Б.БОЛОР
Төмөр замаар 15.9 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 3.16 сая тонн буюу 24.9 хувиар нэмэгдсэн талаар Зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд тэмдэглэжээ. Үүнд, дотоодын ачаа зургаан сая тонн буюу 37.8 хувь, экспортын ачаа 5.72 сая буюу 36.1 хувь, импортын ачаа 1.71 сая тонн буюу 10.8 хувь, дамжин өнгөрсөн ачаа 2.42 сая тонн буюу 15.3 хувийг тус тус эзэлж байна.
Түүнчлэн агаарын тээврээр тайлант хугацаанд дөрвөн сая тонн ачаа болон шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2. 4 сая тонноор буурсан үзүүлэлт гэжээ. Мөн авто тээврээр 29.9 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Бүр тодруулбал, импортын 47 хувийг Гашуунсухайт боомтоор, 41 хувийг Замын-Үүдээр, таван хувийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлжээ. Харин экспортын 55 хувийг Гашуунсухайт, 24 хувийг Шивээ хүрэн, есөн хувийг Ханги, таван хувийг Булган, долоон хувийг бусад боомтуудаар нэвтрүүлсэн хэмээн тус тайланд дурджээ.
Тус тайланд Монгол Улсын Авто замын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үндэсний авто замын сүлжээ нь олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замаас бүрдэнэ. Үндэсний авто замын сүлжээний нийт урт 2023 оны хагас жилийн байдлаар 111.9 мянган км байгаагийн 99.9 мянган нь ердийн хөрсөн, 12 орчим мянган нь сайжруулсан зам аж. Нийт сайжруулсан замын 10.1 мянган км буюу 84.1 хувийг хатуу хучилттай зам эзэлж буй бол 1.2 мянга нь хайрган хучилттай бөгөөд нийт сайжруулсан замын 6.17 хувийг сайжруулсан хөрсөн зам эзэлж буй.
Монгол Улсын авто замын нийт сүлжээнд олон улсын болон улсын чанартай 14,921.3 км зам, орон нутгийн чанартай 96,097 км зам, уул уурхайн буюу тусгай зориулалттай 898.4 км зам бий. Үүнээс хатуу хучилттай замын 7,485.7 км буюу 74.2 хувь нь улсын чанартай, 1,699.54 км буюу 16.8 хувь нь орон нутгийн, 898.4 км буюу 8.9 хувь нь уул уурхайн буюу тусгай зориулалттай зам юм байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар усан замын тээврийн хэрэгслийн тоо 191 болж, өмнөх оны мөн үеэс 39 буюу 26.3 хувиар өссөн байна. Үүнээс 14 нь нийслэлд, 119 нь Хөвсгөл аймагт, 32 нь Архангайд бүртгэлтэй байдаг ажээ. Мөн нийт бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгсэл 79 буюу 41.7 хувь нь үзлэгт хамрагдаагүй бол 112 тээврийн хэрэгслээс 85 буюу 44.3 хувь нь үзлэгт хамрагдаж тэнцсэн үзүүлэлттэй байгааг Зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд дурджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7137)