Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд манай улс зээлжих зэрэглэлд анхаарах болсон. Бид түүхэндээ хамгийн өндөртөө ВB, хамгийн муу нь –B зэрэглэлтэй байсан. Манай зэрэглэлийн дор CСС, СС, С зэрэглэлүүд бий. Үүний дараа дампуурлаа зарладаг.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг тогтвортой хэвээр үлдээснээ зарласан юм. Ингэхдээ манай улсын институт ба эдийн засгийн байдлыг сул гэж үнэлжээ. Харин эдийн засгийг өсөх магадлалтай гэж үзсэн байна. Тодруулбал, БНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна. Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар зургаа орчим хувиар өснө. 2022 онд дунджаар 15.2 хувь байсан инфляц аажмаар буурч байгаа хэдий ч өндөр байна. Түүнчлэн, зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглээг хязгаарлах хүчин зүйл боллоо. Монгол Улсын эдийн засаг БНХАУ-руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учир гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байна. Институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж байгаа хэдий ч Монгол Улсын бодлого боловсруулалт, тогтвортой байдал цаашид аажмаар сайжирна гэж хүлээж байна гэж “Эс энд Пи” агентлаг мэдээлжээ.
Тэгвэл энэ талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир “Өнгөрсөн онд зэрэглэлээ унагаахгүй байхыг эрмэлзэж байсан бол одоо өсгөх тал дээр анхаарах болсон. Зээлжих зэрэглэл нь тоон болон чанарын олон үзүүлэлтээр зэрэглэл өсдөг. Тодруулбал, өрийн дарамт, төсвийн алдагдал, гадны хөрөнгө оруулагчидтай учраа олж чадаж байгаа эсэх, улс төрийн байдал, зээлээ төлөх чадвар гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Бидний хувьд дунд хугацаанд зээлжих зэрэглэлээ ахиулах боломжийг эрэлхийлж байна. Улмаар 2030 он гэхэд ВB, ВВB зэрэглэлд очно гэж тооцоолсон. Засгийн газар гадаад өрөө бууруулж зээлжих зэрэглэлээ сайжруулснаар гаднаас орж ирэх мөнгөн хөрөнгө сайжирдаг. Энэ утгаараа манай хувийн хэвшилд мөн таатай орчин бүрддэг гэсэн үг” гэсэн юм.
Мөн 2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь 2020 оны түвшнээс 14 орчим нэгж хувиар буурч, 63.6 хувьд хүрсэн байна. Тус үзүүлэлт 2023 онд 57.8 хувь болсон. Ирэх жил гэхэд 55 хувиас бага болно гэж таамаглажээ. Ингэснээр Засгийн газар 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна хэмээн дурдсан байна. Экспортын өсөлтөөс хол давсан импортын өсөлт худалдааны ашиг буурч, урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13.5 хувьд хүрэхэд нөлөөлөв. Гэсэн хэдий ч гадаад өрийн түвшин буурахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2025 он гэхэд ДНБ-ий 7.7 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна. Мөн Оюу толгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хурдсаж байгаа энэ үед ирэх жилүүдийн экспортын өсөлт нь Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрахад нөлөөлнө хэмээн дурдсан байна.
Манай улсын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг татах олон ажлыг хийж байгаа. Тэгвэл энэ удаа зээлжих зэрэглэл хэвээр үлдэж байгаа нь гадны хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Учир нь гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхдээ зээлжих зэрэглэлийг анхаарч үздэг билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)