Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч, Европын Холбооны Гадаад Бодлого, Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн Дээд Төлөөлөгч Жозеф Боррель
Украины хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл рүү экспортлох боломж олгосон Хар Тэнгисийн Үр Тарианы Санаачилга (ХТҮТС) хэлэлцээрийг байгуулж Истанбул хотод гарын үсэг зурснаас хойш бараг нэг жилийн дараа буюу 7 дугаар сарын 17-ны өдөр ОХУ тус хэлэлцээрийг шинэчлэхээс татгалзлаа. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хэлсэнчлэн, энэ санаачилга нь “дэлхий дахинд нэн шаардлагатай байгаа хүнсийг нийлүүлэх итгэл найдвар” болж ирсэн билээ.
Орос улс дэлхийн хүнсний томоохон нийлүүлэгч Украин улсын эсрэг түрэмгий дайн өдөөхөөс өмнө дэлхийн нийт арвайн нийлүүлэлтийн тавны нэгийг Украин улс нийлүүлдэг байв. Үүнээс гадна дэлхийн зах зээл дээрх эрдэнэ шишийн зургааны нэг, улаан буудайн наймны нэгийг Украин нийлүүлдэг байлаа. Орос улс Украин улсад халдан довтолж, улмаар үр тарианы талбай, агуулахууд руу дайрч, Украины боомтуудад хаалт тавьснаар дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ огцом нэмэгдэж шинэ дээд түвшинд хүрсэн төдийгүй хүнс импортлогч олон улс орны хүнсний нэн чухал хангамжийг аюулд оруулсан юм. ХТҮТС нь Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын амин чухал сувгийг эргэн сэргээж, дэлхий дахинд хүнсний үнийг бууруулах зорилготой байсан юм.
Хэдийгээр олон сорилтуудтай тулгарсан ч тус санаачилга гол зорилгоо биелүүлсэн юм. 2022 оны 8 дугаар сараас хойш Украин улс бараг 33 сая тонн үр тариа, хүнсийг 45 улс орон руу экспортолсноор дэлхийн зах зээл дээр хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ Орос улс Украины эсрэг халдан довтолж эхэлсний дараахан оргил түвшинд хүрээд байсан үетэй харьцуулахад бараг 25% буурсан байна. Нээлттэй арилжааны мэдээллээс харахад тус экспортолсон үр тарианы талаас илүү нь, үүн дотор улаан буудайн гуравны хоёр нь хөгжиж буй улс орнууд руу хүргэгджээ.
Үүнээс гадна, ХТҮТС нь Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (ДХХ) үр тариагаар тасрахгүй байх нөхцөлийг хангасан юм. 2023 онд Украин улс Афганистан, Жибути, Этиоп, Кени, Сомали, Судан, Йемен зэрэг хүнсний нэн хомсдолтой улс орнуудад хүмүүнлэгийн үйл ажиллагааны дэмжлэг болгон илгээдэг улаан буудайн 80%-ийг нийлүүлсэн байна. Хар Тэнгисийн экспортын зам байгаагүй бол ДХХ үр тариаг илүү өндөр үнээр өөр газраас авах шаардлагатай тулгарах ба үүний тулд дэлхий дахинд урьд өмнө тохиолдож байгаагүй хүнсний хямрал нүүрлээд байгаа энэ үед үр тариаг бэлтгэхэд илүү их хугацаа зарцуулах шаардлага үүсэх байв.
НҮБ-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын зүгээс асуудлуудыг шийдвэрлэх санал гаргасан хэдий ч Орос улс дээрх шийдвэрийг гаргасан юм. Орос улс бусдад шүүмжлүүлэхээс зайлсхийхийн тулд өөрийнх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч, бидэнд байгаа арилжааны мэдээллээс харахад Оросын экспорт харин ч улам бүр нэмэгдсэн харагдаж байна. Орос улс ХТҮТС байгуулагдахтай нэгэн зэрэг НҮБ-тэй бордооны экспортын талаар Харилцан Ойлголцлын Санамж Бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн хүрээнд тус улс томоохон ашиг олсон билээ. НҮБ-ийн зүгээс банк, даатгалын салбарт хувийн хэвшлийг оруулж ирэх, зохицуулалтын орчныг тодорхой болгох чиглэлээр уйгагүй ажилласан юм. Эдгээр алхмуудыг хэрэгжүүлэхэд Европын Холбоо болон түүний түнш улсууд нягт хамтран ажилласан билээ.
Орос улсад Европын Холбооны хориг арга хэмжээ дэлхийн хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн гэх хуурамч мэдээлэл өргөн тархсан хэдий ч бодит байдал дээр Европын Холбоо ийм нөхцөл байдалд хүргэхгүй байх нөхцөлийг хангасан юм. Орос улсаас гуравдагч улс орнууд руу гарах хүнс болон бордооны экспорт дээр хориг тавигдаагүй бөгөөд гуравдагч орнууд руу эдгээр бараа бүтээгдэхүүнийг гаргах боломжтой гэдгийг мэдээлж, эдийн засгийн оператор аж ахуйн нэгжүүдэд өргөн хүрээтэй заавар зөвлөмж өгсөн. Мөн, холбогдох төлбөрүүд хийгдэх нөхцөлийг хангах үүднээс бид НҮБ-тэй хамтран ажилласан билээ.
Эдгээр баримтууд ил тод, нээлттэй баримт байгаа хэдий ч Орос улс ХТҮТС-аас гарахаар шийдвэрлэж, хүнсийг зэвсэг болгон ашиглаж дэлхийн хүнсний хангамжид аюул учруулж байна. Энэхүү санаачилгаас гарснаасаа хойш хэдхэн цагийн дараа Орос улс Украины үр тарианы агуулах байгууламжууд, Хар Тэнгис төдийгүй Дунай мөрөн дэх боомтын дэд бүтцийг дайралтын бай болгож, устгаж эхэлсэн юм. Үүний улмаас, улаан буудай болон эрдэнэ шишийн бөөний үнэ Орос улсын түрэмгийлэл эхэлснээс хойш хамгийн их өсөлтийг үзүүллээ. Орос улс дэлхийн хүнсний хангамжид зориуд шахалт үзүүлж, дэлхий дахины амьдрах өртгийн хямралыг улам өдөөж байгаа нь хүнсний импортоос хамааралтай улс орнууд дахь хүнсний аюулгүй байдал нь алдагдсан хүмүүст хамгийн хүндээр тусаж буй энэ нөхцөлд хүнсний үнийн тогтворгүй байдал цаашид хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд эрс шүүмжлэх учиртай юм.
Дэлхий дахинд хүнсний хангамж тасалдаж, үнэ нэмэгдсэн энэ үед Орос улс хүнсний хангамж нь хамгийн эмзэг улс орнууд, ялангуяа Африкийн улс орнуудад хандаж тодорхой хэмжээнд үр тариа тээвэрлэх хоёр талын саналууд тавьж байгаа нь өөрийн үүсгэсэн асуудлыг шийдвэрлэж буй дүр үзүүлсэн хэрэг болно. Энэ бол хүнсийг зориуд зэвсэг болгон ашиглаж буй увайгүй бодлого юм.
Орос улсын эдгээр хариуцлагагүй алхмуудын хариу болгож Европын Холбоо үндсэн гурван чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, бид НҮБ болон Турк улсын зүгээс Хар Тэнгисийн Үр Тарианы Санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр уйгагүй хүчин чармайлт гарган ажиллахыг тууштай дэмжих болно. Хоёрдугаарт, бид Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг Европын Холбоогоор дамжуулан дэлхийн зах зээлд хүргэх өөр зам болох өөрсдийн “Эв Нэгдлийн Зам”-ыг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Энэ замыг ашиглан өнөөдрийг хүртэлх хугацаанд Украины 41 сая тонн гаруй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолсон бөгөөд Орос улс ХТҮТС-с гарсны улмаас үүсэх үр дагаврыг арилгах үүднээс бид энэ хэмжээг аль болох боломжит хэмжээгээр нэмэгдүүлж байна. Гуравдугаарт, бид санхүүгийн тусламж хамгийн их хэрэгтэй байгаа улс орнууд, ард иргэдэд үзүүлэх өөрсдийн тусламжийг нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2024 оныг хүртэлх хугацаанд 18 тэрбум еврог зарцуулахаар шийдвэрлэсэн болно.
Бид олон улсын хамтын нийгэмлэг болон бүх улс орнуудыг дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө тусламж, дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалж байна. Бид бүх түншүүдээ Африкийн Холбооны нэгэн адилаар Орос улсыг хэлэлцээрийн ширээнд эргэж суухыг, мөн Украины хөдөө аж ахуйн дэд бүтэц рүү халдахаа зогсоохыг ятгахыг хүсэж байна. Бид дуу хоолойгоо нэгтгэж, байр сууриа тодорхой илэрхийлж чадвал Орос улсыг ХТҮТС-д буцаж нэгдэхэд хүргэх боломжтой. Дэлхий дахины хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах нь дэлхий нийтийн хамтын хүсэл сонирхол билээ. Хүнсний аюулгүй байдал хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө бид үүнийг хийх учиртай юм.