Доржийн ОЮУНЧИМЭГ

 

 

ГУРАВДАГЧ ХӨРШ БА ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ

 

Монгол Улс газрын ховор элемент олборлох тал дээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтонд хийж буй айлчлалынхаа үеэр “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Манай улс нь газрын ховор элементүүд, зэсийн томоохон орд газруудтай. Эдгээр металл нь батлан хамгаалахын тоног төхөөрөмж зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд, мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад онцгой үүрэгтэй хэмээн дэлхий нийтээрээ “шуурч” байгаа.  “Бид газрын ховор элемент, чухал ашигт малтмал, тэр дундаа зэсийг олборлох чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар хэлэлцсэн” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадны хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрбээр, Монголын стратегийн гуравдагч чухал хөрш болох АНУ-тай газрын ховор элемент, чухал ашигт малтмалыг олборлох салбарт хамтын ажиллагааг хэдийнээс өрнүүлсээр ирсэн бөгөөд зургадугаар сард Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АНУ-ын Төрийн департамент харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар улам гүнзгийрэх бололцоо бүрдсэнийг онцолсон байна.

Дашрамд дурдахад, Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани 2027 оноос цахилгаан тээврийн хэрэгслээ үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ мэдэгджээ. “Бид АНУ-д цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх шийдвэр гаргасан” гэж “Subaru” компанийн тэргүүн Осаки Ацүши хэлсэн байна. Тус компани Америкийн зах зээлд 2028 онд 400 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалах зорилт дэвшүүлжээ. Одоогоор “Toyota”-тай хамтран бүтээсэн “Solterra” хэмээх цор ганц цахилгаан загвараа зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд 2028 оны эцэс гэхэд дахин долоон шинэ загварын цахилгаан автомашиныг танилцуулах юм байна.

Ийнхүү цахилгаан машин үйлдвэрлэл тогтвортой үйл ажиллагаа явуулах хэрээр манай улсын газрын ховор элементийн эрэлт нэмэгдэх болно. Харин үүнд бэлтгэлтэй байхын тулд эрэл хайгуул, олборлолтыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатайг салбарын инженерүүд сануулсаар байгаа.

 

АМЕРИКИЙНХ БУУРЧ МОНГОЛЫНХ ХЭВЭЭР ҮЛДЭВ

 

Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван том агентлагийн нэг болох “Fitch” АНУ-ын зээлжих зэрэглэлийг “AAA” байсныг “AA+” болгон бууруулжээ. Тус агентлагаас АНУ-ын засгийн газрын өрийн дарамт их байгаагийн сацуу тасралтгүй нэмэгдэж буйг, түүнчлэн ирэх гурван жилд тус улсын санхүүгийн нөхцөл байдал дордож магадгүй байгааг мэдэгджээ. Мөн сүүлийн 20 жилд АНУ-ын засаглалын чадвар мэдэгдэхүйц суларсныг тэмдэглэсэн байна.

Тэгвэл Монгол Улсын зээлжих зэрэглэлийн “B” үнэлгээг “Тогтвортой” хэвээр үлдээснээ “Эс энд Пи” агентлаг зарласан юм. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзжээ. Ингэхдээ түүхий эдийн экспортоос хамааралтай манай улсын эдийн засаг урд хөршийн хил нээгдсэнээр энэ жил 5.5 хувиар өснө хэмээн тус тайланд тэмдэглэсэн байна. Түүнчлэн уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар зургаа орчим хувиар өснө гэжээ.

Мөн институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж байгаа ч Монгол Улсын бодлого боловсруулалт, тогтвортой байдал цаашид аажмаар сайжирна гэсэн хүлээлттэй байгаа аж.

 

ЮАНИЙН СВОП ХЭЛЦЛИЙГ ГУРВАН ЖИЛЭЭР СУНГАВ

 

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг дахин гурван жилээр сунгасан хэмээн Монголбанкнаас мэдээллээ.Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгуулжээ. Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь гурван жил буюу 2026 он хүртэл бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж.

Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц өнгөрсөн оны наймдугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болоод байсан бол экспортын сэргэлтийн нөлөөгөөр өнгөрөгч зургадугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)