Б.БОЛОР

 

Монгол Улсын энэ жилийн нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан гарчээ. Тайланд 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласныг тодотгож төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 2.4 их наядаар буурсан хэмээн тэмдэглэсэн байна.

Энэ оны төсвийн орлого эхний хагас жилийн гүйцэтгэлээр 10.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд орлогын төлөвлөгөө 2.5 тэрбумаар давж биелэсэн аж. Тайлант хугацаанд татварын орлого төлөвлөснөөс 48.7 тэрбум төгрөгөөр илүү биелжээ. Харин нийгмийн даатгалын орлого болон хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад төрлийн татварын орлого 4.4-12.3 хувиар дутсан үзүүлэлт гарсан байна.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар 37 төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрхийг баталсан. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсвийн нийт зарлага 717.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдаж 90 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Төсвийн зарлагын тухайд тайлант хугацаанд есөн их наяд төгрөгт хүрч 85.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Үүнд зарцуулалт 14.2 хувиар дутуу байсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 841.9 тэрбум төгрөгөөр илүү зарлага гаргасан хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 98.2 тэрбум төгрөгөөр өссөн нь тайлант хугацаанд төлөвлөсөн дүнгээс 129.3 тэрбумыг зарцуулаагүй буюу 20.1 хувийн дутуу

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 99.9 хувийн гүйцэтгэлтэй гарч 623.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 84.2 сая төгрөг зарцуулагдаж 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Мөн энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн орлого 1.9 их наяд төгрөг болж төлөвлөсөн дүнгээс 2.2 хувь буюу 41.3 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн байна. Харин орон нутгийн төсвийн нийт зарлага 1.2 их наяд болж төлөвлөснөөс 47.5 хувь буюу 1.1 их наядаар дутуу зарцуулагдсан хэмээн тус тайланд дурджээ. Ингэснээр орон нутгийн төсвийн тэнцэл 690.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн төсвийн орлого 632.7 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн нийт зарлага 283.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Орон нутгийн төсвийн нийт орлогын 87 хувийг орон нутгийн төсвийн орлого, 5.7 хувийг улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, 7.3 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг эзэлж байна. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 106.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөгдөж 100 хувийн гүйцэтгэлтэй байсныг ч мөн тус тайланд тэмдэглэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 151 (7136)