хордлогоос зайлсхийхийн тулд яах ёстой вэ. Байх боломжтой, хийж чадах нь орон сууцжуулах хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тодорхой хугацаанд хэрэгжсэн эл хөтөлбөр ипотекийн зээлийн “тусламжтайгаар” чамлахааргүй үр дүн гаргасан гэдгийг эдийн засагчид хэлж байна.

 

ИПОТЕК “МЭНДЭЛСЭН” ТҮҮХ

 

Үе үеийн Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ирсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

Өнгөрсөн 2018 онд Барилга хот байгуулалтын яамнаас судалгаа хийж нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174.491 нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 нь амины орон сууцанд, 107.878 нь гэр хорооллын байшинд, 101.136 өрх нь монгол гэрт амьдарч байгаа гэсэн тоон мэдээлэл гаргасан байна. Тус судалгаагаар нийт өрхийн 284 нь өөрийн орон гэргүй. Мөн орон нутагт 194 мянга гаруй өрх нь аймгуудын төвд амьдарч байгаагаас 58.8 мянган нь нийтийн болон амины орон сууцанд, 135 мянга гаруй нь монгол гэр, гэр хорооллын байшинд амьдарч байна гэжээ. Түүнчлэн хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоогоор энэ жилд гэхэд л манай улсын суурин хүн амын тоо 3.5 орчим сая, өрхийн тоо 962 орчим мянгад хүрэх төлөв байгааг статистикчид хэлдэг. Өрхүүдийн 70 хувь нь төв, суурин газарт амьдардаг гэвэл инженерийн бүрэн хангамжтай орон сууцны тоог багадаа 150 мянгаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг ч мөн хэлж байж. Тэгвэл өнгөрсөн таван жилийн судалгаа, тооцоолол өдгөө батлагдаж байна. Учир нь ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкуудад хэдэн сар дамнан хүлээх хэмжээнд дугаарлаж буй аж.

 

ЗУРГАДУГААР САРД ШИНЭЭР 157.1 ТЭРБУМЫГ ОЛГОЖЭЭ

Харин албаны мэдээллээс харвал өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 110.604 зээлдэгч ипотект хамрагдсан бөгөөд нийт 6.9 их наяд төгрөг олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, банкууд дээр хөтөлбөрийн эх үүсвэрээр 83.495 зээлдэгчийн 4.6 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Мөн “МИК” ОССК-д шилжсэн зээлийн үлдэгдэл 3. 8 их наяд төгрөг бөгөөд үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон зээл нь 3.8 их наяд юм байна.

Ямартай ч Монголбанкнаас ипотекийн эх үүсвэрийг хэвийн олгож байгаа талаар хэлэв. Харин арилжааны банкууд эх үүсвэр орж ирэхгүй байгаа гэдэг тайлбар өгч байгааг Баянзүрх дүүргийн иргэн Б.Хонгор хэлж байлаа. Одоогийн байдлаар ипотекийн зээл авах тун бэрх гэдгийг нэлээд “бартаатай зам” туулж байгаагаа тэрбээр ярьсан юм. Зээлийн эх үүсвэр цар тахлаас үүдэн буурсан нь бодит үнэн. Таван удаа хойшлуулсны эцэст энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн горимд орсон. Гэвч ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газар руу шилжүүлэхээр болж байгаа зэрэг шалтгаанаас үүдэн арилжааны банкуудад эх үүсвэр орж ирэхгүй байгаа гэдэг тайлбарыг банкныхан өгч байна.

Ипотекийн зээлийг олгохдоо Төвбанк, арилжааны банк ямар байдлаар олгодог талаар хүмүүс сонирхдог юм байна. Тэгвэл орон сууцны зургаан хувийн зээлд олгож байгаа мөнгөний 70.3 хувь нь хөтөлбөрийн буюу Төвбанкны эх үүсвэр байдаг бол 28.9 хувь нь банкуудын өөрийн, 0.8 хувь нь бусад эх үүсвэрээр олгодог ажээ. Өнгөрсөн зургадугаар сард шинээр 1329 зээлдэгчид 157.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос хөтөлбөрийн хүрээнд 566 зээлдэгчид 60.9 тэрбум төгрөг олгосон тухай Монголбанкнаас гаргасан тайлан мэдээнд дурджээ.

 

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ БА БУСДЫН БОЛОМЖ

 

Монголчууд санхүүгийн сахилга бат “нойл” гэвэл буруудахгүй. Ипотекийн зээлийн эх үүсвэр эхэлж зээлд хамрагдсан хүмүүсийн эргэн төлөлтөөс шууд хамааралтай. Мэдээж зээлийн төлөлтийг зогсоосон таван жилд төрийн бодлогоор зохицуулалт хийсэн ч эрчимтэй олгогдож байсан үетэй харьцуулбал зээлийн олголт буурсныг банкны эдийн засагчид хэлж байна.

Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн эргэн төлөлт хийж байгаагаас харахад нийт зээлдэгчдийн 1.4 хувь нь анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн бол 1.3 хувь нь чанаргүй ангилалд шилжжээ. Түүнчлэн чанаргүй зээлийн 69.1 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон байдаг бол 30.3 хувийг хөтөлбөрийн, 0.6 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байгаа аж.

Утаа нийслэлчүүдийн “толгойн өвчин”. Тэгэхээр моргейжийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар утаанаас салж болно гэдгийг хэн бүхэн л хэлдэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ ямар орлого, ямар ажил алба эрхэлдэг зэрэг одоогийн баримталж байгаа шаардлагыг зөөлрүүлэн шинэ журмаар олгож эхлэх нь залуус орон байрныхаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй гэдэг. Тэгвэл одоо ямар хүн ипотекийн зээлээр байр авах вэ. Одоогийн моргейжийн зээлд хамрагдсан хүмүүсийн нийтлэг байдлаас харвал 35-45 насныхан үүнд хамрагдах боломж нь арай түлхүү аж. Учир нь өнгөрсөн зургадаар сарын моргейжийн зээлийн мэдээллээс харвал дээрх насныхан нийт зээлдэгчдийн 42.1 хувийг нь бүрдүүлж буй. Түүнчлэн зээлд хамрагдсан хүмүүсийн 14.9 хувийг төрийн болон батлан хамгаалах салбарынхан эзэлж байгаа бол бизнесийн тэр дундаа бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нийт зээлдэгчдийн 17.1 хувийг эзэлдэг байна. Эндээс бизнес эрхэлдэг эсвэл төрийн албан хаагч бол ипотекийн зээл авах боломж илүү гэдэг нь харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр зээлд хамрагдаж байгаа хүмүүс дийлэнхдээ 80 хүртэлх ам метр талбайтай байр худалдаж авсан байна. Мөн ипотекийн зээлээр борлуулагдсан орон сууцны 79.2 хувийг 2011 оноос хойш баригдсан орон сууц эзэлдэг аж.

Монголбанк энэ оны хоёрдугаар хагаст багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийн Засгийн газарт шилжүүлэх тухай яриа гарсаар байгаа. Албажсан нь хараахан үгүй. Хэрэв Засгийн газар орон сууцны моргейжийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх болвол иргэн Дулам байртай болох эсэх Монгол Улсын Засгийн газраас шууд хамааралтай болно. Тэгэхээр цаашид эх үүсвэр олгосон, олгоогүй гэх үү гэх асуултад хариулт хэрэгтэй байгааг Засгийн газар, Монголбанкныханд уламжилъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7147)