З.БАТЦЭЦЭГ
Дэлхийн цагаан будааны үнэ шинэ дээд амжилт тогтоож магадгүй байна. Үүний шалтгаан нь Хятадад болсон үерийн улмаас тус улсын газар тариалангийн гол бүс нутаг усанд автсан гэж CNBC мэдээлэв.
Дэлхийн хамгийн том будаа үйлдвэрлэгчийн зүүн хойд бүс Доксури хар салхинд нэрвэгдэв. Үерт тус улсын цагаан будааны үйлдвэрлэлийн 23 хувийг бүрдүүлдэг Өвөр Монгол, Жилин, Хармөрөн гэсэн гурван мужууд нэрвэгджээ.
Үр тарианы талбайн үерт автах нь жилийн хугацаанд үр тарианы ургацыг бууруулна гэж Fitch-ийн шинжээчид мэдэгдсэн ч Хятадад Доксуригийн дараа Ханун хар салхины улмаас дахин үер нүүрлэж байгаа тул хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Үйлдвэрлэл багассанаар Хятадад үр тарианы өртөг нэмэгдэнэ. Хэрэв өөрсдийнхөө хураасан ургац хангалтгүй бол тус улс цагаан будаа импортлоход хүрч, улмаар дэлхийн зах зээл дээрх үнэ бүр ч их өсөх магадлалтай.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан Үнийн индексээр (Бүх будааны үнийн индекс) үр тарианы үнэ бараг 15 жилийн хугацаанд дээд цэгтээ хүрэн өссөн байна. Ийнхүү Тайландын цагаан будаа тонн тутамдаа 648 ам.долларт хүрч өссөн нь 2008 оны аравдугаар сараас хойших дээд амжилт болжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний үнэ цэнэ бараг 50 хувиар өссөн байна.
Энэтхэгийн эрх баригчид басматигаас бусад бүх төрлийн үр тариа экспортлохыг хориглосонтой холбоотойгоор цагаан будааны үнэ өсч байна. Хориг нь хангамжийн 80 орчим хувьд нөлөөлсөн. Үүний зэрэгцээ Азийн бусад орнууд ган гачгийн улмаас будаа тариалах талбай багасаж эхлэв. Эрх баригчид тариаланчдыг усаа хэмнэхийг уриалж байна. Бага тариа тарих эсвэл их усалгаа шаарддаггүй үр тариа ургуулахыг санал болгов.
Эх сурвалж: www.zms.mn